sonin.mn
УИХ-ын хоёр байнгын хороо өчигдөр хуралдах байлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцэх байлаа.  Гэсэн ч гишүүдийн ирц бүрдээгүй улмаас хуралдаанууд цуцлагдлаа.
Өчигдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн гадаадад болон орон нутагт томилолттой бол эмнэлгийн чөлөөтэй гурван гишүүн байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Япон, Ц.Цогзолмаа БНСУ, А.Сүхбат Тайвань улс,  Д.Оюунхорол БНХАУ, Л.Энх-Амгалан БНХАУ, Б.Баттөмөр Япон, Г.Мөнхцэцэг АНУ-д томилолттой байгаа юм байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн  С.Бямбацогт Ховд, Г.Солтан Баян-Өлгий, Б.Энх-Амгалан Говь-Алтай,  О.Батнасан Ховд,  Я.Санжмятав Говь-Алтай,  С.Чинзориг Өвөрхангай, С.Эрдэнэ Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.  Ийнхүү өчигдөр гишүүдийн ирц бүрдээгүйн улмаар байнгын хороод хуралдаагүй.
Харин С.Зоригийн хэргийг шалгах түр хороо хуралдаан болов.  Тус хурлаар  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нарын мэдээллийг сонсч,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн дүгнэлтийн хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “ҮАБЗ-ын гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн гэдгийг хэлэв.  Түүнчлэн “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв.  Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярьжээ.  Ийнхүү түр хорооны хуралдаан хаалттай үргэлжлэв.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин