sonin.mn
МОСКВА. /TASS/. АНУ-ын санаачилгаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Сибирьт дэгдэж буй ойн түймэртэй тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг санал болгожээ. Энэ тухай В.Путиний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Дэмжлэг, тусламж үзүүлэх талаар санал тавьж, анхаарал хандуулсанд нь Д.Трампт ОХУ-ын Төрийн тэргүүн чин сэтгэлийн талархал илэрхийлж, Оросын тал энэ боломжийг шаардлагатай тохиолдолд ашиглана гэдгийг цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Сибирьт ойн түймэртэй тэмцэх нисэх хүчний хүчирхэг бүлгүүд байгуулагдаад байгаа тухай В.Путин мэдэгдсэн байна.
Сибирийн түймэртэй тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэх тухай АНУ-ын Төрийн тэргүүний саналыг Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын эрх баригчид хоорондын харилцааг цаашид бүрэн хэвийн болох боломж бүрдэж буйн баталгаа юм хэмээн үнэлжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг