sonin.mn
МАХН-ын VI Бага чуулган өчигдөр хуралдав. Бага чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн гаж тогтолцоо”, Төр засгийг үндсээр нь өөрчлөх, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “УИХ-ыг тараах шаардлага”, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Түмэн олноо өрнөөс чөлөөлье”, “Өрх бүрт орон сууц” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
 
МАХН Дээд хуулийн төсөл боловсруулсан нь зөв байсныг өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц баталж байна. МАХН энэ төслөө 21 аймаг, ихэнх сумдад 2-3 удаа танилцуулсан гэдгийг илтгэлд дурдаж байв. Бага чуулганы хуралдааны үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Монголын ард түмний амьдралыг сайжруулна, ажлын байртай болгоно, сургууль, цэцэрлэг эмнэлэг барина гэх мэтээр олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд УИХ-ын гишүүд сонгогдсон. Гэтэл өнөөгийн УИХ чадамжгүй, ажлаа хийсэнгүй. Бүр гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс УИХ сайн дураараа тарах ёстой. Ажил хийх чадамжгүй учраас огцрох ёстой. Одоо УИХ-ыг шүүмжлээд ч хэрэггүй. Зүгээр соль.
 
 
Монголын төлөө зүтгэчих дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Суудал бөглөж сууж болохгүй. Монголд мөнгө, ажлын байр, валют хэрэгтэй. Үүний тулд Оюутолгойг Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж ард түмний итгэлээр сонгогдсон үндсэн үүргээ энэ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар биелүүлсэнгүй. Рио тинтод Монголын ард түмний итгэл, мандатыг худалдаж, Оюутолгойн хуулийн хэлтэс болтлоо жижгирсэн УИХ тарах нь улс эх орон, ард түмний эрх ашигт нийцнэ” гэв.
 
 
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН Дээд шүүхэд намынхаа үндсэн мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхдээ ард түмнээ өрнөөс гаргах асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Манай улсын иргэдийн 90 гаруй хувь нь цалин, тэтгэврийн зээлийн хамааралтай амьдарч байна. 100 гаруй мянган иргэн ипотекийн зээлтэй. Аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь зээлээр аргацааж үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр зээлийг хөнгөлж чөлөөлөх боломжийг МАХН судалж Бага чуулганыхаа хуралд илтгэл хэлэлцүүллээ. Манай нам ирэх сонгуульд олонх болбол иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг бүрэн, ипотекийн зээлийн хүүгийн зардлыг чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдаад явах боломжийг бид олж харсан. Төр иргэдийг шулж банкны үйл ажиллагаа явуулж болохгүй. Төсөвт ямар нэг хүндрэл гарахгүйгээр иргэдийн зээлийг чөлөөлөх бүрэн боломжтой” гэлээ.
 
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин