sonin.mn
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы отгон хуралдаан (2019.07.05) 61.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 17 минутад эхэллээ. Хуралдаанаар зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон хамт өргөн батлагдсан Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиуд болон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг тус тус сонсгов. Үргэлжлүүлэн, Бага дунд боловсролын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хууль, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх зэрэг 29 хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсголоо. 
 
 
Үүгээр Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Тэрбээр хаврын ээлжит чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажилласан болохыг онцоллоо. Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарсан гэдгийг тэрбээр тэмдэглэв. Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна.
 
 
Үүнийг 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ. Түүнчлэн энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байгааг Улсын Их Хурлын дарга цохов. Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагааны талаар болон ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг, сонсголын талаар дурдав. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг гэдгийг тэрбээр тэмдэглэж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.