sonin.mn
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.ЭНХБААТАРТАЙ уулзаж тус хорооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
-СЗХ-ны гадаад харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
 
-СЗХ бол банк бус санхүүгийн салбарыг бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг байгууллага юм. Бид хөгжлийн бодлого боловсруулахад оролцож, зохицуулалтын стандарт, зарчмууд нэвтрүүлэхэд анхаарч, дагалдах хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. Товчхондоо, манай хороог санхүүгийн зах зээл дэх шударга өрсөлдөөнийг хангаж, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг гэж ойлгож болно. Бид хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлыг хяналт шалгалтаар хэрэгжүүлдэг. Ялангуяа олон нийтээс хөрөнгө босгож, бизнесийн төсөлдөө хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүд манай байгууллагын анхаарлын төвд байдаг.
СЗХ-ны гадаад харилцааг хичиглэлээр тодорхойлж болно. Эхнийх нь санхүүгийн зах зээлийн интеграцид нэгдэх, удаах нь зах зээлийн чадавхыг сайжруулах юм. СЗХ-ны гадаад харилцааны үндсэн зорилго нь бүс нутгийн болон дэлхийн санхүүгийн зах зээлийн интеграцид гүнзгий орох явдал юм. Интеграц гэдгийг хил хязгааргүй болж байгаа энэ цагт харилцан уялдаатай ажиллаж байгаа, өндөр хөгжсөн болон хөгжиж буй (emerging market) зах зээлүүдийн нэгдэл гэж ойлгож болно. Бид тэр нэгдэл рүү илүү гүнзгий орж тэдний тоглоомд оролцох шаардлагатай юм. Бид өндөр үнэтэй мөнгө хэрэглээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой.
 
Манай зах зээл жижиг, дангаараа хөгжих боломж тун бага, хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гаднын хөрөнгийн зах зээлийн гол тоглогчид болох, байгууллагын хэлбэрийн (institutional investor) хөрөнгө оруулагчдыг ажиллах боломж, таатай орчноор хангах асуудлууд чухал юм.
 
Санхүүгийн зах зээлд гадаадын компаниудын үйл ажиллагаа байгаа л бол түүнд нь таарсан зохицуулалт байх ёстой. Мөн манай бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгийн зах зээл дээр гарч, зээлийн (бонд) болон шинээр хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт босгоход таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ зорилгын хүрээнд СЗХ олон улсын мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Олон улсын хамтын нийгэмлэг буюу төрөл бүрийн мэргэжлийн байгууллагууд хөгжиж буй болон буурай хөгжилтэй зах зээлийн хөгжлийг тууштай тусалж, дэмжиж байна. Бид ч тэдэнд зүүгдэж яваад хөгжилдөө ахиц гаргачих зорилготой ажилладаг.
 
-Та олон улсын мэргэжлийн байгууллагууд гэлээ. Энэ талаар тодруулж тайлбарлана уу?
 
СЗХ бол бидний нэрлэдгээр банк бус санхүүгиин салбарын зохицуулагч байгууллага юм. Үнэт цаасны зах зээл, даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг боловч банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод СЗХ-нд хамаарна. Бид олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй ажилладаг. Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (АFI), Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO), Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (IAIS), Олон улсын хадгаламж зээлийн хоршооны зохицуулагчдын сүлжээ (ICURN) зэрэг байгууллагад нэгдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Эдгээр байгууллага нь салбарынхаа хөгжлийг нэг түвшинд хүргэх нийтлэг зорилготой. Холбооны гишүүн улсууд хөгжил сайтай нь доройгоо дэмжиж, алдаа оноогоо хуваалцаад хамтдаа урагшлах, хөгжихийг зорилгоо болгосон учраас тухайн салбарын зохицуулалтын бодлого, хэрэгжилтэд шаардлагатай зарчим, стандартыг тогтоож, нэвтрүүлэх арга техник, зааврыг гаргадаг. Бид түүнээс нь суралцаж явах учиртай. Мэдээж өөрсдөө замаа олоод явж чадвал хамаагүй, гишүүн байх ч албагүй, тухайн улсын сайн дурын асуудал. Гэхдээ бид өнөөдөртөө биеэ даагаад явах чадваргүй байна.
 
-Та Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын хуралд оролцоод ирсэн юм байна. Шинэ мэдээллээсээ бидэнтэй хуваалцана уу?
 
-Үнэт цаасны зохицуулагчдын олон улсын байгууллагын 44 дэх удаагийн ээлжит чуулга уулзалт Австралийн Сидней хотод болсон. Би энэ чуулганд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт оролцоод ирлээ. ҮЦХОУБ нь дэлхийн олон орны үнэт цаасны зах зээлийн зохицуулагч хороодыг нэгтгэсэн байгууллага юм. Тэд хөрөнгийн зах зээлийг жигд хөгжүүлэх, өндөр хөгжсөн зах зээлүүд бусдадаа зааж, сургаж, дагуулан алхаж өөрсдийн лигт оруулах зорилготой ажилладаг. Бид энэ байгууллагатай 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Өнгөрсөн 2018 онд СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нартай уулзаж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцид ороход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон.
 
Финтекийн нөлөөллөөр улам даяаршиж хил хязгааргүй болж буй энэ орчинд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар арга зүйн туслалцаа авч ажиллахаар болсон юм. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчны үнэлгээг хийж, сайжруулах шаардлагуудыг тодорхойлж, эрхзүйн орчныг нь олон  улсын түвшинд нийцүүлэх чиглэлээр ҮЦХОУБ-аас бодлогын зөвлөмж гаргуулахаар боллоо.
 
ҮЦХОУБ нь мэргэжлийн байгууллагын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийдэг юм. Манай санхүүч, шинжээчид хөрөнгийн зах зээлийг өссөн, өсөөгүй, аяндаа өсч байгаа гэх мэтээр “сонирхолтой”-гоор дүгнэдэг. Бид энэ асуудалд дэлхийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт өгүүлэх хүсэлтээ гаргасан. Энэ ажил удахгүй эхлэх гэж байна. ҮЦХОУБ-ын Ази, Номхон далайн бүсийн улсуудын Дэд хороонд манай байгууллага байдаг бөгөөд бүс нутгийн хэмжээнд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг түвшинд аваачих олон ажил хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн АПЕК (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага) гишүүн улсуудын санхүүгийн зохицуулагчдын чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай улс АПЕК-ын гишүүн биш, зөвхөн ажиглагч боловч энэ хөтөлбөрт хамрагдах эхний хэлэлцээрийг хийлээ. Энэ нь манай улсын АПЕК-т элсэх хүсэлтийг дахин авч хэлэлцэхэд нэмэр болох биз ээ. Бид гадаад харилцаагаа сайжруулах зорилт тавиад олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна. 
 
-Тухайлбал, ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?
 
-Манай улсын хөгжилд техникийн туслалцаа болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг олон улсын донор байгууллага олон байдаг. Энэ байгууллагуудтай СЗХ-ны санхүүгийн зах зээлийн чадавхыг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Дэлхийн банк, ОУВС, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Жайка, Солонгосын Койка зэрэг байгууллагыг нэрлэж болно. СЗХ дэлхийн 90 гаруй улсыг нэгтгэсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн (АFI) гишүүнээр элсч, 2012 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ нийгэмлэг нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, алслагдсан суурин газрын иргэд болон эмэгтэйчүүдийн санхүүгийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд бодлого гаргаж, хэрэгжүүлэхдээ гишүүн байгууллагуудаа дэмжиж ажилладаг. СЗХ нь Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн төдийгүй бодлого боловсруулах, удирдах түвшинд нь ч ажиллаж байна.
Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн ажлын зургаан хэсэгт манай мэргэжилтнүүд ажилладаг. Хорооны дарга, доктор С.Даваасүрэн энэ байгууллагын Захирлуудын зөвлөлийн гишүүнээр 2017 оноос хойш ажиллаж байна. Мөн Хүртээмжтэй даатгалын харилцан туршлага солилцох сүлжээний (MEFIN) Удирдах зөвлөлийн даргаар 2018 оноос сонгогдсон.
Япон, Солонгосын санхүүгийн зохицуулагч, хяналтын байгууллагууд манай хүмүүсийг сургах, мэргэшүүлэх тал дээр их туслалцаа үзүүлдэг. 2016 оноос хойш нийт дөрвөн хүн Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг дээр, 13 хүн Солонгосын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага дээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан.
 
Мөн ХБНГУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага (BaFin) манай хүмүүст зориулсан сургалтыг жил бүр явуулж байгаа. Тус байгууллагаас Бонн хотод зохион байгуулсан сургалтад Хорооны зургаан ажилтан оролцож, Герман улсын зах зээл, даатгалын хяналтын чиглэлээр явуулдаг үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.
 
Бид хоёр талт хамтын ажиллагааны гэрээ, хэлцлүүдийг гадаадын, манайтай ижил санхүүгийн хяналт шалгалтын байгууллагуудтай хийж, хөрөнгө оруулалт санхүүгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хамтран ажилладаг. Одоогоор Хороо есөн улсын санхүүгийн зохицуулагч байгууллага, олон улсын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгуулан ажиллаж байна. Эдгээр санамж бичгийн хүрээнд хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавин хамтарч ажиллах юм. Тухайлбал, Хонконгийн бирж дээр бүртгэлтэй компани манайд үйл ажиллагаа эхлүүлж, томоохон худалдан авалт хийлээ гэхэд нээлттэй компани учир хөндлөнгийн аудит, эсвэл биржийн хяналтынхан энэ ажиллагааны талаар илүү мэдэхийг хүснэ. Мэдээж гадаад улсаас манайд ирээд хяналт шалгалт хийх боломжгүй учраас бидэнтэй хамтарна. Эргээд бид яг ийм төрлийн туслалцаа авна. Их хэмжээний мөнгийг угаах, терроризмын санхүүжилтийн эсрэг тэмцдэг байгууллагууд ч сонирхвол мөн л бид тусална. Ийм хяналт шалгалтын орчныг бүрдүүлэхэд Хорооны гадаад харилцаа чиглэж байгаа юм.
 
-СЗХ-ны гадаад хамтын ажиллагаа өргөжих хэрээр бидэнд тодорхой боломж, таатай нөхцөл үүсч байгаа юм байна. Эцсийн үр дүн гэвэл? 
 
-Хэрэв манай хөрөнгийн зах зээл гадаадынхтай уялдаад бизнесийн төслүүд манайд эсвэл гадаадад мөнгө босгох боломжтой, олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд нь саадгүй арилжаалагддаг байвал бизнесийн төслийн санхүүжилтийг зөвхөн банкнаас биш олон нийт болон санхүүгийн байгууллагуудаас босгох, төрөл бүрийн хөрөнгө оруулалтын сан болон бусад хэлбэрийн санхүүгийн байгууллагууд хөгжих боломж бий болно. Үр дүнд нь өрсөлдөөний улмаас зээлийн хүү буурна, мөнгөний өгөөж нэмэгдэнэ. Энэ бол манай улстөрч, санхүүгийн мэргэжилтнүүдийн хүсээд байдаг үр дүн шүү дээ. Үүнийг бид олон улсын мэргэжлийн байгууллагуудын туслалцаатай л хийнэ. Одоо Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгээр “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны төлбөрийн эсрэг нийлүүлэлт болон Т+2/3 зарчмыг нэвтрүүлэх төсөл”, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн шинэчилсэн төсөлд эрх зүйн зөвлөмж гаргуулах ажлыг хамтран хэрэгжүүлж эхэллээ. Японы Жайка байгууллагын дэмжлэгээр хөрөнгийн зах зээлийн чадавхыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна.
 
-Харилцаагаа тэлэх, гаднын байгууллагуудтай хамтарч ажиллахад бэрхшээлтэй зүйл байдаг уу?
 
-Гадаад харилцаагаа хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө их шаарддаг нь л их бэрхшээлтэй байдаг. Ялангуяа манай байгууллага цалингийн сангаас өөр төсөв мөнгө муутай.
Бидэнд гадаад томилолтын зардлын төсөв байдаггүй. Гадагш хурал зөвлөгөөнд оролцохдоо ихэнх тохиолдолд цаад талын зардлаар явдаг. Бид технологийн дэвшлийн эрин үед ажиллаж байгаа болохоор харилцаа холбоо харьцангуй хялбар, ажил явуулахад амар болж. Гэхдээ л гадаадад зорчих, очиж уулзах, гэрээ хэлэлцээр үзэглэх гээд олон ажил гарна. Ихэнх тохиолдолд бид хүсэлт, санал тавьдаг учраас “Та нар ирээд уулз" гэх нь зохимжгүй байдаг. Мөнгөгүй гээд суугаад байх хэцүү. Бид яаж ийгээд зардал мөнгө олж ажлаа явуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн зохицуулагч байгууллага, донорууд бидэнд сэтгэл гарган тусалж, интеграцид орох үйл явцыг тууштай дэмжиж, олон төрлийн хурал чуулганд СЗХ-ноос оролцуулахын тулд санхүүгийн тусламж үзүүлдэг. Миний ойлгосноор тэд хэрэггүй зүйлд мөнгө зарахгүй байлгуй гэдгийг энд бас дурдмаар байна. 
 
-Байгууллагынхаа ажилтнуудын хөгжилд анхаарах боломж гардаг уу?
 
-Хөгжлийн гол түлхүүр бол хүний хөгжил. Бид хүнээ хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд СЗХ-ны 90 гаруй ажилтан, давхардсан тоогоор 200 гаруй удаа гадаадад томилолтоор ажилласан. Дэлхийн банк, ОУВС болон бусад хамтран ажилладаг газар биднийг дэмжиж, ажилтнуудыг маань санхүү, эдийн засгийн мэргэшүүлэх сургалтуудад хамруулж байна. БНСУ-ын санхүүгийн үйлчилгээний агентлаг (FSS)-ын хэрэгжүүлж буй “Санхүүгийн хянан шалгагчдын түншлэлийн хөтөлбөр”-т хамрагдаж ажлын байран дээрх дунд хугацааны сургалтын гэрээг байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд Хорооны дөрвөн ажилтан дунд, есөн ажилтан богино хугацааны сургалтад хамрагдлаа. Мөн ажлын туршлага солилцох зорилгоор тус агентлагийн мэргэжилтэн Хороон дээр ажиллахаар болсон. Бид хүмүүсээ сургах, мэргэшүүлэхталааридэвхтэй ажиллаж, боломжит сувгуудыг хайж байна. Ялангуяа финтек гэж яриад байгаа технологийн хөгжил санхүүгийн үйлчилгээнд гүнзгий нэвтэрч байгаа. Ядаж л англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байж дэвшилтэт технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хянана, зохицуулна, хөгжүүлнэ. Бид ийм л орчинд ирчихлээ.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин