Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлсэн эл өдрүүдэд энэ талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 61 нь “хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжсэнээр нийгмийн захиалгыг гүйцэтгэх, ард түмний хүслийг биелүүлэх “Галт тэрэг урагшилсан юм. Одоо хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын баяр наадмын дараа буюу энэ сарын 16-20-ны хооронд зохион байгуулахаар болсон. Үүний дараа гурав дахь хэлэлцүүлэг хийх эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Нийгмийн захиалга, ард түмний хүсэл хэмээн тодотгосон нь “эцэг” хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэгт шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнээс энгийн иргэн хүртэл бүх нийтээрээ санал нэгдсэн учраас  тэр. “Эцэг” хуульд дуртай болгон нь гар хүрч, хэзээ ч хамаагүй салхи оруулах ёсгүй ч энэ удаад өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, алдаа дутагдалтай уялдуулан улс орон, ард иргэдийн одоо болон ирээдүйн сайн сайхны төлөө салхи оруулахаас аргагүй цөхцөл байдалд хүрсэн билээ. Учир нь, манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан дагаж мөрдөөд багагүй хугацаа буюу 27 жилийг өнгөрүүлээд байна. Эл хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэчлэл хийсэн  ч энэ нь тийм ч хангалттай бус гэдгийг өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал гэрчилж  буй.
 
Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал байгаа тул амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг билээ. Үүний арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулах явдал гэдэгтэй хэн ч маргаагүй. Тиймээс л улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулж, Монгол Улсын ирээдүйн замыг тэгшитгэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрт санал нэгдсэн юм Үндсэн хууль гэдэг тухайн улс орны тусгаар тогтнол, хөгжлийн чиг баримжааны тулгуур учраас “Эцэг” хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээс гадна ард иргэдийн саналыг сонсч төсөлд тусгаж буйд олон нийт өндөр үнэлгээ өгөөд байна.
 
Харин одоо Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр улс төрийн тогтолцооны гацааг арилгах үе шаттай дэвшил авчирна гэж олон нийт итгэж хүлээж байна. Тэдний итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд Засгийн газар, УИХ-ын гишүүд, хуульч судлаач, доктор, профессор, эрдэмтэд хуулийн хүрээнд улс төрийг гацаанаас гаргасан, иргэдэд өгөөжтэй, нийгэмд тустай, эдийн засагт ээлтэй, оновчтой, ямар нэгэн алдаа дутагдалгүй, чамбай сайн өөрчлөлт оруулахыц төлөө санал бодлоо солилцон бүх шатанд хэлэлцүүлж байгаа юм. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлснийг онцлон хүргэе.
 
ЗАДРАЛААС НЭГДЭЛ РҮҮ ЯВАХ БОЛОМЖ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
 
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: 1992 онд Үндсэн хуулийг баталсны дараагаас өөрчлөх, засах зүйл байна гэх яриа 27 жил үргэлжилсэн. 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, дээрдүүлж, дутуудуулж, хэтрүүлсэн. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг оруулж ирж байсан. Гэтэл нэг нам 50 гишүүнтэйгээр сонгуульд ялалт байгуулахад нэг хүн байхгүй бол ирц бүрдэхгүй байснаас 160 удаа хурал хаясан, тэр хэрээр Засгийн газар огцорч, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байх зэрэг олон бэрхшээл тулгарч байсан. Үүнд үндэслэн 2000 онд  39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болох эрсдэлтэй. Энэ 20-ын 15 нь Засгийн газрын гишүүн байвал УИХ хууль батлах үндсэн чиг үүрэг алдагдах юм. Тиймээс одоо нийт гишүүний олонх буюу 39 нь зөвшөөрч байж, хууль батлахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдралд тулгарч байгаа практикийн олон өөрчлөлтөөс үүдэн хамгийн сайн шийдлийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа. Энэ бол дордуулсан долоон өөрчлөлтийн нэгийг л өөрчилж байгаа заалт.
 
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хугацаанд ярьж, судалж, ард түмнээс  санал авч, олон хэлэлцүүлгээс сайн, зөвийг нь шигшин авч байгаа. Б.Чимид багш "Үндсэн хууль бол хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө биш ард түмний хүсэл эрмэлзлэлийг араг яс, судсаар зангидсан тогтолцоо. Түүнээс нэг л судсыг таслахад системд шарх үүсгэнэ. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харууллаа” гэж байсан. Энэ системийн шарх 2000 оноос хойш хүндэрсээр буглаа болж, системээ доголдуулаад байгаа учраас засах зайлшгүй шаардлагатай. 
 
Задралаас нэгдэл рүү явах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хэлж болно. Тиймээс иргэдийн олонх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.
 
АН ХУРУУ БАЙТУГАЙ ХОШУУ Ч ДҮРЭХГҮЙ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА
 
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сүүлийн 20-иод жил ярьсан. Олон суурь судалгаа, иргэд сонгогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэсэн. Тухайлбал, Дархан, Эрдэнэтийг  үеийн үед хотын статустай болгоё гэдэг. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд оруулах нь сөрөг талтай. Тиймээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуульчилж өгөх зохицуулалтыг төсөлд оруулж байгаа.
 
Үндсэн хуульд ерөнхий зохицуулалт хийхгүй бол тодорхой тохиолдолд тухайн үеийн сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Дүүрэг иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг, нутаг дэвсгэрийнхээ нэгжид суурилсан суурьшлыг нэгэнт бий болгосон. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр дүүргүүдийг хотын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндсийг бий болгох ажлыг хийж байна.
 
Үүнээс гадна байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо, ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Баялгийн сан байгуулах зохицуулалтыг оруулж байгаа. Харамсалтай нь, АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуруу байтугай хошуу ч дүрэхгүй байгаад харамсч байна. Баялгийн сан байгуулж ирээдүй хойч үедээ өв үлдээх нь буруу зохицуулалт биш.
 
ДОГОЛДОЛТОЙ ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ ЗҮЙТЭЙ
 
УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ: -Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ямар эрх мэдэлтэй байдаг, тэр зарчмаар л явах хэрэгтэй. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байхыг шийддэг, төсвөө мэддэг, түүндээ хариуцлага хүлээдэг, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг, гүйцэтгэх эрх мэдэл, илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, хяналтыг сайжруулах өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улс оронд гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Энэ жишгээр парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх мэдлээрээ дамжуулан Засгийн газартай давхардуулсан, заримдаа зөрчилдсөн бодлого санаачилж, гүйцэтгэх эрх мэдэлрүү хэт орж, эцэстээ хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болгоод байгаа. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн шүүгч томилох эрх мэдлийг маш тодорхой заасан ч энэ нь сүүлийн 25 жил зөрчигдсөн. Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн байдаг. Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм. Томилно гэдэг нь үүрэгдүүлсэн утгыг хуульд илэрхийлдэг. Татгалзах эрхгүй гэсэн үг л дээ. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Дээд шүүхээс гараад ирсэн нэрийг Ерөнхийлөгч томилох л үүрэгтэй, татгалзах эрхгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн 25 жил Ерөнхийлөгч татгалзаж ирсэн гэх мэт доголдолтой олон асуудлыг шийдэх нь зүйтэй.
 
ӨМНӨХ АЛДААГ ЗАСЧ, ЗАЛРУУЛАХ ЁСТОЙ
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.МӨНХСАЙХАН: -Өнгөрсөн 27 жилийн хугацаа шулуун дардан байгаагүй. Олон бэрхшээл тулгарч заримыг нь шийдсэн ч орхигдуулсан тал бий. Эдгээр бэрхшээлийн дийлэнх нь хөгжиж байгаа аль ч улс оронд тулгардаг. Гэхдээ тодорхой цөөн зүйл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд тодруулга хийж, шийдэх шаардлагатай. 2000 онд тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ хоорондын харилцаанд үүссэн хямралыг шийдэхийн тулд Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1996-2000 онд УИХ-ын 76 суудлын 50-ыг авсан олонх чуулганы хуралдаанаа хийж, хуулиа баталж чадахгүй, Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшүүлэх асуудал Ерөнхийлөгч дээр гацдагийг засахын тулд тэрхүү өөрчлөлтийг хийсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зөвшөөрсөн нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт, энэ хоёр эрх мэдэл бие биеэсээ тусдаа байх нөхцөлийг бүдгэрүүлсэн.
 
Түүнчлэн 76-хан гишүүнтэй парламент гэсэн онцлогоо харгалзаагүйгээс болоод 39 гишүүн цуглаад 20 нь хууль батлах боломжтой болсон. Энэ мэтээр 2000 оны нэмэлт, өөрчлөлт шүүмжлэл, бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг засч залруулах нь зөв хэмээн ярьсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт сул, Засгийн газрын хэт тогтворгүй, шүүх эрх мэдлийн бие даасан байдал сулаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сөхсөн. Эдгээрийг засч, залруулах ёстой.
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ГЭСЭН АГУУЛГА ОРУУЛСАН
 
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: -Үндсэн хуульд гол Улсын тогтвортой хөгжил, хөгжлийн бодлого гэсэн үг байхгүй байсан. Бүх улс орон өөрийн гэсэн хөгжлийн загвар, бодлого, төрийн хар хайрцагны бодлоготой. Гэтэл манай улсад Засгийн газар, ялсан нам болгон нь бодлогоо гаргаж, доороо хий эргэж, 27 жил Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжихгүй байнга улстөржсөн, хийрхсэн байна. Энэ чөтгөрийн тойрог, хийрхсэн улстөржилт эргээд эдийн засагт, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, нийгэм бухимддаг. Энэ нь эргээд хоосон улстөржилт хийдэг популистуудад өгөөш болсоор ирлээ. Ямар ч нам ялсан, ямар ч Засгийн газар гарсан нэг бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг бол Монгол Улс хөгжинө. Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй.
Иймд бид төслийн 25.1.7-д “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого...” гэдэг агуулгыг оруулж  ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо Засгийн газар, улс төрийн намаас үл хамааран УИХ-аар тодорхойлж, батлуулан Засгийн газар хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байя гэж байгаа юм.
 
ЗАСГИЙН ГАЗРЫГ БОГИНО ХУГАЦААНД БҮРДҮҮЛДЭГ БОЛГОХ ЗААЛТЫН САНАА НЬ ЗӨВ
 
Хуульч Б.ЭНХБАЯР: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч өөрийнхөө үзэмжээр шүүгчийг халдаг эсвэл томилохоос татгалздаг байдлыг тодорхой болгох гэж буй нь дэвшилттэй. Өмнөх Ерөнхийлөгч арав гаруй шүүгчийг үндэслэлгүйгээр томилохгүй байсан тохиолдол бий. Томилохгүй байж болох ч үндэслэлээ заавал хэлэх ёстой шүү дээ. Төслийн үг, таслал, цэг бүрт ажиллах ёстой. Санаатай, санаандгүй алдсан, засах шаардлагатай заалтууд байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд "Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна" гэсэн заалт оруулж байна.
 
Ерөнхий сайдыг томилохгүй олон хонодог. Үүнээс үүдэлтэйгээр улс орны ажил гацдагаас аль болох богино хугацаанд Засгийн газрыг бүрдүүлдэг болгохоор энэ заалтыг оруулж ирж байна. Санаа нь зөв. Засгийн газрыг аль болох хурдан бүрдүүлэх нь тустай. Гэхдээ яг энэ томьёолол бол буруу. Учир нь, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш гэдэг заалтад маш олон нөхцөл орж болно.
 
Ерөнхий сайд хүндээр өвдөөд сэхээнд орчихвол яах вэ. 30 хоногийг сэхээнд орсон өдрөөс үү эсвэл эмчийн дүгнэлт гарснаас хойш тоолох уу. Анх өвдсөн өдрөөс нь тооллоо гэж бодоход эдгэрэхийг нь хүлээгээд 30 хонож байхад УИХ тарах нөхцөл байдал үүсэх юм уу. Ер нь нэг хүн хүндээр өвдсөнөөс болж парламент тарж болох уу. Энэ бол тайлбар шаардсан асуудал.  УИХ-д хэн нь ч олонх болж чадаагүй, нэг нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжоо алдсан улс төрийн нөхцөлд Ерөнхий сайдыг зориуд томилохгүй саад учруулж байгаад 30 хоногийг нь өнгөрөөж, УИХ-ыг тараан дахин сонгууль явуулах сонирхлыг цөөнх гаргавал яах вэ. Нэг нам олонх боглсон ч дотроо “Миний хүнийг томилохгуй бол чиний хүнийг хэзээ ч томилохгүй, УИХ-ыг тараана” гэж хоорондоо талцаж, нэг нэгнээ шантаажилж, хэрэлдээд байвал яах уу. Энэ эрсдэлийг мөн тооцоолох ёстой.
 
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин