sonin.mn
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай  Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр  Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.07.04) хуралдлаа. 
2019 оны долдугаар сарын 2-ны өдрийн Байнгын хороодын хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүд өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд, ажлын дэд хэсэг бүрээс ирүүлсэн саналын томъёоллыг нэгтгэн хэлэлцэхээр Томъёоллын Ажлын дэд хэсэг шуурхай хуралдсан. 
 
Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалын гаргасан саналын дагуу хуралдах дэг, зарчимаа тогтох саналыг гишүүд хэлэлцээд, саналын томъёолол бүрийг зөв утга найруулгатай болгохын тулд өгүүлбэр, үг, үсэг болгоныг тал бүрээс нь нягтлан судалж, хууль зүйн техникийн дагуу болгохоор тогтов.
Ингээд саналыг зөв томъёолох эрх хэмжээ, үүргийн дагуу санал бүрийг нэг бүрчлэн, нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбартай нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.