sonin.mn
ПЁНЬЯН. /ТАСС/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ханой хотод дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа Вьетнамд албан ёсны нөхөрсөг айлчлал хийх бодолтой байна гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
“Энэ сарын 27-28-нд тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, АНУ болон БНАСАУ-ын хоёр дахь түүхэн дэмжээний уулзалтыг хийх бол 3 дугаар сарын 1-2-нд Вьетнам улсад албан ёсны нөхөрсөг айлчлал хийнэ” гэж тус агентлаг мэдээлсэн байна.
АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.
Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг