АТГ-аас сарын бүрийн 25-ны өдөр шалгаж буй хэргүүдийнхээ талаар мэдээлэл өгдөг.  Тэгвэл өчигдөр  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр  нар мэдээлэл хийлээ.  Тэд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчлаад суллах шийдвэр гаргасан асуудлаар тайлбарлахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй  баривчилсан.  Гэхдээ энэ нь хуулийн дагуу явагдсан процесс гэв.   Учир нь М.Энхсайханыг  гэмт хэрэг үйлдсэн талаар гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд энэ ажиллагаа нь прокурорын хяналт дор явагдсан юм байна.  Шүүхээс М.Энхсайханыг сулласан ч гэлээ одоо тус газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.  Түүнчлэн АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг шалгаж  дуусаад шүүхэд шилжүүлэхэд  бэлэн болсон гэв.
АТГ-аас өнгөрсөн сард 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна. 
 
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар дөрвөн албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогджээ.
 
Үүнд, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ, Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа нар багтжээ. Тиймээс албан тушаалтнуудад сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага хүргүүлээд  байна гэлээ.
Мөн өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв, Эрдэнэтийн “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж, “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзэж саналаа холбогдох хүмүүст хүргүүлжээ.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин