sonin.mn
 
Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Тус хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудалАмралтын газарРесторанБаар зэрэг 4 төрлийн үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаатамхины худалдан авалтаас нэг хувийн татвар авах юм. Нийслэл хотын албан татвар /НХАТ/-ын тухай хууль хэрэгжиж эхлсэнтэй холбогдуулан иргэд аж ахуйн нэгжүүдээс маш олон төрлийн асуулт ирүүлж байгаа бөгөөд эдгээр асуултуудын хариултыг багцлан танилцуулж байна.
Хотын албан татварын хууль хаана үйлчлэх вэ?
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлчилнэ.
 
Нийслэл хотын албан татвар суутгагч хэн бэ?
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг хэлнэ гэж заасан.
 
Нийслэл хотын албан татвар төлөгч гэж хэн бэ?

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д " Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч" гэж заасан.
 
Нийслэл хотын албан татвар суутгагчаар хаана бүртгүүлэх вэ?

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн бүртгэнэ гэж заасан.
 
Караоке ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар төлөх үү?
 
Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг баар гэж тооцно. Баарыг дотор нь үйлчилгээний онцлогоор нь ангилдаг ба караоке нь баарны нэг төрөл учир төлнө.
Би БГД-т зочид буудал ажиллуулдаг. Ресторанаа Иргэн Б-д түрээслүүлсэн. Энэ тохиолдолд нийслэл хотын албан татвараа яаж тооцоолох вэ?
 
"Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал"-ын 4.3.3-д зааснаар НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан,баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцно.
 
Кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар суутгагч болох уу ? Хуулинд кафе гэж заагаагүй байна.
 
Нийслэлийн нутаг дэвсгэрт кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч болно. Учир нь нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар согтууруулах ундаа борлуулж байгаа тул суутгагч болж байна. Иймд согтууруулах ундаа борлуулсан тухай бүр суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын хувь хэмжээг тусгаж,тооцно.
 
БГД-т ресторан ажиллуулдаг хуулийн этгээд СБД-ийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй. Энэ тохиолдолд аль дүүргийн татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлэх вэ?

Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам"-ын 3-д заасны дагуу СБД-ийн Татварын хэлтэст НХАТ суутгагчаар бүртгүүлнэ.
 
Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинаас нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа бөөнөөр борлуулж байгаа цэг ба архины үйлдвэр дээрээс бүтээгдэхүүний дүнгээс 1хувиар бодож авч болохгүй юм болов уу?
 
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна гэж заасан байгаа тул бөөнөөр борлуулж буй согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар  ногдуулахгүй.
 
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-4.1.7-д заасан үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үндсэн бус үйл ажиллагааны орлогоос НХАТ тооцох уу?
 
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Татвар төлөгчийн худалдан авсан зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестораны үйлчилгээ, баарны үйлчилгээнд НХАТ ногдуулна" гэж заасан тул аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээнд НХАТ ногдуулах бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны орлогод ногдуулахгүй.
 
Хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад нийслэл хотын албан татвар төлөх юм уу?
 
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулж байгаа тул таны худалдан авсан бараанаас зөвхөн согтууруулах ундаа, тамхинд 1 хувийн татвар ногдуулна.
 
"“Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн тамхи” гэдэгт ямар тамхи хамаарах вэ?"
Монгол Улсын MNS 5024:2013(янжуур тамхи), MNS 6422:2013(навчин тамхи), MNS 6274:2013(дүнсэн тамхи) стандартад заасан тамхийг ойлгоно.
 
Албан татвар суутгагч суутгасан татвараа хэзээ төлж, тайлагнах вэ?
Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д: Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.
 
Би супермаркет ажиллуулж, олсон ашгаасаа татвар төлдөг. Энэ хуулиар дахиад 1 хувийн татвар төлөх болж байна уу?
 
Энэ тохиолдолд та борлуулсан буюу жижиглэнгээр худалдаалж буй бүх төрлийн согтууруулах ундаа, тамхиндаа 1 хувийн татварыг худалдан авч буй этгээдээс суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээж байгаа болохоор та биш худалдан авагч татвар төлж байна гэж ойлгоно.
 
Би кафе ажиллуулдаг, гэтэл татварын байцаагч нийслэл хотын албан татвар суутгагчаар бүртгүүл гэсэн шаардлага тавиад байна.Хуулинд кафе биш рестораны үйлчилгээ гэж байсан шүү дээ.
 
Та кафе ажиллуулдаг бол согтууруулах ундааны зарим төрлөөс зарж борлуулах зөвшөөрөлтэй байдаг.Тиймээс нийслэл хотын албан татвар ногдох согтууруулах ундааны борлуулалтанд суутгагчаар бүртгээд, харин кафегаар үйлчилж байгаа үйлчилгээнд татвар суутгахгүй.
 
Манай компани НӨАТ төлөгч учир бүх бараагаа НӨАТ-ын 10 хувийг шингээсэн дүнгээр худалдаалдаг, НХАТ-ыг тооцохдоо НӨАТ-тэй дүнгээсээ 1 хувийн татвар тооцох нь зөв үү?
Хуулийн 11.3-д "... албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй" гэж заасан тул танай компани НӨАТ-гүй үнээсээ 1 хувийн татвар тооцно.
 
Амралтын газрын үйлчилгээ үзүүлдэг газар караоке,сауны үйлчилгээндээ татвар суутган авахгүй биз дээ?
 
Нийслэл хотын албан татвар суутгагчийн тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн үйлчилгээг бүхэлд нь оруулан тооцож, /нийслэл хотын албан татварыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасны дагуу /нийслэл хотын албан татвар ногдуулна.
 
Манай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, нийслэл хотын албан татвар төлөгчөөр хэзээ хэрхэн бүртгүүлэх вэ?
 
Танай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс эхлэн албан татвар суутгагчаар татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Албан татвар суутгагч нь татварын албанд бүртгүүлэх хүсэлтийг ТХ-01 маягтын дагуу цахим хэлбэрээр харьяалагдах татварын албанд гаргана. Татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба нь албан татвар суутгагчаар бүртгэнэ.
 
Манай компани зочид буудлын үйл ажиллагаа эрхлэн үсчин, гоо сайхан, рестораны үйлчилгээгээ хувь хүн болон компанид түрээсэлдэг.Татвараа хэн нь төлж, тайлагнах вэ?
 
НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс тооцох тул /НХАТ-ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан/ ресторан түрээслэгч нь суутгагчаар бүртгүүлэн тайлагнаж , харин үсчин гоо сайхан нь зөвхөн түрээсийн орлогоос нь танай зочид буудлын үйлчилгээний орлогод оруулан тооцно.
 
Паб гэсэн хаягтай газрууд баарны үйлчилгээ мөн үү. Баарны үйл ажиллагааг нэр томъёоны хувьд тайлбарлаж өгнө үү?
 
Баар гэдгийг Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг нэрлэнэ.
 
НХАТ суутгагч нь төлбөрийн баримт заавал үйлдэх үү?
 
Нийслэл хотын албан татвар ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан /НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, нийслэл хотын албан татвар төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна" гэж заасан.
 
Манай компани зочид буудлаа бүхэлд нь түрээслүүлсэн бол түрээслүүлэгч нь татвараа суутгаж төлөх үү?
 
Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг нийслэл хотын албан татварыг суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс нь тооцно.
Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах гэдгийг ялгаж тайлбарлаж өгнө үү
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.2-д: "Бөөний худалдаа" гэж хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг жижиглэн худалдаа эрхлэгч этгээдэд их хэмжээгээр худалдах үйл ажиллагааг; "Жижиглэн худалдаа" гэж хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан барааг худалдах үйл ажиллагааг ойлгоно.
 
"Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа” гэдэгт юу хамаарах вэ?
 
Монгол Улсын MNS 0179:2009 (60 хүртэл хувийн хүнсний спирт агуулсан архи), MNS 5984:2009 (ликёр болон ликёрийн төрлийн архи), MNS 5074:2011 (төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн), MNS 0181:2008 (бүх төрлийн бүрийн шар айраг), стандартад заасан согтууруулах ундааг ойлгоно.
 
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн шаардлага юу байсан бэ?
 
Манай Улсад “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг батлах эрх зүйн үндэс бий болоод 20-оод жил өнгөрч байгаа ч өнөөг хүртэл хуульчлагдан батлагдаагүй байсан.Тухайлбал: “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.6.1-т “Нийслэлийн төсвийн орлогын татварын нэр төрөлд Нийслэл хотын албан татвар орно” гэж заасан; • “Монгол Улсын Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.4.14-д “Нийслэл хотын албан татвар” гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон; • “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд “Нийслэл хот албан татвартай байна. Нийслэл хотын албан татварыг хуулиар тогтооно” хэмээн тус тус заасан байдаг нь энэхүү хууль батлагдан гарах үндэслэл болсон.
 
Нийслэл хотын албан татвартай холбоотой цогц мэдээллийг та бүхэн www.ubtax.mn  цахим хуудсаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.