sonin.mn
Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Давидсон манай улсад айлчилж байна. Адмирал Давидсонд төрийн хүндэт харуул угтан авсны дараа Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзсан юм. Уулзалтад Монгол Улсын талаас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцлоо.
 
 
Хошууч генерал А.Ганбат хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг онцлоод, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас анхаарч ажилладаг тухай уулзалтын эхэнд онцлов. Тэрээр хоёр талын Хуурай замын цэрэг болон Агаарын цэргийн командлалууд хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан мөн АНУ-ын талаас манай Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.
 
Тодруулбал, АНУ-ын “Дэлхийн энхийн санаачилга (GPOI)”хөтөлбөрийн санхүүжилтээр манай Зэвсэгт хүчний 1500 гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төрөл бүрийн дамжаа, олон улсын сургуульд оролцож, туршлага хуримтлуулсныг дурдаад Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, Соёлын төв, спорт заал барих ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг цохон тэмдэглэв. Өдгөө Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын санхүүжилтээр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургууль 17 дахь жилдээ явагдах гэж байна. Энэхүү олон улсын сургууль нь жилээс жилд өргөжиж, оролцогч орнууд болон цэргийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа гээд “Хааны эрэлд-2019” сургуулийн нээлтэд өөрийн биеэр оролцох гэж байгаад талархал илэрхийлж байв. Уулзалтын төгсгөлд хоёр орны Зэвсэгт хүчин энхийг дэмжих чиглэлд хамтран ажиллаж, сайн үр дүнд хүрч байгаа талаар талууд харилцан ярилцсан юм.
 
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин