sonin.mn
ПЁНЬЯН. /Xinhua/. БНХАУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин мэдэгджээ.
Си Жиньпин энэ талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Унтай төрийн хүндэтгэлийн зоог барих үеэрээ илэрхийлжээ. Мөн тэрбээр, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр талын уламжлалт найрсаг харилцааг сайшаасан байна.
Талууд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн тулд найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай талаар санал нийлжээ.
Ким Жөн Уны удирдага дор Солонгосын Ажилчны нам, БНАСАУ-ын ард түмэн эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын амьжиргааг сайжруулах стратегийн шинэ чиг шугамыг санаачилж, улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд авчирсан гэж Си Жиньпин хэлсэн байна.
Үүний хариуд Ким Жөн Ун, социалист бүтээн байгуулалтад гаргаж буй хоёр талын хамтарсан хүчин чармайлт нь зовлон жаргалаа хуваалцах, хамтран ажиллах, бие биеэ дэмжих уламжлалыг бий болгосон гэжээ. Мөн тэрбээр, хоёр улсын найрамдлыг хадгалж буй цөм нь социалист систем болохыг өнгөрсөн онд болсон дөрвөн удаагийн уулзалт нотолсон гэж нэмж хэлжээ.
Си Жиньпиний энэхүү айлчлал БНАСАУ-Хятадын найрамдалт харилцаанд шинэ гайхалтай хуудсыг нээж байгаа гэдгийг БНАСАУ-ын удирдагч онцлоод, бид хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ гэж хэлсэн байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг