sonin.mn
“Хүний эрхийг хамгаалагч гэдгийг танай улсад хэрхэн ойлгодог вэ” гэж ноён Мишель Форст төр, хувийн байгууллагуудын төлөөлөл, тэр ч байтугай Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ асуусан боловч нэгдсэн ойлголт бүхий хариулт сонсч чадаагүй ажээ. Тэрээр Монгол Улс хүний эрхийг хамгаалагчдын хувьд харьцангуй аюулгүй орон юм гэж ерөнхийд нь дүгнэсэн боловч тэднийг гутаан доромжлох, шахалт дарамт үзүүлэх, гэмт хэрэгт гүтгэх, нийгмийн сүлжээгээр элдэв үгээр дайрч давшлах, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь хязгаарлах гэх мэтээр хүсэл зоригийг нь мохоож байгааг онцоллоо. НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишель Форст манай улсад 14 хоног ажиллахдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн бүх байгууллагуудын төлөөллөөс гадна иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, малчид, шүгэл үлээгчид, хөгжлийн бэрхшээлтэй болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч гэх мэт хүний эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог 100 гаруй хүнтэй уулзаж ярилцсан байна. Харин түүнтэй уулзах хүсэлтэй хүн олон байсан ч зарим нь энэ уулзалтынхаа төлөө дарамт шахалт ирнэ гэсэн айдастай байсан тул цуцалсан гэлээ. Тэдний дийлэнх нь хуулийн салбарт ажилладаг хүмүүс байсныг НҮБ-ын шинжээч онцолсон юм. Тусгай илтгэгч Мишель Форст С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт холбогдсон хоёр хүнийг эрүүдэн шүүсэн тухай бичлэг ил болсноос 14 хоногийн дараа Монгол Улсад иржээ. Энэ үйл явдал нь хууль хэрэгжүүлэхийг шаардаж, зоригтойгоор ярьдаг хүмүүсийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг ойлгуулж, тэднийг хамгаалах шаардлага байгааг харуулснаас гадна, энэ үйл явдлыг улс төрийн ашиг сонирхолд хэрхэвч ашиглаж болохгүйг сануулж байлаа. Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал ямар байгааг тэрээр хэрхэн дүгнэснийг, 2020 онд Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ямар дүгнэлт танилцуулахаар бэлтгэж байгаа талаар товчлон хүргэе.
 
“ХЗДХЯ-НААС ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХААС ЦААРГАЛЖ БАЙНА”
 
Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомждоо хүний эрх болон түүнийг хамгаалагчдын эрхийг сайн оруулж өгсөн боловч шинээр батлах, сайжруулах шаардлага байгаа гэж тэрээр дүгнэжээ. Ялангуяа сүүлийн үед батлагдсан зарим хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь ухралт хийж, иргэний нийгмийн үйл ажиллагааг хумьсан болохыг онцоллоо. Тухайлбал, хэдэн долоо хоногийн өмнө УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийлгүйгээр Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь дарга нарыг огцруулах зөвлөмж гаргах эрхтэй болсон. Хууль тогтоомжоо ингэж огцом өөрчилсөн нь шүүхийн хараат бус байдлыг аюултайгаар бууруулж байна гэж тэрээр үзжээ. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдын орон зайг багасгаж, айдас төрүүлж байгааг хэллээ. Мөн УИХ-аас захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр захиргааны шүүх нь Засгийн газрын УИХ-ын тогтоол, удирдамжид үндэслэн гаргасан аливаа шийдвэрийг хянах боломжгүй болгосонд гүнээ санаа зовниж байгаагаа хэлэв.
Тэрээр Монголд ажиллаж байх хугацаандаа хүний эрхийг хамгаалагчид, үүний дотор бэлгийн цөөнх болон хүүхдүүд хүртэл ялгаварлан гадуурхагддаг, гутаан доромжлогддог, гүтгэгддэг, шахалт дарамтад байдгийг сонссон тухайгаа ярилаа. Энэ чиглэлээр ажилладаг хүүхдүүдийн томоохон бүлэгтэй уулзахад боловсролын чанар, гэр орон дахь нөхцөл байдал зэрэг өөрсдийн эрхтэй хамаатай асуудлаар томчуудад, эрх баригчдад хандахад хөөх байдлаар хандсан тухай хэлжээ. Мөн сургуулийн нэр төрийг хөндөж болзошгүй асуудлыг дэлгэсэн гэх шалтгаанаар багш нар нь шийтгэснийг хэлсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэд “Ирээдүйн төлөө баасан гариг” арга хэмжээг зохион байгуулах гэсэн боловч Улаанбаатар хотын захирагч жагсаалыг нь зөвшөөрөөгүй гэжээ. Энэ жишээ бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч залуучуудад мөн тулгамдсан бөгөөд тэд гурван удаа хотын удирдлагад хандаад жагсаалын эрх авч чадаагүй байгаа аж. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн өөрсдийнхөө, бусдын эрхийг хамгаалах үйлсийг бүх талаар дэмжиж, боломж нөхцлийг нээж өгөх ёстойг тэрээр Монгол Улсын Засгийн газарт өгөх зөвлөмждөө онцгойлон тусгана гэлээ. Үүнээс гадна байгаль хамгаалагчид, авлигын хэргүүд дээр ажилладаг эрэн сурвалжлах сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, зарим нь амь насаа алдсан ч  үхлийн шалтгааныг тогтоогоогүй зэрэг тоохгүй өнгөрч болохгүй жишээнүүдийг олж мэдсэндээ харуусаж байв. Уг нь манай улсад Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль шаардлагатай. Энэ хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа мэдээлэл байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас батлуулахаас цааргалж байгаа гэнэ. Хэрэв энэ хуулийг баталвал манай улс Ази, Номхон далайн бүс нутагтаа анхдагч нь болж, хүний эрхийг дээдлэгч, манлайлагч болох боломж байгааг хэллээ.
 
АВЛИГЫН ХЭРГҮҮД ДЭЭР ШАНТАРЧ, МОХОЖ БАЙГААГ ОНЦОЛЛОО
 
Хүний эрхийг хамгаалагчдын тэргүүн эгнээнд сэтгүүлчид байдгийг НҮБ-ын шинжээч онцлов. Харин 2018-2019 онд 300 сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшний талаар хийсэн судалгааг үзэхэд сэтгүүлчид, тэдний гэр бүлийг сүрдүүлэн заналхийлэх, доромжлох явдал Монголын хоёр сэтгүүлч тутмын нэгд тохиолддог гэсэн мэдээллийг тэр дэлгэв. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу сэтгүүлчидтэй холбоотой заалтыг шүүмжлэлийн эсрэг ашиглах болсныг буруутгалаа. Хүний эрхийн байгууллагуудын өгсөн мэдээллээр 2017 оны долдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд 230 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөрдөн шалгагдаж, их хэмжээний мөнгөн торгууль төлжээ. Түүнчлэн 2014 оноос хойш хэвлэл мэдээллийн сайтууд сэтгэгдэл үлдээж байгаа хэрэглэгчдийн IP хаягийг ил тавихыг шаардсан журам үйлчилж байгаа нь санаа зовоож байна гэв. Мөн олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглаж байгаа хэрэглэгч регистрийн дугаараар баталгаажуулахыг шаардах хуулийн төсөл яригдаж магадгүй байгаа нь хэрэглэгчдийн хувь хүний, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийн чөлөөт үйл ажиллагааг боомилоход хүргэнэ гэж дүгнэжээ.
Хүний эрхийг хамгаалагчид авлигын хэргүүд дээр шантардаг, мохдог болохыг тэрээр мөн хэллээ. Энэ талаар хэд хэдэн жишээг тайландаа оруулсан байсан юм. Ил тод байдлыг дэмжин ажилладаг хүний эрхийн нэгэн байгууллагад 2015 онд Ерөнхий сайдаас авлигач үйл ажиллагаануудыг зарлаад байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн сүрдүүлсэн захиа ирж байжээ. Мөн авлигын томоохон хэргийг нээн илрүүлсэн сэтгүүлчийг цагдаагийн байгууллага мөрдөж, гүйцэтгэх ажиллагаа явуулан занаж сүрдүүлсэн тул аргагүй аюулгүй байранд түр шилжин суухад хүрсэн гэх мэт жишээг НҮБ-ын шинжээч олон улсад мэдээлэхээр, тайлагнахаар бэлтгэж байгаа аж. Эдгээр жишээнээс харахад Монгол Улс сэтгүүлч, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагчид өш хонзон, айх аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү сайн ажиллах шаардлагатайг зөвлөмжийг боловсруулжээ.
НҮБ-ын тодорхойлсноор ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын төвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хүний эрхийг хамгаалагч гэж нэрлэдэг байна. Тиймээс энэ талаар ойлголт, таниулах ажлыг сайтар зохион байгуулж нэгдсэн ойлголттой болох шаардлага байгааг хэллээ.
НҮБ-ын шинжээч айлчлалынхаа хугацаанд Дорноговь аймагт мөн ажилласан бөгөөд тус аймгийн Айраг суманд фторын олборлолт хийж буй Хятадын “Янтай уул” хэмээх компани уурхайн ойролцоо амьдарч буй малчдын эрүүл мэнд, тоосжилтын асуудлыг тусгайлан авч үзжээ. Улмаар тухайн компанид асуулга хүргүүлсэн бөгөөд 60 хоногийн дотор хариу авах ёстой аж.
Тэрээр мөн Хүний эрхийн үндэсний комиссын төсөв, орон тоонд анхаарах, гэрч, хохирогчийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байсан Тахарын албыг сэргээн байгуулах зэрэг тодорхой ажлуудын зөвлөмжийг ч Засгийн газарт хүргүүлж байгаа ажээ.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин