sonin.mn
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуульд оруулсан гол өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛТОЙ ярилцлаа.
 
-Ер нь энэ хуулийн зохицуулах хүрээ нь юу вэ. Нэмэлт өөрчлөлтийн давуу тал нь юу байна?
 
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь төсвийг баталснаас хойш тендер шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулж, шалгарсан тендерт оролцогчтой гэрээнд гарын үсэг зурах хүртэлх харилцааг зохицуулдаг. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд баталж, өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй байлгах, тендер шалгаруулалтын зохион байгуулалтыг хурдан шуурхай болгох, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийг дэмжих, гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийг тендерт оролцох эрхийг хязгаарлах хар жагсаалт бүртгэх, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг оруулсан. Тендер тойрсон авилга, хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай, тэр нь төрийн хяналттай байх зэрэг нэлээд том шинэчлэлийг хийж байна.
 
-Хуулийг баталсан өдрөөсөө мөрдөж амжих уу?
 
-Хуулийг ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газраар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам, Тендерт оролцогчдын материалыг тухайн оролцогчдод ил болгох журам, Цахим худалдан авах ажиллагааны, Гомдол маргааны хянан шийдвэрлэх, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм гэсэн таван журмыг батлах ёстой. Хуулийн хэрэгжих хугацааг аль болох наашлуулах санал их гарсан л даа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль, тогтоол, журмын төслүүдийг цахим системд 30 хоног байршуулж санал авах ёстой. Дээрх таван журмыг боловсруулж, цахим системд байршуулах 30 хоног, батлах хугацаагаа тооцоход хуулийг хэрэгжүүлэх хугацааг үүнээс илүү наашлуулах боломжгүй.
 
Хуулиар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэсэн. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
 
-“Чанар стандартын шаардлага хангасан, дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах”-аар хуульчилж өглөө. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэл эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулна. Тогтоолын хэрэгжилт, үр дүнд жил бүр үнэлгээ шинжилгээ хийж, шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулахаар хуульчилсан. Үүнээс гадна тендерийн шалгаруулалтад инновацийн бүтээгдэхүүний үнийг 25 хувиар бууруулж тооцохоор тусгасан. Мөн ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэж байгаа. Жишээ нь, төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийн худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан үйлдвэрлэгчтэй гурав хүртэлх жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч тогтворжино.
 
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэнээр ажлын байрыг олноор нэмж, тэр хэмжээгээр ажилтай, орлоготой өрхийн тоо нэмэгдэнэ. Түүнээс гадна гадагшаа урсах валютыг хязгаарлах боломж бүрдэнэ.
 
2017 онд төсвийн 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 46.7 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл 96.7 хувь нь импортын бараа, 3.3 хувь нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан нь Монгол Улсын валютын нөөцийг гадагш экспортолж, дотоодын бизнесийн орон зайг хумьж, Монголынхоо нийгмийн баялгийг үнэгүйдүүлж байгаа бодит жишээ. Ер ньтатварын хөнгөлөлтөөс өөрөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг том хөшүүрэг нь Засгийн газрын худалдан авах ажиллагаа юм. Ингэж үндэсний үйлдэрлэлдээ давуу эрх олгож, зөвхөн үнээр бус чанараар хооронд нь өрсөлдүүлснээр дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний чанар, стандартыг улам сайжруулж, илүү өрсөлдөх чадвартай болгоно гэсэн үг л дээ.
 
-Ерөнхий гэрээний талаар та юу хэлэх вэ?
 
-Ерөнхий гэрээ гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлээд байгаа юм. Байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг ингэж худалдан авах нь цаг хугацаа, зардал хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааг 2018 онд нийт 16 нэртөрлийн бтэрбум төгрөгийн өртөгтэй эмийн тендер шалгаруулалтыг  туршилтаар анх удаа зарласан байна. 16 нэр төрлийн эмийг 4.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 325 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийг ерөнхий гэрээгээр дамжуулан дэмжих боломж бүрдэнэ. Дотоодын бараа үйлдвэрлэгчдийн дунд тендер зарлаж, шаардлага хангасан тохиолдолд цахим дэлгүүрт байршуулан тухайн барааг худалдан авна.
 
Ерөнхий гэрээгээр худалдан авахаар заасан барааг өөр этгээдээс худалдан авахыг хориглоно гэж хуулийн төсөлд заасан тул захиалагч тухайн төрлийн барааг худалдан авахдаа зөвхөн ерөнхий гэрээнд шалгарсан дотоодын үйлдвэрлэгчдээс авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
 
-Орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих талаар зүйл заалт бий юү?
 
-Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих зохицуулалт байдаг. Хуулийн аравдугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар тооцон давуу эрхийн зөрүү тооцуулах боломжтой.
 
-Мэргэжлийн бие даасан байгууллагатай болохоор баталсан уу. Ямар давуу тал үүсэх бэ?
 
-Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагтай байхаар өөрчлөлт оруулсан. Одоогийн зохицуулалтаар Төрийн өмчийн асуудалтай хамтатгасан нь тендер зохион байгуулсан байгууллага өөрөө тухайн өмчийг бүртгэж авах тогтолцоог бий болгосон. Тиймээс хуульд өөрчлөлт оруулснаар худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь бие даасан бүтэцтэй болж, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах боломжтой болно гэж үзэж байна.
 
-Хамгийн бага үнэ санал болгосон тендерийг шалгаруулж, чанаргүй ажил хийж, чанаргүй бараа бүтээгдэхүүн авдаг байсныг халлаа гэж ойлгож болох уу?
 
-Хуулийн “Тендерийг хянан үзэх гэсэн 27 дугаар зүйл”-д заасан ерөнхий шаардлага буюу чадавх, санхүүгийн шаардлага, техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний чадавх, туршлага болон техникийн тодорхойлолт буюу ажлын даалгавар хангасан тендерүүдээс хамгийн хэмнэлттэй байх зарчмаар сонгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ нь дэлхийн улс орон, олон улсын байгууллагуудын худалдан авах ажиллагаанд мөрддөг нийтлэг зарчим юм. Өөрөөр хэлбэл, бүх шаардлагыг хангасан тендерт оролцогчдоос хамгийн бага харьцуулах үнэтэй оролцогчийг сонгон шалгаруулна. Хэдий бага үнэ санал болгосон ч дээр дурдсан ерөнхий нөхцөл, шаардлагыг хангаагүй бол шалгарах боломжгүй гэсэн үг.
 
-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хэлэлцүүлгээс харахад гишүүд төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьж байна. Хариуцлагын заалт орсон уу гэж их асуусан. Энэ дээр хариулт өгөхгүй юу?
 
-Тендерийн хууль нь төсвийг баталснаас хойш тендер шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулж, шалгарсан тендерт оролцогчтой гэрээнд гарын үсэг зурах хүртэлх харилцааг зохицуулдаг гэж дээр хэлсэн. Чанарын болон гүйцэтгэлийн асуудлууд гэрээ байгуулснаас хойш гардаг. Барилгын тухай зэрэг холбогдох хуулиар тухайн барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих асуудлыг зохицуулсан байна. Барилгын гүйцэтгэлд зураг төсөв зохиогчийн хяналт, захиалагчийн байгууллагын хяналт, тухайн шатны Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан нэгж, улсын хэмжээнд Барилга хөгжлийн төв хяналт тавин ажилладаг. Одоогийн мөрдөж байгаа хуулиар гэрээний үүргийн биелэдтэд хяналт тавих эрх, үүргийг захиалагчид олгосон байдаг тул захиалагчийн зүгээс гэрээний хэрэгжилтэд тавих хяналтаа зохих ёсоор хэрэгжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага тооцдог байх шаардлагатай байна. Иймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлаж хар жагсаалтад оруулах шинэ зохицуулалтыг тусгасан.
 
-Хар жагсаалтыг сэргээсэн явдалд ажлын хэсгийн ахлагч танд талархаж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Хар жагсаалт гэдгийг тайлбарлахгүй юу?
 
-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг Сангийн яамнаас боловсруулан Засгийн газраар батлуулах зохицуулалтыг шинээр нэмж байна. Хуулийг баталсны дараа Сангийн яам журам боловсруулж, батлуулах ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөөр чанаргүй барилга барьсан, бараа үйлчилгээ нийлүүлсэн ААН-ийн хар дансыг хөтөлнө гэсэн үг. Хар жагсаалтад орсон байгууллага тодорхой хугацаагаар төрийн мөнгөөр ажил үйлчилгээ хийх эрхгүй болох юм. Мөн хуулийн төсөлд барилга байгууламжийн гүйцэтгэлийн явцад олон нийтийн хяналтыг бий болгох үүднээс гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхаар тусгасан. Худалдан авах ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг ийнхүү ил тод болгосноор иргэдийн хяналт сайжирч гэрээний гүйцэтгэл, үр дүн тодорхой хэмжээ дээшилнэ гэж үзэж байна.
 
-Техникийн тодорхойлолт, ажлын даалгавар буруугаас чанаргүй барилга барьж байгааг нэг мөр шийдэж өгөх ёстой гэж зарим гишүүн үзэж байсан?
 
-Барилга байгууламжийн зураг, төсөв, ажлын даалгаврыг тухайн салбарын тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд боловсруулж, холбогдох байгууллагаар  хянан баталгаажуулж байна. Тухайн барилга байгууламжийг сум нутаг, аймаг, нийслэлд ямар байдлаар хийх нь тухайн салбарын стандартын асуудал л даа. Нэгдсэн байдлаар үндэсний стандарт гаргаж, мөрдөх нэн шаардлагатай гэдэгт санал нэг байгаа. Жишээ нь, хэдэн хүн амтай хороо, суманд ямар багтаамжтай сургууль, цэцэрлэг байх ёстой юм. 640 хүүхдийн сургууль гэхэд барилгын бүтцээс эхлээд чанарын шаардлага тусгасан нэг стандарт байх ёстой. Хэдэн анги танхим, хэр хэмжээний спорт, урлагийн заал, гал тогоо, ариун цэврийн өрөө байх юм. Ямар өртгөөр нийслэлд барих ёстой юм, алслагдсан хөдөө орон нутагт тээврийн хөлс тооцдог хувьсагчаар үржүүлээд өртөг нь гардаг баймаар байна. Тэгэхгүй бол барилга бүрд зураг төсөв гээд л их мөнгө урсч байна.
 
-Гомдол гаргахад барьцаа байршуулна, цаашлаад хураалгах тухай асуудал байна уу?
 
-Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, хурдан шуурхай болгох, авлигаас ангид байлгах нь нэмэлт өөрчлөлтийн гол агуулгын нэг л дээ. Үүний тулд тендерт оролцогчийн ирүүлсэн саналыг тухайн тендерт оролцсон этгээдэд ил болгох зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн тендерт оролцогчид материалаа харьцуулан үзэх боломж нь нээлттэй болно.
 
Ингэснээр тендер шалгаруулалтын үнэлгээ хуулийн дагуу, шударга явсан эсах талаар гомдол маргаан гаргахаас өмнө өөрсдөө хяналт тавих боломж бүрдэнэ. Хэрвээ үнэлгээ буруу явсан гэж үзвэл гомдол гаргаж болно. Гэхдээ харилцааг хариуцлагатай болгох үүднээс тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд хуулийн 55.5-д заасан барьцаа төлбөрийг улсын орлого болгоно. Барьцаа төлбөрийн хэмжээг тухайн тендер шалгаруулалтад оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн нэг хувиар тооцон дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгасан. Ингэснээр үнэн худал гомдол гарган төрийн ажлыг гацаадаг нь багасна гэж үзэж байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байдлыг авч үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2017 онд 133, 2018 онд 198, Сангийн яаманд 2017 онд 813, 2018 онд 1187, Захиргааны хэргийн шүүхэд 2017 онд 38, 2018 онд 61 гомдол гаргасан байна.
 
-Гомдол гаргах, ирсэн гомдлыг шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт орсон 5айх аа?
 
-Сонгон шалгаруулалтыг хурдан шуурхай болгох үүднээс гомдол гаргах, шйдвэрлэх хугацааг шат штанд нь өөрчилсөн гомдлыг тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан заалт оруулсан, өрсөлдөх тэгш боломжийг хангаагүй гэж үзсэн тохиолдолд тендерийн нээлт хийхээс 10-аас доошгүй хоногийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана. ШӨХТГ 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Мөн хариуг үл зөвшөөрөн ендерт оролцогч дахин гомдол гаргавал хүлээн авахаас татгалзахаар тусгасан. Харин гэрээ байгуулах эрх олгосны дараа Сангийн яаманд гомдлоо гаргана. Сангийн яам мөн 14 хоногт багтаан, шийдвэрлэнэ.
 
-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэж шинэ зүйлийг ярьж байгаа. Энэ талаар ярилцъя?
 
-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэдэг нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаас өмнөх шатанд худалдан авах ажиллагааг нь урьдчилан зохион байгуулахыг хэлж байгаа юм. Сонгон шалгаруулалтаа хийчихээд УИХ-аар зээлийн хэлэлцээрийг баталсны дараа гэрээг хийнэ.
 
Одоогийн байдлаар зээл тусламжийн гэрээг УИХ-аар соёрхон баталсны дараа тухайн төслийн үйл ажиллагаа эхэлж, үүнээс шалтгаалан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацааг  6 сараас нэг жил хүртэл хугацаагаар сунгаж, үүнээс шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Иймд урьдчилан худалдан авах ажиллагааны журмыг бий болгосноор  төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт төлөвлөсөн хугацаандаа дуусах үргүй зардал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
 
-Улсын төсвийн хөрөнгөөр явуулах урьдчилсан худалдан авах ажиллагааг хэзээ явуулах вэ. Хэн шийдвэр гаргаж ажиллах вэ?
 
-Хуулийн төсөлд төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг мөн урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах боломжийг тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхдээ урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар хийх төсөл арга хэмжээний жагсаалтыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж Засгийн газар батална гэж оруулсан. Ингэснээр яг ямар төсөл, арга хэмжээг урьдчилан эхлүүлж болох эсэхийг шийдвэрлэх юм. Засгийн газар ач холбогдол, эрсдэлийг дүгнэж, жагсаалт гаргаснаар урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулна.
 
-Урьдчилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулсны дараа тэр төсөл арга хэмжээг батлахгүй бол яах вэ?
 
-Урьдчилсан худалдан авах ажиллагааны хамгийн гол онцлог нь санхүүжилтийг батлах хүртэл шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахгүй. Иймээс “урьдчилсан  худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчтой тухайн зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилтийг батлаагүй тохиолдолд гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн зохицуулалт оруулсан. Энэ нь олон улсад хэрэглэдэг практик юм билээ. Энэ тухай заалтыг урьдчилсан худалдан авах ажиллагааны тендерийн урилгад тусгаад явах байх. Гадаадын зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн тоо баримтыг харахад санхүүжилтийг батлахгүй байх, анхны зорилго, ангиллыг өөрчлөх эрсдэл 1-2 хувьтай. Энэ нь урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулах эрсдэл гарах магадлал маш бага гэдгийг харуулж байна. Гол нь хэзээ, аль төсөл арга хэмжээ дээр явуулах вэ гэдгийг оновчтой харж, шийдвэрлэх нь чухал. Улсын төсвийн хөрөнгөөр явуулах нөхцөлд Сангийн яам урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулах шаардлага, үндэслэл бүхий төсөл, арга хэмжээний жагсаалт, эрсдэлийг үнэлж, Засгийн газраар хэлэлцүүлж, батлуулснаар асуудлыг оновчтой шийдвэрлэнэ гэж дүгнэж байгаа.
 
Баярлалаа.
 
Л.Тулга
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин