sonin.mn
Монгол үндэстний уламжлалт баяр бол Цагаан сар. Монголчууд шинийн нэгэнд нар мандахтай уралдан босч, шинэ дээл хувцсаа өмсөн, цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн хотол олноороо өргөн дэлгэр шинэлдэг уламжлалтай. Энэхүү төрт ёсны баяр болох гэж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн Хулд сумын Цагдаагийн хэсгээс нэгэн уриалга гаргажээ. Гахай жилийнхээ Цагаан сарын баярын өдрүүдэд архи согтууруулах ундаагаар хүндэтгэл нэрийн дор нэгнийгээ дайлахгүй байхыг уриалсан байна. Уриалгад “Аав, ээж, эмээ, өвөө, хүү, хүргэн, охин, бэрээ архи ууж согтуурахыг бидний хэн нь ч хүсдэггүй. Олон хүний хүсдэггүй, муу муухай зүйлд хүргэдэг нохой тоохгүй хар усыг элдэв сайхан үгээр гоёж, аархаж, нэрэлхэж бусдыг дайлж согтоон санаандгүй нүгэл үйлдэхгүй байхыг Хулдчууддаа уриалж байна" гэжээ. Мөн Цагаан сараар сайн санаж орж ирсэн ахан дүүстээ архи бариагүйдээ та ичих биш бахархах болно гэдгийг уриалгадаа дурдсан байна. Үүнд, олон нийт ам сайтай байхын зэрэгцээ уламжлалт баяраа ухаалаг тэмдэглэхийг сошиалаар бусдадаа аль хэдийнэ уриалж эхэлсэн нь олзуурхууштай.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин