sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Вьетнамын нийслэл Ханой хотод болох дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 20 минут ганцаарчлан уулзана. Энэ тухай Цагаан ордны мягмар гарагт нийтэлсэн Америкийн удирдагчийн айлчлалын хуваарьт дурджээ.
Айлчлалын хуваарийн дагуу, хоёр орны удирдагчдын “нүүр нүүрээ харан ярилцах” цаг орон нутгийн цагаар 18 цаг 40 минутад эхэлж, 19 цагт дуусах ёстой байна. Үүний зэрэгцээ, тэд “Sofitel Legend Metropole” зочид буудалд нийтдээ хоёр цаг орчим хамт байх бөгөөд Трамп уг зочид буудалд 18 цаг 15 минутад очиж, 20 цаг 35 минутад явах аж.
АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27, 28-нд Ханой хотод болно. Хоёр орны удирдагчид Вьетнамын нийслэл хотод хэдийнэ хүрэлцэн очсон билээ. БНАСАУ-ын удирдагч “Melia Hanoi” зочид буудалд, харин АНУ-ын Ерөнхийлөгч “JW Marriott” зочид буудалд байрлажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг