sonin.mn
САНТЬЯГО. /Reuters/. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, “Brexit” болон өөр бусад тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2019, 2020 оны урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.
ОУВС 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь хүрнэ хэмээн таамаглаж буйгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан бол уг үзүүлэлтийг лхагва гарагт 3.2 хувь болгон бууруулжээ. Мөн ирэх оны өсөлтийн үзүүлэлтийг 3.6 хувиас 3.5 болгожээ.
 
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаатай холбогдуулан худалдаа, технологийн хурцадмал байдлыг нэн даруй намжаах шаардлагатай байгааг ОУВС-гийн төлөөлөгчид онцолсон байна. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш дөрөв дэх удаагаа бууруулж буй нь энэ юм.
ОУВС АНУ-БНХАУ-ын нэмэлт татвар, АНУ-ын авто татвар, гэрээгүй “Brexit” зэргийг дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон эрсдэл хэмээн үзэж байгаа бөгөөд эдгээр нь харилцан итгэлцлийг бууруулж, хөрөнгө оруулалтыг сулруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байгаа ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг