НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул ярилцлаа. 
 
-Гэмт хэргийн гаралтын эсрэг цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй шинэлэг ажил юу байна? 
 
-Цагдаагийн байгууллага инновацийг нэвтрүүлсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь гудамж,талбай,орц гарц, аж ахуйн нэгжүүдийг камержуулах, дохиоллын системтэй болгох ажил юм. 2017 онд ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл,Нийслэлийн ИТХ-тай хамтран 60 сая төгрөгийн дүрмийн сантай “Камержуулалт-1” гэсэн арга хэмжээг 2017 оны долдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Үүний үр дүнд 2580 камерыг суурилуулсан. Энэ ажлыг үр дүнтэй юм байна гэж үзээд өнгөрсөн онд мөн 60 сая төгрөгийн санхүүжүүлэлттэй камержуулалтыг хийж мөн 2500 гаруй камерыг суурилуулаад байна. 
 
-Камер суурилуулах газруудаа хэрхэн сонгодог юм бэ, захын гэр хорооллуудад хүрч чадаж байгаа юу? 
 
-Нийслэлийн есөн дүүргийн 17 цагдаагийн хэлтсийг манайх хариуцдаг. Үүсээд байгаа эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг судлан тогтоож буюу энгийнээр хэлвэл хаана их хэрэг зөрчил гарч байна тэнд камеруудыг тавьж байна. Жишээлбэл сараар нь аваад үзэхэд хамгийн их буюу 1060 хулгай гарсан Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэр буюу “Нарантуул” захын орчим эргэн тойрныг камержуулах арга хэмжээг нэн түрүүнд хийсэн. Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс буюу Таван шараас урагш “Алтай” хотхоны чиглэлд 317 гэмт хэрэг гарч байсан бол 846 болсон байгаа юм. Эдгээр газруудад юуны өмнө анхаарал хандуулан ажилладаг. Мөн бид “хяналтын камер” гэсэн самбар, пайзыг хүмүүст харагдахуйц байршилд тавьж байгаа. Сүхбаатар дүүргийн 100 айлаас хойших Дарь-эх Сэлбийн орчмуудаар хулгайн гэмт хэрэг олноор гардаг цэгүүдийг камержуулсан. 
 
-Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор зочид буудлуудыг камержуулах тухай яригдаж  байсан. Энэ ажил ямар түвшинд байна вэ? 
 
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгж иргэн 50 метрээс доторх оршин суугаа, үйл ажиллагаа эрхэлж буй газартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Зочид буудал гэдэг нэг талаасаа хувийн хүний хөрөнгө боловч нөгөө талаасаа энэ үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс Цагдаагийн байгууллага зочид буудлуудад шаардлага хүргүүлдэг. Зарим зочид буудал ор нэр төдий бүдэг, бүрзгэр камер тавих асуудал гардаг. Тиймээс стандартын шаардлагад нийцсэн камертай байх талаар ч анхаарч ажилладаг. Тодорхой тоо баримтуудыг манай хариуцдаг хэлтэст бүртгэдэг. 
 
 
-Дээр өгүүлсэн гэмт хэрэг өссөн шалтгааныг танай байгууллага юу гэж дүгнэж байгаа вэ? 
 
-2017 оны долдугаар сарын  1-нээс эрхзүйн шинэчлэлээр гэмт хэрэг биш байсан зүйлийг гэмт хэрэгт тооцдог болсон. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаарддаг байсан. Жишээлбэл, та утсаа хулгайд алдчихлаа гэвэл таны утас 192500 төгрөгийн үнэ хүрээгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр  захиргааны зөрчил гэж үздэг байсан. Энэ заалтын улмаас хулгайн гэмт хэрэг үйлдэгч хохирлын хэмжээ бага олон удаа хулгай хийдэг тохиолдлууд байсан. Харин энэ зүйл заалтыг өөрчлөөд одоо халдлага үйлдсэн л бол эрүүгийн хэрэг үүсдэг болсон. Хуучин бол хулгайлахаар нэвтэрч халдлага үйлдсэн ч юм аваагүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн хуулиар шийдэгддэг  байсан гэсэн үг. Харин одоо бүх хэргийг бүртгэдэг болсон учраас нэг талаас тоо нь өссөн юм шиг харагдаж байна. Нөгөө талаас халдлагад өртөхгүй байх нь өөрөө хуулийн хамгаалалтад орж хэрэг болгоноор нь  шалгаж мухарлах боломжтой болсон. 
 
-Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзэхэд хамгийн их өссөн, хамгийн их буурсан гэмт хэрэг болоод түүний шалтгаан нь юу байна? 
 
-Их сонирхолтой асуулт байна. Хүчирхийллийн гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан байна. Манай улс 2004 онд анх удаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуультай болсон, 2016 онд энэ хууль шинэчлэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл маш онцлогтой нь хаалттай хаалганы цаана нууц хүрээнд явагддаг. Тиймээс гэр бүлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, таван хувь нь хүүхэд, таван хувь нь эрэгтэй хүн байдаг. Захиргааны хуулиар шийдэгддэг байсан энэ хэргийг Зөрчлийн хуульд оруулж  625 асуудлыг шийдэх нөхцөл бүрдсэн. Зөрчлийн хуулиар гэр бүлийн хүчирхийлж байхад харсан, мэдсэн хэрнээ мэдэгдээгүй бол 200 мянган төгрөгөөр торгохоор заасан. Энэ заалт  хүчирхийллийг бууруулахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно. Учир нь хүн бусад хүмүүсээс айдаг, ичдэг болж байна. 
Улсын хэмжээнд үйлдэгддэг нийт хэргийн 72 хувь нь нийслэлд гардаг. Үүний 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг байдаг. Бидний анхаарлыг татаад буурахгүй байгаа гэмт хэрэг бол хулгай. Мөн нөгөө талаараа иргэдийн гомдол мэдээлэл бүр бүртгэгддэг болсон учраас тоо нь өсөхөд  нөлөөлсөн тал бий. Нийслэлийн дүүргүүдийн цагдаад  хоногт  1500-1700 дуудлага ирдэг. Баярын өдрүүдээр 2000 гарах ч удаа бий. 
Харин согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг буурч байгаа. Гэхдээ энэ нь архидан согтууралт буурсан гэсэн үг биш. 2005 онд НИТХ-ын тогтоолоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг байсныг 04.00 цаг болгосон. Өмнө нь даамжрахаас нь өмнө хянаж болдог байлаа. Энгийнээр бодоход шөнийн 22.00 цагт архи ууж эхэлсэн хүнийг 00.00 цагт гэрт нь хариулахад асуудал бага л гарна. 
Харин 030.00-04.00 цагт бааранд сууж байгаа хүнийг гар гэвэл “энэ архийг би  23.00 цагт авсан юм аа” л гэнэ. Улаанбаатар шөнө найрын хот шиг л болсон. Энэ нь цагдаа, эмнэлэг, гэмтэл, эрүүлжүүлэх  маш олон байгууллагын үйл ажиллагаанд ачаалал болж ирдэг. Энэ асуудлыг эргэж харах ёстой гэж энэ далимд хэлмээр байна. Архи, согтууруулах ундаа зардаг газрууд хүний мөнгийг аваад үйлчилдэг,  тэндээс согтуу хүн гарахад бидний ажил болж хувирдаг. 
 
-Цагаан сараар танай алба ямар бие бүрэлдэхүүнээр, хэрхэн ажиллах гэж байна вэ? 
 
-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу 2018 оны нэгдүгээр сарын  7-ны өдрөөс эхлээд “Сар шинэ” гэсэн арга хэмжээг эхлүүлсэн. Энэ арга хэмжээ 30 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Энэ ажил Сар шинийн үеэр иргэдийн  амар тайван байдлыг хангах, ялангуяа нийслэл хотод зонхилон тохиолддог хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Юуны өмнө бид эргүүлийн нягтралыг сайжруулах ажлыг хийж байна. Цагдаа, дотоодын цэрэг, ХСИС-ийн сонсогчдыг эргүүлд гаргаж байна. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 08.00-17.00  цагийн хооронд авто эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ арга хэмжээ энэ сарын 7-ны өдрөөс эхэлсэн бөгөөд овор хэмжээтэй эд зүйлс авч яваа болон сэжигтэй автомашиныг шалгаж байна. Манайхны “алаг тэрэг” гэж нэрлэдэг 76 авто машиныг бэлдэж эргүүлд гаргаж байгаа юм. 
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын холбооны хэлтэстэй хамтраад эргэн тойрон 360 градус хардаг явуулын камерыг ажиллуулж байна. “Нарантуул”, 13-р хороолол, Барс-1,2 зэрэг газруудад болон алслагдсан захын гэр хорооллуудын өндөрлөг дээр байрлуулж байна. Авто эргүүлүүд мөн чанга яригчаар хэв журмыг сахиулж, гудамж талбайд шаардлага тавин ажиллана. 
Эцэст нь хэлэхэд орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд хөршийн харилцаа холбоогоо сайжруулах, харилцан туслалцаж амьдрах, хөршийн хаалгатай болох хэрэгтэй. Сар шинийн баяраар амрахдаа цахилгаан хэрэгслээ залгаатай орхих, ус алдах, гал аюул, осол гэмтлээс сэргийлэхийг сэрэмжлүүлье. 
Мөн Сар шинийн  баяраар гэр, орон байраа орхиж явахдаа утсаар эсвэл сошиалд өөрсдийн мэдээллээ санамсаргүй байдлаар битгий тавиач гэдгийг онцгойлон анхааруулъя. “Нагацтайгаа золгохоор гэр бүлээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ үлдээдэг асуудлууд их гарч байна. Гудамж талбайд овор ихтэй эд зүйлс авч яваа болон сэжигтэй санагдсан зүйлсийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдээ сануулмаар байна.
 
 
А.МӨНХЖИН
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин