sonin.mn
Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас жил бүрийн зургаадугаар сарын 26-ныг Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан энэ сарын 26-нд “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н. ОЮУНДАРЬТАЙ ярилцлаа.
 
-Манай улсын хувьд эрүүдэн шүүхийн эсрэг гэрээ конвенцод хэзээ нэгдэв. Конвенцыг хүчин төгөлдөр мөрдөж чадаж байгаа юу?
 
-УИХ-аас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр баталж, тус нэмэлт протокол 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон, эсвэл түүнийг соёрхон баталснаас түүнд нэгдэж орсноос хойш нэг жилийн дотор оролцогч улс бүр үндэсний төвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэг болон түүнээс дээш байгууллагыг байгуулах, томилох асуудлыг шийдвэрлэх ёстой.
 
-Эрүү шүүлттэй холбоотой хохирогчийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Олон улсын зөвлөмжийг даган мөрдөж  байгаа гэсэн үг үү?
 
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу эрх зүйн орчноо сайжруулах, урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгохыг зөвлөдөг. Мөн энэ төрлийн гэмт хэргийг шалгах хараат бус үр дүнтэй тогтолцоог бий болгох, хохирогчдын эрхийг сэргээх механизмыг бий болгох, төрийн албан хаагчдыг сургалтад тогтмол хамруулах зэрэг багц зөвлөмж өгсөн. 2005 онд НҮБ-ын тусгай илтгэгч Мандфред Новак Монголд ирж ажиллан зөвлөмж өгсөн, УИХ-ын чуулган энэ асуудлаар хоёр өдөр хуралдаж, тогтоол гаргасан.
 
Монгол Улсад эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаар НҮБ-ын ерөнхий ассамблейгаас Монгол Улсад зөвлөмж хүргүүлсэн. Ингэхдээ тус нэмэлт протоколд заасан шаардлагыг бүрэн хангахуйц төсөв, хүний нөөц, үйл ажиллагааны хувьд хараат бус, бие даасан статус бүхий байгууллагыг байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.
 
Протоколд нэгдэн орсны дараа урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисст хариуцуулахаар Засгийн газрын түвшинд ярилцаж байсан боловч одоог хүртэл шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
 
-Иргэдээс ирүүлж байгаа гомдлыг ангилж үзвэл аль байгууллагын албан хаагчтай холбоотой гомдол олон байна вэ?
 
-Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдаснаар зөвхөн 2017 онд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа, эрүү шүүлттэй холбоотой асуудлаар комисст иргэдээс 51 гомдол, мэдээлэл ирүүлсэн байдаг. Эдгээрээс 40 нь цагдаагийн, үлдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байна. 2018, 2019 оны тоон мэдээнээс хархад ч эдгээр байгууллагын албан хаагчидтай холбоотой гомдол ихэссэн. Эрүүдэн шүүлт анхан шатандаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн их байна. Эрүү шүүлт, дарамтад орсон хүн прокурор, шүүхэд очоод энэ байдлаа илчилж чадалгүй шийтгүүлж байна.
 
Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монголд саяхан ирж ажилласан, ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэж, гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэдэг нь Чимгээ, Содномдаржаа нарын хувьд олон нийтэд ил болоод байна.  
 
Энэ хэргийг цагдаагийн байгууллага дахин авч үзэж, шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж прокурор, шүүхээс суллах шийдвэр гаргаж шинэ нөхцөл байдалд мөрдөн байцаалтыг явуулна байх гэж бодож байна.
 
-Манайд эрүүдэн шүүхийн эсрэг сургалт, соён гэгээрүүлэх ажил хийж байна уу. Конвенцод энэ талаар юу гэж тусгасан байдаг вэ?
 
-Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улс аливаа хэлбэрээр баривчилсан, саатуулсан, хорьсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан, бусад хүний сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын  материал, мэдээллийг бүрэн тусгана” гэж заасан ч манайд одоогоор энэ чиглэлийн хичээлийн агуулга хангалтгүй байна.
 
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байна гэсэн үг үү?
 
-Конвенцод оролцогч улс нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль зүйн, шүүхийн, захиргааны болон бусад үр дүнтэй арга хэмжээ авах үүрэгтэй. Хууль зүйн арга хэмжээ нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал юм. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд байсан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгон хуульчилж өгсөн. Гэсэн хэдий ч эрүү шүүлт тулгасан этгээдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хууль хүчний байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг 4 мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд бие биеэ шалгаж байгаа нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүрэн дүүрэн, бодитой шалгах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Харамсалтай нь, манай улс энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаагаас хуулийн байгууллагуудын түвшинд тэр дундаа хэрэг шалгах явцад эрүү шүүлтийн нөхцөл байдал дээрдэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүү шүүлтийг хориглож, Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хуульчилсан боловч, Монгол Улсад оршин тогтносоор л байна.
 
-Өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэчлэл хийж байна гэж их ярилаа.Бодитой ямар шинэчлэл хийв. Иргэд шүүх шударга бус ажилладаг гэж одоо шүүмжилсээр байна шүү дээ?
 
-Шүүхийн шинэтгэл хийж байна гэсэн сүржин нэрийн доор өндөр цалингаас өөр үнэндээ бодитой шинэчлэл хийсэнгүй. Шинэчлэл нэрийн дор баталсан хуулийн нэлээдгүй заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хүчингүй болоод байна. Өндөр цалин аваад шударга болчихдоггүй, асуудлыг шийдэхгүй гэдгийг өнөөдрийн жишээ харуулж байна. Иймээс бид нийгмээсээ, тогтолцооноос энэ асуудлыг эхлэх ёстой. Монголчууд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Бид ирээдүйн боловсон хүчнээ цэцэрлэгт, сурагч байхаас нь цаашлаад оюутан байхаас төлөвшүүлэн бэлтгэх шаардлагатай. Эндээс шударга иргэн төлөвшиж, шударга ёс тогтох ёстой. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалж ажиллан, шударга шүүхийн засаглалыг бүрдүүлэхэд хууль сахиулах байгууллагуудын эрх мэдлийн дахин  хуваарилалт хуулийг илт буруу хэрэглэж, бусдад давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг. Ядруу дорой нэгэнд шүүх хатуурхдаг, мөнгө эрх мэдэлтэй хүнд зөөлөн ханддаг гэж шүүхийн ёс зүйн хороонд жилдээ 300-гаад өргөдөл очдог.
 
-Шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулж болохоор байна вэ?
 
-Үүнийг өөрчлөхийн тулд тогтолцооны шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай. Бид өнөөдөр шударга бусын хонгил гэж их ярьж байна. Үнэхээр байна уу гэвэл, байна. Улс төрийн өрсөлдөгчөө, бизнесийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль хүчний байгууллагуудыг ашиглаж байна. Хуулийн байгууллагууд эрх мэдлээрээ далайлган бизнесийнхний гар хөлийг хүлж, хүссэнээрээ дарамталж, татвар хурааж эхэлсэн тэр цагаас өнөөх шударга бусын хонгил үүссэн. Улмаар хуулийн байгууллагын энэ эрх мэдлийг гартаа авахын тулд тэдгээрийн дарга нарыг томилох эрх мэдлийг төрийн өндөрлөгүүд өөрсдөдөө авч эхэлсэн нь шударга бусын хонгил улам төгсөрч эхэлсэн.
 
Үндсэн хуульд заагаагүй 50 гаруй эрх мэдлийг бусад хуулиар Ерөнхийлөгчид олгосон юм байна. Тухайлбал, АТГ-ын дарга, дэд дарга, ШЕЗ-ийн гишүүд, прокурор, шүүгчийн томилгоо багтдаг. Тодруулбал, 2012 онд Шүүхийн багц хуулийг баталж, эрх бүхий байгууллагуудаас ШЕЗ-ийн таван гишүүнийг сонгох тэдгээр нь дотроосоо нэр дэвшүүлэх замаар даргыг нь томилдог байхаар хуульчилсан. 
 
Гэтэл уг хуулийг батлаад жилийн дараа дахин өөрчлөлт оруулж ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болсон. Шүүгчийн томилгоонд Ерөнхийлөгч шууд оролцож эхэлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч томилж байна. ТЕГ-ын даргыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар томилж байгаа.
 
-Таныхаар үүнээс гарах гарц, гаргалгаа нь юу вэ?
 
-Бид энэ бүхнийг таслан зогсоохын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, улстөрчдийн эрх, нөлөөг багасгах, хууль шүүхийн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгож байж шударга бус асуудал, эрүүдэн шүүлттэй тэмцэж чадна. Төрийн бусад байгууллагууд шат шатандаа анхаарахаас гадна хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоо, санаачлага их чухал байна. Мөн юу юугүй цагдан хорих ангид урьдчилан хорихгүй байх. Эрх мэдлийн дахин хуваарилалт, институцын амбицийг дарах, ял зэм хүлээлгэхээс урьтаж, хүний эрх, эрх чөлөөг чухалчлах хэрэгтэй байна.