sonin.mn
АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв.  
 
“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.
 
Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
 
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтан дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурорт, шүүхэд хадгалагддаг.
 
АТГ нь мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах явдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн талаар сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүн нь тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагааг үнэлдэггүй. Энэ талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас тодруулах нь зүйтэй юм.  
Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа АТГ мэдэгдлээ.