sonin.mn
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.24) нэгдсэн хуралдаан 10 цаг 29 минутад эхэлж, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын өнөөдрийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд дээрх төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн орчныг шинэчилж, сургалт судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 75.6 саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. 
 
21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
 
Дараа нь Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. 
 
 
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ оны 06 дугаар сард Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хамтаар Засгийн газраас дээрхтэй агуулга, үзэл баримтлалын хувьд төстэй хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 10 дугаар сарын 01-ний өдөр Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. 
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд тойргийн иргэд, сонгогчдоос гаргасан саналд үндэслэн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар зарим иргэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. 
 
Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байсан байна. 
Эдгээр иргэнээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 21,2 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрээс 14.5 мянга буюу 68.4 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга буюу 17.9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2.9 мянга буюу 13.7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд байна. 1997 оны 02 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс  өнөөдрийн байдлаар 17.0 мянга нь буюу 80.2 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр (374.8 мян.төг)-ээс бага тэтгэвэр авч байгаа юм.
 
Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа ба хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг Ц.Гарамжав гишүүн танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэний 85.8 хувь нь буюу 18.2 мянган нь эмэгтэйчүүд, 14.2 хувь буюу 3 орчим мянга нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа гэлээ. Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилжээ. 
 
Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Хууль хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасан байна. 
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тухайн үед дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдээс одоо хичнээн хүн, хэдэн төгрөгний тэтгэвэр авч байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг улсын төсвөөс санхүүжих тооцоо, судалгаагаа нарийвчлан хийсэн эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 1990 оны Тэтгэврийн тухай хууль нь олон мянган ээжүүдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан шийдвэр байсан тул дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн асуудлыг эмэгтэй гишүүд анхааран ажиллаж байгаа тухай, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг олон хүүхэд төрүүлсэнийхээ төлөө эхчүүд хохирч байгаа учраас цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй талаар санал хэлж, асуулт асууж, хариулт авсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
 
 
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан нар асуулт асууж, төсөл санаачлагч гишүүн, Байнгын хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас асуулт асууж, хариулт авсан. Ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 1991 онд нас нь болоогүй ч олон хүүхэдтэй эхчүүдийг хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргасан, хожим 1996 онд тэтгэврийн нас болоогүй гэдэг шалтгаанаар тэтгэврийг нь зогсоогоод нөхөн олговор болгох шийдвэр гарсан байдаг аж. Үүнд 44 мянган иргэн хамаарсан хэмээх тооцоо байдаг байна. Эдгээрээс 21 мянган орчим нь өнөөдөр тэтгэвэр авч байгаа бөгөөд тэтгэврийн зөрүүг арилгах үүднээс тэдгээрийн суурь тэтгэврийг нь нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, улмаар цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд хамруулах зорилгоор Засгийн газар төсвийн төсөлд холбогдох зардлыг тусгаад байгаа гэв. Иймд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдээс өргөн мэдүүлсэн эл төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн агуулга нэгтэй хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой гэв. Иргэдийн зүгээс тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг байнга хөнддөг, итгэлцүүрийг шинэчлэн тогтоох замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Үүний тулд 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо судалгаа бий аж. Ирэх оны улсын төсөвт дээрх зорилгоор энэ хэмжээний санхүүжилт тусгах боломжгүй байгаа, цаашдаа шат дараалсан арга хэмжээ авах шаардлага бий гэдгийг салбарын сайд хэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүсэлт гаргасан өрх бүрийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлэсэн бөгөөд төслүүдийн цаашдын хэлэлцүүлгийн явцад бодлогоо нэгтгэн хэлэлцэх чиглэл өгөв. 
Ингээд Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 29 нь буюу 64.4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
 
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ 
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг танилцуулав. 
Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорих, нутагшуулах, түүнийг бүртгэж, хамгаалах, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, хадгалах, ашиглах, үрийн тариалан эрхлэх, тарих үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн худалдаа эрхлэх, үрийн нөөц бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
 
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Энхбаяр, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Батзориг нар илэрхийлсэн бол М.Билэгт гишүүн байр сууриа илэрхийлсэн. Монгол Улс тариалан эрхлэлтийн хувьд цаг уурын таагүй орчинд тооцогддог бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 7 хувьд л тариалан эрхлэх бололцоотой байдаг гэдгийг хэлж байв. Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дотоодын тариалангийн салбарт том сорилтууд ирж буйг тэмдэглэж байв. Иймд шинэ төрлийн ургамлыг нутагшуулах, уламжлалт мал аж ахуйгаа дэмжих зорилгоор тэжээлийн бэлтгэл, олон төрлийн ургамлыг тарималжуулах шаардлага Монгол Улсад бий болсон. Үүгээрээ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэв. Тариалан эрхлэлт нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл аюулгүй амьдрах эрхтэй холбоотой байдгийг гишүүд онцлоод цаашид таримал ургамлын сорт, сорилын аж ахуйнуудыг сэргээн хөгжүүлэх, ялангуяа газар тариалангийн бүс нутагт энэ бодлогыг тууштай хэрэгжүүлэх учиртай гэлээ. Монгол Улс 1 сая 50 мянган га тариалангийн талбайтай, жил бүр 500 мянган га талбайд тариалалт хийж 3 сая иргэнээ төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангадаг. Энэ нь чамлалттай үзүүлэлт хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг хэлсэн. Үр тарианы 1 га талбайгаас 10-15 центер ургац авдаг нь хангалтгүй бөгөөд үр тарианыхаа сортыг сайжруулаад, усалгааг нэмэгдүүлснээр дээрх хэмжээг 30-40 центнерт хүргэх боломжтой аж. Сайн үрээр сайн тариалалт хийж, ургацын хэмжээг нэмэгдүүлнэ. Иймд үрийн нөөцийг сайжруулах, үрийн удмын санг шинэчлэх шаардлагатай. Хуулийн төсөл батлагдвал таримал ургамлын шинэ сортыг хамгаалах, үр үйлдвэрлэх талаарх олон улсын хэм хэмжээний зарчим, сайн туршлагад нийцүүлэн өөрийн орны онцлогийг харгалзан тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтойг хэлж байв. Ийнхүү гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. 
 
Малын хулгайн гэмт хэрэгт хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах нь зүйтэй хэмээн дэмжлээ
 
Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. 
Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж, урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн нэг зорилт бөгөөд уг хуульд “Мал хулгайлах” гэмт хэргийг “Хулгайлах” гэмт хэргээс ялган ойлгож, 17.12 дугаар зүйлээр тусгайлан зохицуулж байна. 
Дээрх 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлагатай байна.
 
 
Түүнчлэн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  Иймд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулах аж. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль санаачлагч нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно гэж заасан нь хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоож, малын хулгайн гэмт хэрэгт хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой зохицуулалт болно гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан.
 
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчид болон Байнгын хорооны дарга, салбарын сайдаас хариулт, тайлбар авсан. 
Улсын Их Хуралд мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах агуулга бүхий хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нарын гишүүд өргөн мэдүүлсэн бол Х.Болорчулуун нарын Улсын Их Хурлын 24 гишүүн 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийн зорилго ижил хэдий ч зохицуулалтын хувьд 4 зүйлээр ялгаатай байгааг Л.Мөнхбаатар гишүүн хэлж байв. Тоон мэдээгээр жил бүр мал хулгайлах гэмт хэрэг өссөн дүнтэй гарч байгаа. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого үр нөлөө багатай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэхгүй байна хэмээн үзэж Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн төсөл санаачлан боловсруулсан байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх…” хэмээн заасан байдаг. Энэ зохицуулалтаар бусдын малыг хулгайлсан этгээд сар орчим сумын захиргааны байрны эргэн тойрны хогийг цэвэрлэх нэрийдлээр өнгөрүүлсээр ирдэг учир хууль дахь дээрх зохицуулалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүд төсөлдөө тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь зохицуулалтыг оновчтой болгох үүднээс олон тооны мал хулгайлсан, бусадтай бүлэглэж энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан, тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа “цөм сүрэг” малыг хулгайлсан, үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан “гойд ашиг шимт мал”-ыг хулгайлсан гэмт хэрэгт 3-8 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар төсөлд тусгаад байгаа аж. Мөн Улсын Их Хурлын гишүүд хохирлын хэмжээг малын тоогоор тооцох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Зөрчлийн тухай хуульд мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал мал, мах худалдаалсан тохиолдолд хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай болгох төслийг өргөн мэдүүлсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, хулгайн мал, махыг худалдаалсан тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой болохыг Л.Мөнхбаатар гишүүн тайлбарласан. Орон нутгийн малчин иргэд сүүлийн жилүүдэд малын хулгай гаарсаар байгааг олонтаа сануулж байгаа, тиймээс малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малыг хулгайлах гэмт хэрэгт торгох, нийтэд тустай хөдөлмөр хийлгэх зэргээр зөрчлийн шийтгэл ногдуулах нь энэ төрлийн гэмт хэргийг 1 жилийн хугацаанд 80 хувиар нэмэгдүүлэх үндэс болсон хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн байна. 
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, дэмжиж буйгаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. 
Хууль санаачлагч хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг дөрөв болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгосноор Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилт бүрэн хангагдана гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хүний эрхийн үндэсний комиссын даргаас хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.