sonin.mn
Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. 
 
Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар, хурд 3-4 дахин нэмэгдэж, нийтийн тээвэрт тусгай зам гаргаж өгснөөр түгжрэхгүй, хурдан шуурхай иргэдэд үйлчилнэ. Автозамын 2-4 дүгээр эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулах юм бол уг тусгай зам буюу BRT –аар цагт 8000-25000 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж нийслэлчүүд бид авто замын түгжрэлд БАЯРТАЙ гэж хэлэх болно гэх ГАНГАН СУРТАЛЧИЛГАА нэг хэсэг хөвөрсөн санагдана.  
Тусгай замын автобус гэдэг энэ нэр томъёо монголчуудад төдийлөн танил биш. Олон улсын нэршил нь  Bus rapid transport буюу BRT. Энэ нь ердийн автобусны системд суурилан нэвтрэх чадавхи, хурд, найдвартай байдал зэргийг нь харьцангуй сайжрууллсан нийтийн тээврийн шинэлэг хэлбэр гэж ойлгож болно. 
Тусгай замын автобусын / BRT/ сүлжээг гурван хэсэгт хувааж эхний хэсгийг 2018 онд, дараагийн хэсгийг 2019 он, гурав дахийг нь 2020 онд ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл өнөөдөр энэ ажил удааширч, удирдлагын багтай холбоотой ноцтой мэдээллүүд гарч эхлэв. 
Өнгөрсөн долоо хоногийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын үеэр Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл : “
 
BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авч байна. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаадын улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм.  
 
Эдгээр асуудлыг нь шийдэхээс нааш томилгоо хийж болохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана” гэсэн юм.
 
Тэрээр цааш нь хэлэхдээ “Төслийн эхний хэсгийн ажлын үр дүн хэдийнэ гарч 2019 оны ажлын үр дүнгээ тайлагнах ёстой байтал 1 хуудас тайлан ч байхгүй, 90 гаруй сая төгрөгөөр зугаалсан, асар их мөнгөн дүнтэй шамшигдуулалт энэ төсөл дээр явж буй” гэв. 
Хийж бүтээх чин хүслээр ажилд ханддаггүй, халаас түнтийлгэх зорилгоор ажиллаж ирсэн сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Уг нь бол бидэнд дэлхийн олон оронд нэвтрүүлж, ашиглаж байгаа тусгай замын автобусыг нийтийн тээвэртээ нэвтрүүлсэнээр  зорчих хугацаа 20-40 хувь буурхаас гадна байршил тодорхойлох бүртгэл, хяналтын GPS систем бүрэн нэвтэрч, иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ энэ салбарт зарцуулж байгаа үргүй зардлууд хэд дахин буурна  гэх дэвшил харагдаж байв. 
Түүнчлэн  хотын босоо тэнхлэгт нийт 42,5 км заамыг барьж байгуулах, 57 км замыг засварлах, 10 уулзварт өргөтгөлийн ажлууд хийгдэхээс гадна нийслэлчүүд 146 тусгай замын автобустай болж, нийтийн тээврийн хөлдүү,бохир автобусуудаа халах байлаа. 
Харамсалтай нь халаасаа захирч чаддаггүй нөхдүүдийн увайгүй үйлдлүүдээс үүдэн энэ ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж дуусах нь талаар болох бололтой. 
Ямартай ч хотын хөрөнгөөр зугаалж, иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудын хөрөнгөөс завшдаг, чадваргүй, сэтгэлгүй ажилчдыг том төсөл дээр тохоон томилдог асуудлуудад цэг тавих ёстой гэдгийг Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл хатуу анхаарууллаа. 
 
 
 
С.Сарнай