sonin.mn

Саяхан Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс 30 км газарт үйл ажиллагаа явуулдаг “Бидний зорилго” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай компанийн хотхоны гэрт тэсрэх бодис дэлбэрснээс нэг хүн амиа алдаж, долоон хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай хэвлэл мэдээлпийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн. Уул уурхайн салбар, барилгын салбарыг эрсдэл өндөртэй салбар гэдэг. Эрсдэл өндөртэй хэмээн тодорхойлж байгаа нь ослын улмаас хүн амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж байх нь хэвийн үзэгдэл, байдаг л зүйл мэтээр хандахад хүргэж байх шиг.

Технологийн горим, аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг зөрчиж осол гаргасан бол ажилдаа хичнээн зүтгэлтэй ч тэр хүний хохь болдог эрх зүйг өөрчлөх боломж бий юу гэдэг асуултад Та бүхэн санал бодлоо ирүүлж манай энэхүү хэлэлцүүлэгт оролцоно уу!
khudulmursonin@yahoo.com цахим хаягаар болон 98559133 утсаар харилцана уу!

Олон мянган гишүүнтэй ажлын туршлагатай хөдөлмөрчин хүний тэр дундаа уурхайчдын эрх ашгийг хамгаалах зорилго, үүрэг бүхий Эрчим хүч геологи уул уурхайн ажилтны ҮЭ- ийн холбооны дарга С.Ганболдоос уг ослын талаар тодруулахад “Манай холбооны гишүүн байгууллага биш учраас бидэнд мэдээлэл байхгүй байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй, бүртгэлгүй 300 гаруй уул уурхайн том, жижиг компани байдгаас салбарын ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй нь цөөхөн. Хөдөлмөрийн харилцаанд гарсан зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын газар, УУАА/ уул уурхайн аврах алба/-наас мэдээлэл ирвэл бид зөвлөгөө өгөх, эмчилгээний зардал, нөхөн олговор олгох зэрэг хуулиар тухайн хүнд эдлэх ямар эрх байна түүнийг нь хангахад тусалдаг. Манай гишүүн байгууллага мөн байсан бол ядаж утсаар мэдээлэл өгнө л дөө” хэмээв.

 


Харин энэ талаар хөдөлмөрийн харилцаанд төрийн хяналтыг тавьдаг Мэргэжлийн хяналтын газрыг зорилоо. Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой үйл ажиллагаанд геологи уул уурхайн улсын байцаагч С.Болд хяналт, шалгалт хийдэг аж. Түүнээс уг ослын талаар тодруулахад “Бидний зорилго” компани 2006 оноос Хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Тэдний тэсэлгээний ажлыг нь “Пинк оптим” ХХК гэрээгээр гүйцэтгэдэг. Орон нутгийн байцаагч нар тодорхой хугацааны давтамжтай хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгадаг. Энэ хоёр компанийн хувьд шалгалт явсны дараахан хотхоноо байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Манай улсад хуулийн дагуу тэсэрч дэлбэлэх бодис импортлох, тэсэрч дэлбэлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий 130 гаруй аж ахуй нэгж байдаг. Тэсэлгээний ажилд эмульсийн тэсрэх бодис, цахилгаан бялтан тэслүүр гэсэн хоёр бодисыг хэрэглэдэг.

 

Хайгуулын болон уул уурхайн чиглэлээр тэсэлгээний ажил жилийн дөрвөн улиралд хийдэг. Тэсэрч дэлбэлэх бодисыг тусгай агуулахад хадгалах ёстой, уг агуулах нь тухайн компанид байдаг. Гэтэл тэсэлгээчин тэсэрч дэлбэлэх бодистой харьцах горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, амьдардаг гэртээ оруулж маргааш нь хийх дэлбэлэх ажилд бэлтгэх явцад нь дээрх осол гарсан байгаа юм.

 

Уг нь тэсэлгээчин нь дөрвөн жил ажилласан туршлагатай хүн. Бид дээрх хоёр компанийн үйл ажиллагааг зогсоосон. Пинк оптим ХХК-ийн үйл ажиллагааг бүр хаасан” гэдгийг хэллээ. Тэрбээр урьд нь тэсрэх дэлбэлэх бодисын хадгалалттай холбоотой зөрчлүүд гардаг байсан ч үүн шиг томоохон дэлбэрэлт сүүлийн арван жилд гарч байгаагүй гэсэн.


Энэ осолд хэн буруутай вэ?
Хохирогч л буруутай юу?

Т.Эрдэнэ
Эх сурвалж: “Хөдөлмөр сонин”