sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаан 09 цаг 58 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус ажлын хэсгийг ахлан ажиллахаар болсон. 
 
10.000 орон сууц барих зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив
 
Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 
Төслийн хүрээнд 10.000 өрхийн орон сууцыг барих бөгөөд гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай болгох аж. Төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. Мөн Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү 0.25, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл болохыг Сангийн сайд танилцуулгынхаа төгсгөлд тэмдэглэв. 
УИХ-ын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, Ч.Хүрэлбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, төсөл нь нэн чухал бөгөөд 10.000 орон сууцыг барьж байгуулах юм байна. Гэхдээ үүний 50 хувийг нийслэлд, үлдсэн 50 хувийг 10 аймагт барьж байгуулах нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт иргэдийг суурьшихад дэмжлэг болох чухал ач холбогдолтой гэдгийг хэлж, тодрууллаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх зорилго бүхий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бусад төсөл, хөтөлбөрүүдтэй энэхүү төсөл уялдан төлөвлөгдсөн гэдгийг сангийн сайд тайлбарлав. Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000 гэх байршлуудад өмнө нь дэд бүтцийг байгуулсан бөгөөд эдгээрт тулгуурлан орон сууцны барилга, байгууламжууд барихаар үргэлжилж буй аж. Тодруулбал, Баянхошуу дэд төвийн баруун талд 5.1 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 495 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхарын барилга хэлбэрээр барьж байгуулах бол 4170 м2 нарны зай хураагуурын хавтантай, 4450 м2 цэцэрлэгт хүрээлэнтэй, 8500 м2 нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 2130 м2 үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ. Сэлбэ төвийн зүүн хэсгийн 6.4 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэх санхүүжилтийг мөн дээрх төслөөс шийдвэрлэх аж. Тус хороололд 584 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхарын барилга хэлбэрээр барьж байгуулж, 4000 м2 нарны зай хураагуурын хавтан, 3500 м2 цэцэрлэгт хүрээлэнтэй, 13.500 м2 нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 5800 м2 үйлчилгээний байгууллагууд, авто зогсоолын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ. 
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам бодлого баримтлан ажиллаж байгааг тус яамны Хуулийн хэлтсийн дарга н.Нямдорж тайлбарлав. 
 
 
УИХ-ын гишүүн Л.Болд төслийн хүрээнд баригдах орон сууцыг худалдаалах өртгийг тодруулав. Тэрбээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээлийг авах нь зүйтэй хэдий ч үр ашгийг нь иргэдэд, зорилтот үйл ажиллагаандаа өндөр үр дүнтэй байхаар зарцуулдаггүй, барилгын бизнесийг дэмжээд авилгал, газрын хөөрөгдсөн үнэ зэргийг шингээсээр хэт өндөр үнэ бүхий орон сууц болох эрсдэл бий гэдгийг шүүмжилж байв. Одоогоор зураг төсөл, төлөвлөгөө, тооцоолол зэрэг нь урьдчилсан хэлбэрээр бэлтгэгдээд байгаа бөгөөд орон сууцны худалдаалах өртөг м2 нь 1-1.2 сая төгрөг байх тооцоо байгаа талаар Нийслэлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлага болон Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулсан. Төслийн санхүүжилтээр баригдах 10.000 орон сууцны 15 хувь буюу 1500 орон сууцыг халамжийн зориулалтаар байгуулах бөгөөд суугчид урсгал зардлаа төлөөд амьдрах бол 5500 өрх орлоготой нь дүйцүүлсэн өртгөөр орон сууц худалдан авах бол 3000 орон сууцыг зах зээлийн өртгөөр худалдаалах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр тайлбарлав. 
УИХ-ын гишүүн Б.Ундармаа СХДүүргийн I, II хороо буюу Толгойт орчимд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэн бөгөөд дараа дараагийн бүтээн байгуулалтууд тус хороодод хийгдэх мэдээллийг иргэдэд өгсөн тул төсөлд уг бүсийг багтаах саналыг хэлэв. Зээл авмагц “тоолуур” гүйгээд эхэлдэг хэдий ч манай тал санхүүжилтээ шуурхай ашигладаггүй, газар чөлөөлөлт, зураг төсөл батлах, зөвшөөрөл авах, шалгаруулах гэх мэтээр шат шатны явцдаа удааширч зээлийн үр ашгийг бууруулах эрсдэл өндөр байдгийг анхааруулж байлаа. 
Дараа нь гишүүд 10.000 өрхийн орон сууцыг дээрх санхүүжилтээр барьж байгуулах “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж буйтай холбогдуулан санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийг нэн өндөр зохион байгуулалт, тооцоо, төлөвлөгөөтэйгөөр шуурхай хэрэгжүүлж ажиллахгүй бол өнөөдрийн ярьж буй энэ асуудлыг 2012 онд яриад, тухайн үедээ нийслэлийн удирдлагууд том төлөвлөгөө танилцуулж байсан гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн зураг төслийн тухайд ойролцоо цаг агаар бүхий бусад орнуудын хийж хэрэгжүүлсэн орчин үеийн шийдэл бүхий тухтай, хямд өртөгтэй, дэвшилтэт төслүүдийн загварыг судалж үзэхийг санал болгож байв. Ж.Бат-Эрдэнэ гишүүн Сангийн яамны цаг хугацаа зарцуулж, удаан хугацаанд яриа хэлэлцээр хийж байж оруулж ирж буй нэн хөнгөлөлттэй зээлүүдийг бусад яамд үр ашигтай зарцуулах чиглэлд онцгой анхаарах ёстой гэдгийг сануулж хэлсэн. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлээр хийлгэж болох ажлуудад төр оролцохгүй, дэмжлэг үзүүлэх байдлаар хамтарч ажиллахын оронд бизнесийн талбарт нь оролцогч болдог хэмээн шүүмжиллээ. Тухайлбал, энэ төслийн бүтээн байгуулалтын ажилд дэд бүтэц тэргүүтэй бэлтгэл, суурийг төр бий болгоод, барилга, байгууламжийн ажлуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлийн байгууллагууд хийж гүйцэтгэх нь ажлын байр нэмэгдүүлэх, ажлын бүтээмж өндөр байх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байсан. Нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий энэхүү зээлийг авах нь зөв, мөн одоогоор төлөвлөж буй зорилт нь нийгэмд чухал ач холбогдолтой гэдгийг Л.Болд гишүүн хэллээ. Гэхдээ хариуцагч талууд өндөр үр дүнтэй мэтээр тайлбарлан танилцуулж УИХ-аар хэлэлцүүлээд дэмжлэг авдаг хэрнээ ажил хэрэг болгох шатандаа төлөвлөгөөгүй, судалгаагүй ажиллаж ямар ч үр ашиг гардаггүй байдлаар олон жил явж ирснийг шүүмжилсэн. Тиймээс нэн таатай нөхцөл бүхий уг зээлийг барилгын салбарын бизнесийг дэмжих байдлаар зарцуулахын оронд шууд иргэдэд олгох нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэг сарын хугацаанд 50 м2 тохь тухтай, иж бүрэн дэд бүтцээ шийдсэн орон сууцыг 45 сая төгрөгөөр барьж байгуулсан загвар бий гэв. Одоогоор 1000 орчим айл энэхүү загварын амины сууцтай болох хүсэлт гаргаад байгаа ч зээлийн асуудал шийдэгдэх боломжгүй учраас гацсан байгаа хэмээн Л.Болд гишүүн танилцуулсан. Иймд энэ мэтчлэн айл өрхүүд эзэмшлийн газартаа тусгай дэд бүтэц бүхий технологийн дэвшилтэт орчин үеийн сууцыг хямд өртгөөр барьж байгуулахад нь таатай нөхцөл бүхий зээлийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлвэл эрэлт байгаа гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэхдээ, Монгол Улс ийм таатай нөхцөл бүхий зээлүүдийг өмнө нь авч байсан ч үр ашиг нь гардаггүй асуудал бий. Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцоотой байх ёстой бөгөөд асуудлыг том зургаар нь харж бодлогын түвшинд хамтран ажиллаж байхыг сануулав. Зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хэрэгжүүлэх төсөл нь нийгмийн чухал ач холбогдолтой учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжих нь лавтай. Төслөө хэрэгжүүлэхдээ дэвшилтэт технологи, хямд өртөг, хялбар шийдлийг тусгах нь зүйтэй бөгөөд хувийн хэвшлийн оролцоог зохих түвшинд хангах нь зүйтэй гэдэг саналыг Б.Баттөмөр гишүүн хэлсэн. Мөн энэхүү төсөл нь өндөр үр ашиг бүхий бодлогын загвар төсөл болж хэрэгжих ёстой бөгөөд Байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн төлөвлөлт, санхүүжилтийн явц, хэрэгжилт, үр ашгийг хянах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэв. 
Ийнхүү Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжлээ
 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байдаг байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны энгийн эх үүсвэрээс 252 сая ам.долларын, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгааг танилцуулгад дурджээ. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төслийг хэрэгжүүлэх санхүүжилт, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилт болгох аж. Мөн бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн нэмэлт санхүүжилт, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр 2, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төслийн нэмэлт санхүүжилт багтсан байна. 
 
 
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан, Т.Аюурсайхан, Я.Содбаатар нар асуулт асууж Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм.  Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилт багтсан байгааг Б.Дэлгэрсайхан гишүүн тэмдэглээд “Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах ажил өдгөө 22 жил үргэлжилж байна. Үүнийг нэн яаралтай буюу 2019 онд дуусгахгүй бол өмнөх бүтээн байгуулалтуудын ажлын ач холбогдол, үр ашиг гарахгүй байх эрсдэл үүсээд байна. Тийм холбогдох талууд санаачилгатай байхын зэрэгцээ Сангийн яам үүнд анхаарах нь зүйтэй” гэв. Т.Аюурсайхан гишүүн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулагдаж буй төсөл, хөтөлбөрийн зарцуулалт, үр ашигт Засгийн газар тухай бүр хяналт тавьж байх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэлсний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжлээ
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх байлаа. Засгийн газар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаанд төслийн талаар танилцуулав. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор тус зээлийн хөрөнгөөр нийт 6 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан болохыг сайд танилцуулгадаа дурдав. Тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацаа 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хэлэлцээрийн хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах, мөн тус хөрөнгөөр санхүүжигдэх тэргүүлэх салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэх чиглэлээр талууд харилцан тохирсон байгаа гэв. 
Танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Иймд санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 
 
 
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв
 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн талаар зөвшилцлөө. Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. Өнгөрсөн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг нийт 99 төслийг хэрэгжүүлэхэд олгосон болохыг төслийг танилцуулах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурдсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа бүхэлдээ хувийн хэвшилд чиглэж байсан бөгөөд манай улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан юм. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орны адил байгуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд байгаа гэв. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.доллар хүртэлх зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд 10-18 жилийн хугацаатай. Үүнээс эхний 3-5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд хүүгийн хувьд 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 1 хувийн шимтгэл нэмсэнтэй тэнцүү байх аж. 
Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан асуулт асуун, төслийг дэмжиж буйгаа хэллээ. Хэлэлцээрийг шуурхай хийж, дараа дараагийн ажлуудаа гүйцэтгэх шаардлагатай байгааг тэрбээр сануулаад УИХ ажлыг шуурхай явуулах тал дээр дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асуух, ажлын хэсгээс хариулт авсан бол төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 
 
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Л.Болд, Х.Болорчулуун, Б.Жавхлан, Б.Ундармаа нарын гишүүд ажиллаж байгаа бөгөөд төслийн зарим заалтыг өөрчлөх тэргүүтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. 
Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.