sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар, ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч Г.В.Жидко, штабын орлогч дарга, хошууч генерал А.Н.Галанов, хурандаа А.П.Литвиненко болон албаныхан манай улсад айлчилж байна.  
 
Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат албаны бие бүрэлдэхүүнийг угтан авч, хүндэтгэл илэрхийлсэн төдийгүй УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч,  хурандаа генерал Г.В.Жидког хүлээн авч уулзлаа. 
Манай хоёр орны цэргийн харилцаа амжилттай хөгжиж байгаа бөгөөд үүнд Оросын цэргийн удирдлага ихээхэн анхаарч, дэмжиж ирсэнд талархаж буйгаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, энэ харилцаанд манай зэвсэгт хүчний ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойрогтой тогтоосон хамтын ажиллагаа чухал байр эзэлдэг. Бид өнгөрсөн зууны 30-аад оноос тэр үеийн Өвөрбайгалийн цэргийн тойрогтой, хожим нь Сибирийн цэргийн тойрогтой харилцаж байсан уламжлалтай хэмээв.  
 
 
ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч,  хурандаа генерал Г.В.Жидко, манай улсын Зэвсэгт хүчнээс дэмжиж буй цэрэг-техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд хамгийн тодорхой арга хэмжээг дээр дурдсан цэргийн тойрогтой хэрэгжүүлсэн. Цаашид ч хамтын ажиллагаа тийм арга барилаар, үр дүнтэй хөгжинө гэж найдаж байна. Бид цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай урт хугацааны хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүд дотор манай Зэвсэгт хүчин, танай тойргийн хамтын ажиллагааны тухай тодорхой туссаныг хэрэгжүүлж жил бүр төлөвлөгөөтэй ажиллах нь үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. 
Мөн Командлагч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улсын зэвсэгт хүчний удирдлагатай хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа нь нэн ач холбогдолтой гэдгийг талууд тэмдэглэв.