sonin.mn
Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр боллоо. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдлагууд болон тус ангиас гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Байлдааны тугийг ангийн бие бүрэлдэхүүнд гардуулж баяр хүргэн хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон Байлдааны тугаа гардан авч байгаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Та бүхнийг монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн бэхжүүлэхэд сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ард түмэндээ хүндэт харуулын анги гэдгээрээ алдаршсан, Зэвсэгт хүчний нүүр царай, монгол цэргийн сүр жавхааг илтгэн харуулдаг та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэсэн юм. 
 
 
Тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаярын сэтгэгдлээс хуваалцахад “Үнэхээр баяртай байна. Анги маань түүхт 95 жилийнхээ ойн босгон дээр Байлдааны тугаа ёслол төгөлдөр гардан авч байгаа нь бидний агуу түүхийн үргэлжлэл, хийж бүтээх их үйлсийн өрнөл болж байна. Зэвсэгт хүчний 032 дугаар анги нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг хүндэтгэн дээдэлж, Монгол Улсын Төрийн болон цэргийн ёслол, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Баярын энэ өдрийг тохиолдуулан ангийнхаа үе үеийн удирдлага, ахмад буурлууд, хамт олондоо эрүүл энх, аз жаргал хүсье” гэв.