sonin.mn
Төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлыг цогцоор нь авч үзэх саналыг гаргав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.22) хуралдаан 12 цаг 23 минутад эхэлж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. 
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны 48/134 дүгээр тогтоолоороо батламжилсан "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх зарчмууд буюу Парисын зарчмууд"-ын дагуу УИХ-аас 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан бөгөөд 19 дэх жилдээ зарчмын шинжтэй өөрчлөлт оролгүйгээр хэрэгжиж байгаа аж. Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан гэж үздэг ч Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Зохицуулах Хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай талаарх зөвлөмжүүдийн удаа дараа өгсөөр иржээ. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон баталсан. Энэ хүрээнд оролцогч улс бүр нэг жилийн дотор үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах үүргийг хүлээдэг байна. НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооноос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмжүүдийг өгсөөр байсан ч манай тал томоохон өөрчлөлтийг хийлгүй өнөөдрийг хүрсэн гэлээ. 
 
Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 5.2.11-д “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байдаг. Энэ дагуу төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байхаар тусгасан байна. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж, батлуулах процедурыг тодорхой болгож тусгажээ. 
 
 
Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бэлтгэх, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан байна. Хамтын зарчмаар шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх Комиссын хуралдааны журмыг нарийвчлаах, комисст гаргасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гишүүнийг төлөөлөн ажиллаж буй тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй Комиссын ажлын албаны албан хаагчдын мэдээлэл цуглуулах ажиллагааны явцад эдлэх эрхийг хууль тогтоомжоор баталгаажуулах асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан байна. Комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар шуурхай, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага тооцох үндэслэлийг тодорхой болгох, комисст ирүүлсэн иргэний болон эрүүгийн хэрэг маргаантай холбоотой гомдлыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж буй зохицуулалтад зөрчил, захиргааны хэрэг маргааныг нэмж тусгах, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцууллаа. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. НҮБ-аас ирүүлсэн холбогдох зөвлөмж дээр хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон байдгийг хэлж байсан. Засгийн газрын түвшинд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаа тэрхүү төслийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцэх нь олон талын ач холбогдолтой талаарх саналыг Н.Оюундарь гишүүн тэмдэглэв. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар үг хэлэв. Энэхүү төслийн хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлыг том зургаар нь харах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал хариуцсан орон тоог Хүний эрхийн Үндэсний Комисст бий болгосноор, төсвөөр хязгаарлагдсан байдлаар цаашид хүний эрхийг хангахтай холбоотой асуудлыг ярих нь оновчгүй. Эрх зүйн болон тогтолцооны хувьд засаж, сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлаас эхлэн эрүүдэн шүүх хүртэл, хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад хэн нэгэнтэй зүй бусаар доромж, хэрцгий харилцахгүй, дарамтлахгүй, заналхийлэхгүй, нэр төрийг нь гутаахгүй байх ёстой гэдэг зарчимд нийцүүлэх хүртэл асуудлыг сууриар нь цогцоор харах шаардлага бий гэдэг саналыг тэрбээр хэлж байсан. Төслүүдийн хэлэлцүүлгийн нухацтай хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлсэн. Хүний эрх гэдгийг эрүүгийн байцаан шийтгэх харилцааны хүрээгээр явцууруулж ойлгож болохгүй, Монгол Улс өнгөрсөн хугацаанд олон улсын түвшинд хүний эрхийн харилцаанд эн тэнцүү харилцаж ирснийг тэрбээр тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн үүссэн нөхцөл байдлаас харахад эрх зүйн зарим төрлийн шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлага харагдаж байгааг хэлж байлаа. 
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 
 
Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 
 
Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжлэв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь улсынхаа  нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.” гэж заасан байдаг.
 
 
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль  нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна өнөөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 12 зүйлтэй болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулгын үеэр дурдлаа. 
 
    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 49.000, АНУ-д 30.000, БНХАУ-д 10.000 орчим, Япон Улсад 9000 орчим гэх зэргээр гадаадын 76 улсад Монгол Улсын 175.687 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 6 хувийг эзэлж байгаа гэдэг тоон мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэллээ. Оршин суугаа иргэдийн талаарх дээрх тоон мэдээлэл дээр зорчиж буй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр 2.5 сая хүрсэн аж. Төслийн хүрээнд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн талаар, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхой тусгаж, сантай холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлах тухай эрх шилжүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг 43 дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар хариуцан ажилладаг байна. Харин зөвхөн ОХУ дахь ЭСЯ-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөгч ажиллаж байгаа гэлээ. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд гадаадад зорчих Монгол Улсын иргэний үүрэг, хариуцлагын талаар дурдсан байна. 180-аас дээш хоног зорчиж, тухайн бүс нутагтаа зорчиж байгаа тохиолдолд иргэд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг байсныг уян хатан болгож цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр цаашид тухайн иргэн төрийн үйлчилгээг авах эрхийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна. 
Ингээд гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 
 
Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 
Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм байна. 
Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.
 
 
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт, тодруула хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад 72.7 хувийн саналаар гишүүд дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 
 
Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулав. 
 
 
Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болох тул Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж, урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн нэг зорилт бөгөөд уг хуульд “Мал хулгайлах” гэмт хэргийг “Хулгайлах” гэмт хэргээс ялган ойлгож, 17.12 дугаар зүйлээр тусгайлан зохицуулдаг. 
Дээрх 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 
Түүнчлэн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг Я.Содбаатар гишүүн танилцуулав. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулах юм байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар болов. 
 
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцууллаа
 
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. 
Улсын Их Хурлын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар захирамжаар “Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар ажиллажээ. Тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэд хэсгийн гишүүд болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, эрдэмтэн судлаачдыг ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал, шүүмжийг сонссон аж. 
Ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж ажлын хэсгийн гишүүд тодорхой үүрэг чиглэлийг авч ажилласан бөгөөд 9 дүгээр сарын 07, 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус хуралдаж дараах санал, дүгнэлтийг танилцуулж байгаа гэв. 
 
 
Нэг. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн /Шинэчилсэн найруулга/ 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн үндсэн зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байхаар хуульчилсан нь бусдад ял завших боломжийг олгож байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны доод хязгаарыг гурван жил дээд хязгаарыг хорин таван жил болгон өөрчлөн найруулах;
Хоёр.Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн /Шинэчилсэн найруулга/ 1.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж зааснаар яллагдагч, шүүгдэгч хэргийг шалган шийдвэрлэх явцыг санаатайгаар удаашруулах, хууль хяналтын байгууллагын алба хаагчдад нөлөөлөх, цаг хугацаа хожих түүнчлэн хэргийн ээдрээ төвөгтэй байдал болон олон эзэн холбогдогчтой хэргийг шалган шийдвэрлэх явцаас шалтгаалан хэргийг шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж ял завших боломжийг үүсгэж байна гэж үзлээ. 
Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэснийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулах. Түүнчлэн халдашгүй дархан эрх ямба эдлэх баталгаа хуулиар тогтоосон албан тушаалд сонгогдсон, томилогдсон хүн нь уг албан тушаал хашиж байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, тухайн хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох.
 
Гурав. Авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэн нийгэмд үүсэх хохирол, төрийн алба, албан хаагч, хууль тогтоогчид, шүүх эрх мэдэлд итгэх иргэдийн итгэл алдрах улмаар улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг хохирол тооцох боломжгүй олон сөрөг үр дагавар үүсэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх, Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хорих ялын доод хэмжээг таван жил дээд хэмжээг арван таван жил болгон өөрчлөх;
Дөрөв. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига, шан харамж авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалыг яаралтай өөрчилж, үүнтэй холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийг боловсруулж хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг энэ өөрчлөлтийг баримтлан тоолох. 
 
Дээр дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т хүргүүлж, намрын ээлжит чуулганы эхэнд хуулиудыг хэлэлцэн батлах агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргажээ.
Уг санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар зарим зүйлийг тодруулсан. Ийнхүү Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.