sonin.mn
СЭЗИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүхтэй ярилцлаа.
 
-Манай улсын эдийн засаг хүндрэлийг даван туулж, харьцангуй тогтвортой өсч эхлээд байна. Энэхүү өсөлтийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх нь илүү оновчтой байх вэ?
 
-Эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд өсөлтийн нөлөөг эдийн засгийн дараагийн шатны үйл ажиллагаанд зарцуулах нь зөв. Тухайлбал, хуримтлалыг хөрөнгө оруулалт руу хийх, үйлдвэрлэлийг шинэ шатны хөгжилд хүргэх, инновацийн салбарт зарцуулснаар эдийн засгийн өсөлт илүү урт хугацаандаа тогтвортой байх нөхцөл бүрддэг.
 
-Манай өнөөгийн нөхцөл байдлыг харвал улс төрийн сонгууль хоорондын циклтэй. Сонгуулийн үеэр маш их хөрөнгө оруулалтууд хийгдээд, сонгуулийн дараа хоосон үлдчихдэг нийтлэг жишигтэй байна. Энэ тал дээр зөв бодлого хэрхэн явагдах ёстой юм бол? 
 
-Би өнгөрсөн жил нэг судалгаа хийсэн. Юу гэхээр эдийн засагт “Шинэ улс төрийн макро экономик” гэдэг салбар байна. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөө эдийн засагт мөчлөгийг үүсгэж байгаа. Ялангуяа манай нөхцөлд бол сонгуулийн нэг цикл дөрвөн жилийн хугацаатай. Дөрвөн жилийн хугацааныхаа гурав дахь жилээс нь эхлээд дараагийн сонгуульдаа зориулаад хөрөнгө оруулалт болон бусад хэрэглээний зардлуудыг гаргаж эхэлдэг. Энэ нь сонгуулийн үр дүнд тодорхой статистик нөлөө үзүүлдэггүй. Харин эдийн засагт үе хоорондын хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Дараагийн үедээ өр, санхүүгийн тогтворгүй байдлыг үлдээчихдэг учраас сонгуулийн дараа гарч ирсэн нам, Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа буй болгосон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх гэж эхний хоёр жилээ зарцуулаад, гурав дахь жилээс нь дахиад л сонгуулийн үйл ажиллагаа руугаа голлон анхаарч, зардал, төсвөө замбараагүй нэмдэг, ийм циклтэй болсон байна.
 
Нөгөө талаас улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлалтай, түүнийхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ нь арай гайгүй байх байсан. Гэтэл манай улсад 2008 оноос хойш улс төрийн намуудын үзэл баримтлалын ялгаа гэж зүйл байхгүй болсон.  Эдийн засагт зүүний болон барууны хоёр өөр нам байснаараа инфляци болон ажилгүйдэл дээр эсрэг нөлөө үзүүлдэг байтал 2008 оноос хойш манай улсын хувьд эдгээр үзэл баримтлалууд хоорондоо холилдоод, ямар ч ялгаа байхгүй болсон байгаа. 
 
 
Түүнчлэн улс төрийн намуудыг дэмждэг, сонгуульд санал өгч байгаа хүмүүс аль нэг намын үзэл баримтлалыг үнэнчээр дэмжиж, партизан маягаар санал өгөх нь багасч, нийт сонгогчдын ихэнх нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, саналаа өгдөг болсон байна. Энэ утгаараа манайд тогтвортой эдийн засгийн болон улс төрийн бодлого явуулах ямар ч үндэсгүй болчихоод байгаа юм.
 
-Эдийн засгийн мөчлөг сөрөх тухайд жишээ нь хэрэглээний зээл хэт их тэлж байгаагийн эсрэг Монголбанкнаас бодлогын арга хэмжээ авч, хэрэглээний зээлийг хязгаарлаж эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг зарим эдийн засагч онцолж байгаа?
 
-Улс төрийн нөлөөнөөс эдийн засгийн цикль хамаарч байгаа тохиолдолд хоёр л боломж бий. Нэгдүгээрт, улс төрөөс үл хамаарах төв банкны бодлого явуулах. Төв банкийг хараат бусаар ажиллаж чадах нөхцөлийг олгох хэрэгтэй. Уг нь хуулиараа төв банкны ерөнхийлөгч 6 жилээр сонгогддог. Хэрвээ төв банкны бүх ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаа дуустал ажилладаг болчихвол мөнгөний бодлого маш тогтвортой, бие даасан байдлаар хэрэгжээд эхэлнэ. Сүүлийн жилүүдийг харвал төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2-3 жил л болчихоод байна. Тэгэхээр улс төрийн намууд үйл ажиллагааны циклдээ төв банкийг давхар оруулчихаад байгаа юм. Ер нь бол хүмүүс эдийн засаг өсөөд эхлэнгүүт маш их хэмжээгээр зээл авчихдаг. Зээл нь ирээдүйд эргээд дарамт болно гэж ерөөсөө боддоггүй. Эдийн засгийн мөчлөг хоёр жил өсөөд, нэг жил унадаг байлаа гэхэд хүмүүс нэг жилийн дараа л амьдрал нь маш хүнд болно гэдгийг тооцоолдоггүй. Ийм нөхцөлд төв банкнаас бодлого хэрэгжүүлж, хэрэглээний хэт их зээлийг хязгаарласнаар иргэдийн өөрсдийнх нь амьжиргааг хамгаалахыг зорьж байгаа юм. Энэ бол төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөчлөг сөрсөн бодлогын нэг хэлбэр мөн.
 
-Ер нь эдийн засагт оролцогчид болон бодлого боловсруулагчид, ард иргэд хэн хүнгүй мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байж тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж ойлгож болох уу. Жишээ нь өрх гэр хуримтлал үүсгэж байж, гэнэтийн санхүүгийн хүндрэлийг даван туулдаг. Үүнтэй адилаар улс орон, компани аж ахуйн нэгжүүд ч тэр их орлоготой үедээ хуримтлуулах нь чухал байх? 
 
-Эдийн засагт оролцогч гурван том субъект үйл ажиллагаа явуулж байна. Өрхүүд, аж ахуйн нэгжүүд, төр. Төр угаасаа л сонгуулийн мөчлөгт уягдсан бодлого явуулж байгаа. Мөчлөг сөрсөн бодлогыг амжилттай явуулах нэг үндэс нь ирээдүйн гурван жилд юу болох вэ гэдгийг маш сайн харж, төсөөлж байх ёстой. Гэтэл яг үнэндээ бид нэг жилээс илүү хугацааны төсөөллийг хийж чадахгүй байна. Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого жилийн дараа үндсэн зорилтдоо хүрч, үйлчилдэг. Бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлээд, эдийн засагт яг үр нөлөөгөө өгөх хугацаа нь урт байдаг. Энэ утгаараа мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлэхдээ төв банкны хувьд ойрын 1-3 жилийн хугацаанд эдийн засагт юу болох вэ гэдгийг маш сайн төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Нөгөө талаас төсөөллийг улс төрийн нөхцөл байдал ямар ч үр дүнгүй болгочихдог.
 
Улстөрчид хэлсэндээ байдаггүй, гэнэт гэнэт янз бүрийн шийдвэр гаргадаг, эсвэл шийдвэрээсээ ухардаг. Тэгэхээр улстөрчид эдийн засаг дахь шийдвэр гаргалтын тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа. Түүнийг дагаад бидэнд маш их эрсдэл бий болж байдаг.
 
Хүлээлт, бодит байдал хоёр зөрөөд эхлэхээр ялангуяа бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа хүлээлттэй болчихдог. “Би энэ бизнесийг хийхэд, надад миний төлөвлөсөн ашиг ирэх үү, үгүй юу” гэдэг хүлээлт. За бизнесээ эхлүүлээд байж байтал гэнэт л татварын хуулиа өөрчилчихдөг. Гэх мэтчилэн улс төрийн нөхцөл байдал эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоод байна.
 
-Тийм учраас Төвбанкны бодлого тогтвортой байж улстөрчдийн бодлогогүй үйлдлийг хазаарлах ёстой байх?
 
-Яг тийм. Мөнгөний бодлого маш тогтвортой, тууштай байх хэрэгтэй. Сангийн бодлого угаасаа л улс төрөө дагаж явна. Тэрний хажуугаар эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн онд хууль эрх зүйн шинэчлэлээр төв банкны хараат бус байдлыг харьцангуй нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргалтын нэг хүнээс хамааралтай байхыг зогсоосон нь төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд маш том алхам болсон.
 
-Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүллээ гэхэд үр дүн нь хэзээ харагддаг юм бол? 
 
-Мөчлөг сөрсөн бодлогыг 3 жил хэрэгжүүллээ гэхэд үр нөлөө нь түүний дараах 3-4 жилд гарна гэж харах хэрэгтэй. Тийм учраас 6-7 жилийг нийтэд нь харж байж, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу.
 
-Сонгуулийн жил дөхөж байна. Дахиад л төсөв тэлж, зарцуулалт нэмэгдэх байх. Төв банкны хувьд энэ тохиолдолд хэрхэн ажиллах ёстой вэ?
 
-Зөвхөн ирэх жил ч биш, энэ жилийн төсөв ч бас нэлээд их зардалтай, алдагдалтай батлагдсан. Сонгуулийн жилд мөн л нэмэгдэх байх. Өмнөх жилүүдийн мөчлөгийг харвал тэгж л харагдаж байгаа. Энэ тохиолдолд төв банкны зүгээс мөнгөний бодлогын хүүг чангаруулна гэдэг мессежийг л байнга өгч байх хэрэгтэй.
 
-Эдийн засаг 2016 оны сүүл үеийг бодвол харьцангуй хөл дээрээ тогтлоо. Энэ амжилтад хүрэхэд Засгийн газар, төв банкны аль алиных нь хүчин чармайлт их байсан байх. Таны харж байгаагаар төв банкны эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөөлөл ямар байсан бэ? 
 
-2016 оноос хойш төв банкны хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь төсөвтэйгөө уялдаатай бус, өөрөөр хэлбэл, төв банк өөрийнхөө үүргийн хүрээнд л явагдсан гэж харж байгаа. Өмнөх засгийн үед стандарт бус мөнгөний бодлого хэрэгжээд мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо холилдсоноор ямар үр дүнд хүргэснийг бид мэднэ. Үүнээс сургамж авч, аль болох төсвөөс үл хамаарсан, бие даасан бодлого явуулсны ач тус харагдаж эхэлсэн. Тухайлбал, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн, инфляци тогтвортой байна. Мөн зээлийн жигнэсэн дундаж хүү буурсан. Эдийн засгийн хүлээлт сайжирсан гэх зэргээр дурдаж болно. Гэхдээ 2020 оноос эхлээд эдийн засгийн нөхцөл байдал гадаад талдаа тийм ч таатай бус болох нөхцөл ажиглагдаж байна. Хятад, Америкийн худалдааны дайн цаашлаад бүр технологийн дайн болж хувирах ч магадлалтай болчихлоо. Урд хөрш манай голлох түнш орон учраас тус улсын эдийн засагт өөр нөхцөл байдал үүсэх нь манай голлох түүхий эдийн үнэ буурахаас эхлээд таатай бус үр дагаврыг авчрах магадлалтай. Ийм нөхцөл дээр улс төрийн тоглолт нэмэгдвэл бүр л их хүндрэлийг бий болгох байх гэсэн болгоомжлол байна. Гэх зэрэг маш олон зүйлийн давхцалтайгаар Монгол Улс 2020 оныг угтах болов уу.
 
 
Б.Сүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин