sonin.mn
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар гишүүдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонсов.
Ерөнхийлөгчийн мэдээллийн дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
 
Манай улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байдаг. Түүнчлэн газрын доорх ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болоод байгаа.
 
Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан эдгээр салбарт газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн зайлшгүй шаардлага байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
 
Иймээс уг хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх усны нөөцөөс хамаарч, түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох, усны хомсдолын түвшин тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, газрын доорх усыг бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр нь орхигдсон цооногийг  битүүмжлэх явдал гэж төсөл санаачлагчид үзсэний үндсэн дээр сум, дүүргийн Засаг дарга нь орхигдсон цооногийг улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээхээр төсөлд тусгажээ. Гэхдээ энэ нь буруутай этгээд үүргээс чөлөөлөгдөж буй хэлбэр биш бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр зохицуулсан байна. 
 
Мөн ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, үүний тэргүүн ээлжинд хүн амын ундны болон ахуйн хэрэглээний усыг оруулж, эхний эрэмбийн усны хэрэгцээ бүрэн хангагдаагүй тохиолдолд дараагийн эрэмбэд ус хуваарилахгүй байх, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор тусгажээ.
 
Түүнчлэн усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамжийг нэмэгдүүлэх, ус ашиглагчийн хариуцлага, хяналтыг сайжруулах бодлогын үүднээс Усны тухай хуульд зарим нэмэлт оруулж, усны хомсдлоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгохоор тусгажээ. Тухайлбал, ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомсдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтоох зохицуулалтыг тусгасан байна.
Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат танилцуулсан юм.
 
 
 
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Батзориг нар төсөл санаачлагч гишүүд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
 
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр түр хойшлуулснаар чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.