sonin.mn
БНХАУ-ын эрдэмтэд тариа будааны иш өвс буюу ердийн сүрэл ашиглан далайн усыг давсгүйжүүлэх шинэ технологи боловсруулснаа зарлалаа. Сүрэл болон нарны гэрлийн тусламжтайгаар шүүгдэх далай тэнгисийн ус 99.9 хүртэлх хувиар давслаг эрдэс, ионоосоо салах гэнэ.
 
Хятадын Шинжлэх ухааны академи болон Нинбогийн Материалын технологи, инженерийн хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүдийн тогтоосноор сүрлэнд агуулагдах нүүрстөрөгч, бактерийн үүдэлтэй целлюлоз нь далайн усыг шүүхэд гялтан хальсны үүрэг гүйцэтгэх ба ийм урвалыг нарны туяа идэвхжүүлдэг байна.
 
Нэг ам метр талбайд нарлаг өдөр 6.4-7.9 кг, үүлэрхэг өдөр 4.6-5.6 кг сүрэл тарааж дэвсэхэд нэг хүний өдрийн дундаж хэрэглээний цэвэр ус шүүж авах боломжтой гэсэн тооцоог дээрх судалгааны багийнхан мөн гаргажээ. Энэхүү аргыг одоо намгархаг газрын усыг шүүж цэвэрлэхэд ашиглаж болох үгүйг судалж буй аж. Хэдийгээр лабораторийн хүрээнд туршиж байгаа ч энэ судалгаа далайн усыг ундны ус болгон хувиргах боломжтойг баталсан нээлт боллоо. Өмнө нь Их Британий Манчестерийн Их сургуулийн Рахул Нэйрийн удирдсан судлаачид мембран шүүлтүүрээр далайн усыг давсгүйжүүлэх технологи боловсруулсан. Дэлхийн дулаарлын улмаас далайн усны түвшин нэмэгдсэн ч ундны цэвэр ус хомсдож байгаа. Тиймээс далайн усыг цэвэршүүлэх технологи нь хүн төрөлхтнийг аврах ирээдүйтэй гэж судлаачид дүгнэжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин