“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг  (2019.07.23) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж улс төрийн нам, иргэдийн төлөөлөл, судлаачдын асуулт, хариултаар үргэлжиллээ.
  Төлөөлөгчдийн асуулт асуух хугацаа 2 минут, нэмэлт тодруулга  нэг минут, хариулт 4 минутын хугацаатай гэдгийг хэлэлцүүлэг даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. Төслийн танилцуулгын талаар нийт 35 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариулсан.
 
    Тухайлбал, Гэр хорооллын хөгжлийн намыг төлөөлж А.Пүрэвдулам, иргэн Ж.Энхбаяр нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын дээд, доод танхимтай болох асуудлыг хөндөөгүй шалтгааныг лавлахын зэрэгцээ нийт монгол түмний эрх ашгийн төлөө цоожтой гээд байгаа Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг нээж, шинэчилсэн найруулга болгон өөрчилж, парламент хоёр танхимтай байх асуудлыг судалж үзэх эсэхийг тодруулж байлаа. 
 
    Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгыг анх зохион байгуулахад төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлыг оруулсан. Зөвлөлдөх санал асуулгын үеэр  МНН-ын дарга “Хэрэв парламентын хоёр танхимтай байх асуудлыг хөндвөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж, Үндсэн хуулийн цэцэд очих болно шүү” гэсэн саналыг хэлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувийг хамрах ёстой. Энэ хүрээнд бид төслийг боловсруулж, эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулахад чиглэж ажиллаж байна гэж байлаа. 
 
 
    Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн хувьд парламент хоёр танхимтай байх ёстой гэсэн байр суурь хэвээр байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нийт зүйл, заалтын 35 хувиас хэтрэхгүй байх хязгаар тогтоосон учраас хоёр танхимын асуудлыг оруулах боломжгүй байсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 
 
 
 
  Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн 21.1-т Улсын Их Хурал нэг танхимтай, 108  гишүүнээс  бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно, мөн төслийн 21.2-т Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаагаар сонгоно гэж тусгасныг илүүтэй тодруулж байлаа. Тухайлбал, МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүдийн тоог 108 болгосноор нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эсэх, тоо нэмэх үндэслэлийг лавласан бол, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл парламентын амин сүнс нь сонгуулийн тогтолцоонд байдаг учир төсөлд туссан холимог тогтолцоог дэмжиж байгааг илэрхийлсэн. Тэрбээр, өнгөрсөн 7 удаагийн парламентын сонгууль мажоритар, 2012 онынх л холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Энэ бүхнийг судлаад үзэхээр мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент нийгмийн шинжтэй томоохон бүтээн байгуулалт хийдэггүй бол холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламент бодлогын томоохон арга хэмжээг авч, бүтээн байгуулалтуудын ажлуудыг хийсэн байдаг. Иймд “Хөгжье гэвэл пропорциональ тогтолцоотой байх элементийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай” гэж байлаа. 
 
    ЕТГ-ын дарга З.Энхболд, 1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон хэмээн хариулж байв.
 
Мөн тэрбээр, 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтой тул 108 болгох санал гаргасан гэж байлаа. Түүнчлэн хэрэв Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл 108 гишүүнээр батлагдвал Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхоор хууль батлагддаг тэрхүү  хувь  өсч, чанаргүй, амьдралд буухааргүй, үр нөлөөгүй хууль батлагдах байдал багасна гэж байлаа. 
 
Аливаа улсын эдийн засгийн уналт, бууралтын мөчлөг 5 жилийн давтамжтай байдаг учраас  дэлхийн 187 улсын парламентаас 95 улсын парламент 5 жилийн хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ үүднээс Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр тогтоох нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзсэн. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэж байлаа. 
 
    Хэлэлцүүлэгт оролцогчид улс төрийн намын төлөөллийн олонх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 19.2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтөлнө” гэснийг илүүтэй лавлаж, байр сууриа илэрхийлэв. 
 
 
 
    Улс төрийн нам гэдэг тодорхой үзэл бодлын дор эвлэлдэн нэгдэж, улмаар төрийн эрхийг барихын төлөө бодлогоороо өрсөлддөг. Энэ утгаар  хоёр том намаар хязгаарлалгүй 3,4 дэх намыг гаргаж ирэхийг хүсч байгаа. Үүнийгээ ч  Ерөнхийлөгч улс төрийн намын удирдлагуудыг хүлээн авч, уулзахдаа илэрхийлж, жижиг намуудыг нэгдээд нэгдсэн том бодлоготой байхыг дэмжиж байгаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 800-аараа нэгдэж нам болоод ч улс төрийн сонгуульд гарч ирж чадсангүй. Иймд улс төрийн бүх намуудыг татан буулгаж, нэг гараанаас зэрэг хөдөлж, өрсөлдөх тэр боломжийг Ерөнхийлөгч нээж өгч  байгаа гэж З.Энхболд дарга тайлбарлаж байлаа. 
 
 
    Төлөөлөгчдийн зүгээс Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал хэдийнээс мөрдөгдөх талаар болон удаа дараа хүргүүлсэн улс төрийн намуудын саналыг төсөлд хэрхэн тусгаж байгаа  талаар тодруулав. Тухайлбал, Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт Үндсэн хуулийн төсөлд бодитой санал хүргүүлэхээ илэрхийлж байсан бол МАХН-ын гишүүн  З.Баянсэлэнгэ тус намаас илгээсэн саналууд төсөлд хэрхэн туссаныг лавласан. 
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариултдаа, МАХН-аас гурван удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал ирүүлсэн. Анх Бүгд Найрамдах Дээд хурал гэсэн төслийг илгээсэн бөгөөд энэ нь шинэ Үндсэн хуулийн төсөл байсан. Гэхдээ Ажлын хэсэг төслийн хүрээнд туссан зарим агуулгыг авч үзэн судалсан. Тухайлбал “байгалийн баялаг ард түмний дундын өмч” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд “нийтийн өмч” гэсэн байх жишээтэй. Энэ бүгдийг Ажлын хэсгүүд судалж байгаа гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, улс төрийн намуудаас ирүүлсэн санал бүрийг Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд судалж үзэн, боловсруулж байгааг дурдахын зэрэгцээ цаашдаа ч  саналуудыг нээлттэйгээр хүлээн авах бөгөөд төсөлд хэрхэн тусаж, батлагдахыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ гэж байлаа. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар 28 органик хууль дагаж өөрчлөгдөх бөгөөд УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал 2020 оны 07 дугаар сарын 01-ээс, Ерөнхийлөгчийн төсөлд дагаж мөрдөх хугацааг 2024 оныг хүлээх шаардлагагүй, 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс гэж хугацааг заасан. Мөн Үндсэн хуулийн 30.2-т  Ерөнхийлөгчийн сонгууль, хугацаатай холбоотой заалтын өөрчлөлт нь 2025 оноос хэрэгжихээр тусгагдаад байгаа гэв.
Ийнхүү хэлэлцүүлэг түр завсарлаж, үдээс хойш  төлөөлөгчдийн асуулт хариулт, санал байр суурийг сонсохоор боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.