sonin.mn
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттид өнөөдөр (2019.06.24) Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бараалхлаа. 
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны 15 жилийн ой тохиож буйд баяр хүргэхийн ялдамд Монгол Улс “гуравдагч хөршүүд”-тэйгээ түүний дотор Швейцарын Холбооны Улстай найрсаг харилцаагаа хөхиүлэн дэмжиж, Монгол Улсын Засгийн газраас ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн үнэт зүйлсэд суурилсан хоёр талт харилцааг цаашид бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ирснийг онцлов. 
Мөн тэрбээр, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд баяртай байна гээд өнгөрсөн 04 дүгээр сард Швейцарын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхээр тохиролцсоныг дуулгасан. Түүнчлэн Монгол Улс Швейцарын Холбооны Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, боловсрол, спорт, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ. 
 
 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буйг дурдан, Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарын Хамтын ажиллагааны стратеги 2021-2024 онд үргэлжлүүлэн хэрэгжих болсонд талархал илэрхийлэв.
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти уулзалтынхаа эхэнд Гадаад харилцааны сайдтай хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа баяртай байгаагаа онцолсон. Мөн хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа хөдөө аж ахуй, боловсрол болон худалдааны салбарт ахиц гарсанд таатай байгааг тэмдэглэв.
Түүнчлэн тэрбээр, хоёр орны хооронд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ тус улсын компаниуд монголд хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг дуулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.