sonin.mn
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2019 оны 6-р сарын 24 – Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх “Төсвийн зардлын тойм судалгаа: Өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нь” хэмээх Дэлхийн Банкны шинэ тайланд тус улс тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бааз, суурь, бодлогоо улам бэхжүүлэхийг зөвлөжээ. Мөн урт хугацааны хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбарт тусгайлан анхаарахыг тайланд мөн дурьджээ. 
 
 
 
“Өр өндөрт түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засгийг гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэргээс хараат хэвээр байлгаж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжийг хангалттай бий болгох нь зүйтэй” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлон тэмдэглэв.  
Төсвийн хөрөнгө оруулалт 2010-16 онуудын хооронд дунджаар ДНБ-ний 11 хувьтай тэнцэж байсан нь олон улсын түвшинд өндөрт тооцогдож байна. Гэвч хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг сул байж ирсэн.
“Энэхүү тайланд Монгол улс төсвийн хөрөнгө оруулалын үр ашгаа сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх зарим зөвлөмжийг оруулсан. Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, зураглал гаргаж, хэрэгжүүлэх нь нэн чухал юм” гэж Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, тайланг голлон удирдаж ажилласан ноён Жийн-Паскаль Нгану онцлов. 
 
Төсвийн орлого тогтворгүй байгаа өнөөгийн орчинд төсвийн орлогыг уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэхийг мөн тайланд зөвөлжээ. Тухайлбал, татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо, хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх зэргийг дурьдаж болно. Мөн НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг мөн онцолжээ. 
 
Тайланд онцолсон бас нэг асуудал бол төсвийн цалингийн зардал юм. Цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нь нэлээд хурдан өсөж байгаа ба төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна. 
“Төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлтийг яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнөөс төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарлахаар байна. Энэ байдал нь мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг бий болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг харуулж байна” гэж Дэлхийн Банкны улсын салбар хариуцсан мэргэжилтэн, тайланг хамтран удирдан ажилласан хатагтай Д.Бадамчимэг онцлон тэмдэглэлээ.
Харин нийгмийн салбарын хувьд үр дүн янз бүр байна. Суурь боловсролын хамралт болон боловсролын салбарын төсөв бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад ойролцоо түвшинд байгаа хэдий ч төсвийн төлөвлөлт сул байна. Тухайлбал, боловсролын салбарын нэг ажилтанд ногдох цалин буурч байхад эсрэгээр цалингийн сангийн зардал хурдтай нэмэгдэж байна. Мөн хичээлд хэрэглэгдэх сургалтын материалд бага төсөв хуваарилаж байгаа ч, өртөг өндөртэй тоног төхөөрөмжид төсөв ихээр зарцуулж буй зэрэг асуудлууд байсаар байна. Чанартай сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ялангуяа малчдын хувьд хязгаарлагдмал хэвээр байгаа нь анхаарах асуудлуудын нэг хэвээр байна. 
 
 
Эрүүл мэндийн салбарын төсвийн ДНБ-д эзлэх хувь 2003 онтой харьцуулахад нэлээд буурсан, бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад бага байгаа юм. Монгол улс нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа ч халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг тодотгожээ. Үүнд анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар хурдтай нэмэгдэж байгаа архаг өвчлөлийн эзлэх хувийг бууруулж, салбарын төсвийг илүү оновчтой болгон, орон нутаг ба үйлчилгээ үзүүлэгчийн түвшинд удирдлагыг сайжруулах зэргээр үйлчилгээнүүдийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. 
Мөн тус тайланд насжилт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгааг онцлон тэмдэглэжээ. Засгийн газар 2030 он гэхэд тэтгэвэрийн сангийн алдагдлыг хаах зорилгоор төсвөөс олгож буй татаасын дээд хэмжээг ДНБ-ий 2%-тай барихаар зорилт тавьсан.
 
Гэвч зарим ажилчдыг тэтгэвэрт гарахдаа авах тэтгэврийг нь насаараа ажиллан, байнга шимтгэл төлж ирсэн бусад олон ажилчидтай харьцуулахад хамаагүй бага зардлаар нөхөн тооцуулах боломжийг олгосон, малчдын тэтгэврийн насыг багасгасан болон бусад тэтгэврийн сангийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй арга хэмжээнүүд нь одоогийн байдлаар ДНБ-ий 2 хувийг эзэлж байгаа төсвийн татаасыг, цаашид ямар нэг дорвитой шинэчлэлт хийхгүй бол, 2030 он гэхэд 6 хувь болтол өсгөн, улмаар 2050 он гэхэд 11 хувь хүргэх төлөв ажиглагдаж байна. 
 
Эцэст нь, тайланд төсвийн асуудлыг хариуцсан гол байгууллагуудын үүрэг, хариуцлагуудыг авч үзэн, тэдний хоорондох уялдаа, холбооны асуудлыг хөндсөн байна. Тэдгээр байгууллагуудын гүйцэтгэл, үр дүн харилцан адилгүй боловч ирээдүйн аливаа шинэчлэлийг  татварын бодлого, захиргаа, төрийн алба, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, тэтгэвэр ба тайланд шинжлэн дүгнэсэн бусад асуудлуудын хамтаар, цогцоор анхаарч авч үзэхийг мөн онцолжээ.