sonin.mn
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудлыг дахин сөхөж эхэллээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ болон Автотээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран ирэх долоодугаар сарын 1-нээс автомашины улсын дугаарыг латин үсгээр солихоор төлөвлөсөн талаарх мэдээлэл гарах болов. Иймд бид үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс энэ талаар албаныхнаас тодрууллаа. АТҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоход “Автомашины улсын дугаар солих талаар манай дээр ямар ч мэдээлэл байхгүй. Манай төв дээр солих эсэх асуудлыг яриагүй. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл худал мэдээлэл түгээж байна. Энэ талаар ЗТХЯ-наас тодруулаарай” гэсэн юм. Тиймээс бид ЗТХЯ-тай холбогдсон боловч мөн адил хариулт авч чадаагүй юм. Энэ талаар АТҮТ-өөс тодруулаарай гээд мэдээлэл өгөхөөс татгалзав. Холбогдох газрууд нь асуудлыг ийн бие бие рүүгээ түлхэж, мэдээлэл өгөхөөс татгалзаж буйн шалтгаан нь юу вэ.
 
Өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө тус газрууд олон нийтэд байр сууриа илэрхийлжээ. ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар “Автомашины дугаарыг долоодугаар сарын 1-нээс солино гэдэг ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Гэхдээ энэ асуудлаар ЗТХЯ-ны сайдтай маргааш ярилцаж тодорхой нэг шийдэлд хүрнэ. Энэ үеэр энэхүү ажлыг хэзээ хэрхэн эхлэх вэ гэдэг нэгдсэн мэдээлэл гарч тодорхой болох байх. Хэрэв дугаар солих нь тодорхой болбол иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр, мөнгө төгрөг авахгүйгээр зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, иргэдийн халааснаас нэг ч төгрөг авахгүй” гэсэн мэдээллийг энэ сарын 22-нд хэвлэлд өгчээ. Тэгвэл АТҮТ “Автомашины улсын дугаар солих асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж байгаа. Ойрын хугацаанд солино гэсэн мэдээлэл байхгүй. ЗТХЯ-наас ямар нэгэн чиглэл гаргаагүй” гэж байр сууриа илэрхийлжээ.
Холбогдох хоёр байгууллага нь ийн байр сууриа илэрхийлснээс хойш гурав, дөрөв хонож байхад асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Үүгээр ч зогсохгүй асуудлыг бие бие рүүгээ түлхэж, мэдээлэл өгөхөөс цааргалж байгаа нь олон нийтэд ихээхэн хардлага төрүүлээд байгаа юм.
 
"ХЭН НЭГНИЙ БИЗНЕС БАЙЖ МАГАДГҮЙ"
 
Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл тоолсноос 537671 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Эдгээр тээврийн хэрэгсэл автомашины дугаараа шинээр хийлгэх, лацдуулах, гэрчилгээ солиулна гэхээр үүнд нэлээдгүй мөнгө зарцуулж таарах нь.
 
Өөрөөр хэлбэл, нэг автомашины дугаарыг солиход нэг хүнээс 60 мянган төгрөг гэхээр сая гаруй автомашинаас нийтдээ 60 тэрбум төгрөг босч байгаа нь хэн нэгний бизнес болов уу гэж хардахад хүргэж байгаа юм.
 
Албаныхан иргэд автомашинтайгаа хил гаалиар гарахад зарим үсгийг нь таньдаггүй учир хүндрэл үүсдэг учраас олон улсын стандартад нийцүүлэн солих шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгвэл жолооч нар үүнийг зайлшгүй шаардлага гэж үзэхгүй байна. Жишээлбэл, ОХУ-ын хилээр хүн бүр автомашинтайгаа гараад байдаггүй, шаардлагатай зарим нэг нь зохицуулаад явж болоод байхад асуудлыг нэн шаардлагатай ажил мэтээр ярьж, хэн нэгний халаасийг дүүргэх гэсэн бизнес гэж шүүмжилж, эсэргүүцэж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна. Ийм хардлага, олон нийтийн эсэргүүцлээс үүдэн уг асуудал өмнө нь ч намжиж байсан удаатай. Тодруулбал, автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх тухай асуудлыг 2008 онд анх ярьж, түүнээс хойш үе үе сөхдөг болсон. Тэр бүрт олон нийт мөнгө угаах нэг хэлбэр хэмээн эсэргүүцэж, аажмаар дарагддаг байлаа. Энэ асуудлыг сөхсөн тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Автомашины дугаарыг солихыг манай яам дэмжихгүй. Бизнес л яваад байх шиг байна. Монголчуудаас цөөхөн хүн л автомашинтайгаа хоёр хөрш рүү гардаг. Зөвхөн үүний төлөө албадан солих тухай асуудал гаргаж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Мөн холбогдох яамнаас автомашины дугаарын өөрчлөлтөөр дугаарыг лацтай болгох, “МNG” ялгах тэмдгийг “MGL” болгож өөрчлөх, Монгол Улсын соёмбыг авах, дөрвөн тоо, гурван үсэг хэвээр байлгах гэх мэтээр хэд хэдэн өөрчлөлт оруулна. Бүх автомашиныг нийтээр нь солихгүй. Шинээр дугаар авах болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” хэмээн ярьж байсан.
 
АВТОМАШИНЫ ДУГААРЫГ ХЭРЭВ ӨӨРЧИЛБӨЛ ГУРВАН ТОО, ГУРВАН ҮСЭГТЭЙ БОЛГОНО
 
Өндөр хөгжилтэй Европын холбооны улс, АНУ, ОХУ зэрэг оронд гурван тоо гурван үсэг хэрэглэдэг байна. Манай улсын хувьд автомашины улсын дугаар дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол үүнийг гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх талаар ярьж байгаа. Монгол Улс УБЯ, УБН гэх мэт цагаан толгойн үсэг бүхий тэмдэглэгээг хэрэглэдэг боловч энэ нь хилээр гарахад хүндрэлтэй байдаг гэлцдэг. Жишээлбэл, Ж үсгийг ганцхан оросууд л мэддэг байна. Иймд ЗТХЯ-наас үүрэг чиглэл өгвөл хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг латин 11 үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөхдөө дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт оруулахгүй байх талаар албаныхан хэлж байлаа. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжүүлж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар авах болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийхээ мэдэгдээд буй. Автомашины дугаарыг ийн өөрчлөх гэж байгаагийн нэг шалтгаан нь улсын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэх, сольж зүүж буй явдал гэдэг тайлбарыг ч албаныхан өгч байгаа. Тэгвэл тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудалд жолооч нар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
 
Бусад улс орон ханз үсгээрээ дугаарлаад болоод л байна
 
Г.Ганхуяг:- Миний бодлоор автомашины дугаарыг өөрчлөх шаардлагагүй. Үүнд их хэмжээний мөнгө шаардлагатай болно. Иргэдээс мөнгө авахгүй гэж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр энэ ажлыг хийх нь мэдээж шүү дээ. Үүний оронд хил гарч байгаа автомашинд тавьдаг дугаартай болчих хэрэгтэй. Хилээр гарахдаа солиулдаг, орж ирээд хуучин дугаараа зүүдэг болчихвол хэн хэндээ амар. Энэ нь олон улсын стандартдаа ч нийцэх биз. Япон, Солонгос, Хятад зэрэг улс орон өөр өөрийн ханз, үсгээрээ автомашина дугаарлаад болоод байхад манайх яахаараа заавал латин үсгээр дугаарлах ёстой юм бэ. Ингээд бодохоор яалт ч үгүй хэн нэгний бизнес явна гэж хардахаас аргагүй. Автомашины дугаар солихоос илүүтэй хийж хэрэгжүүлэх чухал ажил манай улсад олон байна. Хүний эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж буй асуудлыг юуны түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Агаар, хөрсний бохирдол, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж гээд амин чухал асуудал олон байна. Автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлж солих нь тийм ч чухал ажил биш.
 
Аливаа шийдвэрийг нухацтай бодож гаргадаг байгаасай
 
Г.Ганзориг: -Автомашины дугаар солихыг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Би гэлтгүй эргэн тойрон таньдаг хүн бүгд л үүний эсрэг байр суурьтай байна билээ. Хувь хүнээс мөнгө гарахгүй ч цаад утгаараа татвар төлөгч бидний л мөнгийг зарцуулах байлгүй. Замын цагдаа, тээврийн байгууллагынхны хувийн бизнес л яваа биз. Үүнд зарцуулах мөнгөөрөө автомашины олон татварынхаа хэмжээг бууруулах хэрэгтэй шүү дээ. Одоо хэрэглэж байгаа дугаарыг олон улсын стандартад нийцүүлж гурван үсэгтэй, дөрвөн тоотой байх хэрэгтэй гээд л өмнө нь шинэчилснийг бид мартаагүй. Жилд хэчнээн хүн автомашинтайгаа хил гарч байгаа бол. Яаж ч бодсон цөөхөн байж таарна. Энэ тохиолдолд хил давах үед нь тухайн улс орны шаардлага хангасан дугаар түр олгоод, эргэж ирээд Монголынхоо дугаарыг өгдөг, гадаад дугаарыг нь хураадаг зохицуулалт байж болно шүү дзэ. Шийдвэр гаргагчид аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг байгаасай.
 
Шинэ автомашинд шинэчилсэн дугаараа олгох нь зөв
 
Б.Цэвэгсүрэн:- Автомашины дугаарыг сольж болно. Тийм ч болохгүй асуудал биш. Гэхдээ яаж, ямар зохицуулалтаар солих вэ гэдэг нь маш чухал. Одоо бүртгэлтэй, унаж байгаа тээврийн бүх хэрэгслийн дугаарыг солино гэвэл ёстой худлаа. Дийлэнх жолооч дургүйцэх нь ойлгомжтой. Харин шинээр оруулж ирж байгаа тээврийн хэрэгсэлд шинэчилсэн дугаараа олгоод явах нь зөв болов уу. Ингэснээр хүссэн хүсээгүй бараг арван жилийн дараа бүрэн шинэчилчих байх. Хойшоо, урагшаа хилээр гардаг жолооч нар сайн дураараа солиулж болох зохицуулалт хийсэн дээр болов уу. Мөн автомашины жолооны хүрдийн асуудлыг ч ийм зарчмаар алсыг харсан байдлаар шийдвэл зүгээр санагддаг. Түүнээс асуудлыг хурцатгаж, хаа хаанаа хэт их ачаалал үүсгэж, хүчээр албадан солих шаардлагагүй.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин