sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага шөнө оройн цагаар ганцаараа явж буй эмэгтэйчүүд, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг боож, эд зүйлийг нь дээрэмддэг зургаан этгээдийг баривчлав. 
Тодруулбал, Нийслэлд өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн дээрх хэргийг үйлддэг 18-19 насны зургаан залуусыг цагдаагийн байгууллага илрүүлэн, өнгөрсөн шөнийн 01 цагт дайчлан баривчилжээ. 
Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд нь Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй аж. Мөрдөн шалгахад урьдчилсан байдлаар 21 удаа дээрх хэргийг үйлдсэн болохоо мэдүүлжээ.  
Дээрэмдэх гэмт хэрэг хохирлын хэмжээ шаарддаггүй бөгөөд нийгэм, хүний амь биед аюул учруулдаг. Иймд иргэдэд шөнө оройн цагаар ганцаараа явахгүй, гэрэлтүүлэг, камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг