sonin.mn
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаан 11 цаг 35 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
 
Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив
 
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.
Нэр дэвшигч Аюушийн Ганбат нь 1962 онд төрсөн, 1979-1983 онд хуучин ЗХУ-ын Одесс хотод Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1988-1991 онд Москва хотын Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. Газрын артиллерийн команд-штаб, оператив-тактик, оператив-стратегийн мэргэжилтэй, боловсролын докторын зэрэгтэй, 2005 онд хошууч генерал цол хүртжээ.
 
 
Тэрбээр 1983 онд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 1983-1997 онд Батлан хамгаалах яамны 7 дугаар хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр газарт офицер, Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллажээ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орон тооны бус шинжээчээр ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар байр сууриа илэрхийлж захиас зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар олон улсад манай зэвсэгт хүчний нэр хүнд өндөр байгаа, энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож үүргээ нэр төртэй биелүүлж байгаа энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж, инженерийн анги салбарыг оролцуулахад анхаарахыг дурдаад барилга, инженерийн ангийг эх орны бүтээн байгуулалтад оролцуулахыг дэмжиж буйгаа хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав нар сүүлийн үед зэвсэгт хүчний анги салбарт сахилга, хариуцлага суларснаас энхийн цагт цэрэг эрс амь үрэгдэх, осол эндэглэлд өртөх явдал гарч, олон нийтийг цочроож байгаад дүгнэлт хийж, цаашид армийн хэмжээнд хариуцлага, сахилгыг дээшлүүлэх шаардлагатайг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ цаг үе өөр болж байгаа ийм үед төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг хичээж, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг захилаа.
Нэр дэвшигч А.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх дарга нарын явуулж байсан бодлого, авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлж зэвсэгт хүчний бүх шатанд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагааны оролцоог улам өргөжүүлж шинэ шатанд гаргах, инженерийн анги салбарыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” төслийг дэмжиж байгаа, энэ ажиллагаанд зэвсэгт хүчний анги салбарыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж оролцуулахыг хуулийн хүрээнд, зэвсэгт хүчний боломж бололцооныхоо хэрээр хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ.
 
Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөв
 
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Эдгээр төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, мөн төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нар танилцуулав.  
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон хөгжлийн зарчимд нийцсэн, иргэдийн орлогын чадварт тохирсон, нийслэлд тулгамдаад байгаа утаа, агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс холимог орон сууцны бодлого гэж олон улсад нэршдэг хэлбэрээр 10.000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа. Энэ үндсэн дээр гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай болгох юм.
Төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Мөн Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм гэдгийг тодотголоо. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь жилийн 0.25 хувийн хүүтэй, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэдгийг тодотгов. 
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. 
 
 
Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний хуралдаанаар тогтжээ. Тухайлбал, аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөлд 17.5 сая евро, гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 3 сая, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн төсөлд 6.5 сая, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөлд 10.2 сая, Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөлд 9 сая, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин нийлүүлэх төсөлд 3.8 сая евро зарцуулахаар тохиролцжээ.
Одоогийн байдлаар Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл болон Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулан хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Харин бусад төслийн тендерийг зохион байгуулах, гэрээ байгуулахын тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт заасан гэрээ байгуулах хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах шаардлагатай болжээ. Иймээс тус хэлэлцээрийн хугацааг сунгахтай холбогдуулж хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг БНПУ-ын Засгийн газартай тохиролцоод байгааг сайд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжив.
Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл-ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллаж байна. Эдгээр салбарын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252 сая ам.долларын, АХБ-ны  Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төсөлд тусгагдсан гэдгийг дурдав. 
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.
Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг зарчмыг баримталж,  хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Иймээс АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь  авах, зээлийн хэлэлцээрүүдийг хугацаа алдалгүй АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа тул төслүүдийн зээлийн асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, Улсын Их Хурлаар соёрхон батлуулах зорилгоор Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулаад байгааг сайд танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Дараа нь Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. 
Манай улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. Өнгөрсөн хугацаанд тус банкнаас Монгол Улсад нийтдээ 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг 99 төсөл хэрэгжүүлэхэд олгосон байна.
Тус банкны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталжээ. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах боломж бүрдсэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас манай улсад олгох зээлийн хэмжээ нь 300 сая ам.доллар бөгөөд уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх нөхцөлтэй юм. Иймээс эхний удаад тус банкнаас 120 сая ам.долларын санхүүжилт авч, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгох бөгөөд автозамын хоёр эгнээг нь энэ мөнгөөр санхжүүжүүлэх юм байна. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжив.
Мөн хуралдаанаар тус Байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 04 тоот тогтоолоор баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.