sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах хэмжээг малын өсөлт, махны хангамжтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор шийдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв.
Энэ сарын эхний долоо хоногт махны үнэ огцом өссөн. Энэ нь дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд иргэдийн худалдаа хийдэг “Хүчит шонхор” захаас их хэмжээний мах худалдан авсны улмаас хомдол үүссэнтэй холбоотой гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолсон юм. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ худалдан авах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж, иргэдийн мах худалдан авдаг захаас түүхий эдээ авч байгаагаас үүдэн экспортод гарч буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг мөн цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн гадаадад мах гаргаж буй аж ахуйн нэгжүүд нийт экспортынхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодод зах зээлийн үнээр борлуулах шаардлага тавьж байгаа аж. Мөн Засгийн газраас 2020 онд 15 мянган тонн мах нөөцлөхөөр тогтжээ.
Мөн тэрбээр гурилын хангамжийн талаар товч мэдээлэл өглөө. Одоогоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 мянган тонн гурил болон улаанбуудай байгаа аж. Энэ нь зургаан сарын хугацаанд дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах үзүүлэлт бөгөөд үнэ тогтвортой байна гэдгийг салбарын сайд дурдсан.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг