sonin.mn
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын анхдугаар чуулган өчигдөр  Төрийн ордны их танхимд боллоо. Чуулга уулзалтыг “Зундуйн Дорж сан”, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ-аас зохион байгуулж  21 аймаг, 327 сумын төлөөлөл оролцсон юм.Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын чуулга уулзалтад оролцогчдод хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
-“Зундуйн Дорж сан”-гаас та бүхнийг урьж, малчдын өмнө тулгамдсан асуудлыг ярьж байгаад чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Зундуйн Дорж бид хоёр бие биеэ сайн мэднэ. З.Дорж гуайтай би утга зохиол судлалаас гадна мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэл эхлүүлж, тэр ажлаараа хөдөө орон нутгаар явж та бүхэнтэй хамтран ажиллаж байсныг  нь мэднэ. Тэр үеэс О.Дашбалбар гэж авьяаслаг уран бүтээлч, эх оронч тэмцэгч залуутай нөхөрлөж хамтран зүтгэж явсандаа би баяртай байдаг юм. З.Дорж гуайнхаа дүү, охин, хүү, ар гэр, найз нөхөд нь нэрээр нь сан байгуулж, үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаад баяр хүргэж, амжилт хүсье. Энд Ц.Анандбазар сайн ажиллаж байгаад баяр хүргэе.
 
Намайг  та бүхнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байх үед З.Дорж гуайн бие нэг хэсэг чилээрхсэн. Өмнө нь сайн мэддэг, тэр хүний авьяасыг үнэлж явдгийн хувьд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгоё гээд Ц.Анандбазарыг дуудаад хэлэхэд их баярлаж, “Дорж ахын бие чилээрхүү, хүмүүс бараг мартаж байхад та ийм санаачилга гаргаж байгаад баяртай байна” гэж хэлж байсан. З.Дорж гуай маань маш бүтээлч, зөв шударга үйлсийн төлөө дүрэлзсэн  сэтгэлтэй хүн байсан.Их богинохон насалсан ч тэр хүнд авах ёстой шагналыг нь өгч байснаа санаж  дотроо баярлаж байна.
 
З.Дорж гуай тухайн үед малын хулгайтай тэмцэхийг амьдралынхаа зорилго болгосон байсан. Ер нь Монголд хоёр зуд байдаг гэж би боддог. Нэг нь байгалийн, нөгөө нь малын хулгайн зуд. Малын хулгайн зуд дандаа болдог учраас хамгийн аймаар нь бусад зуд бол 5-10 жилд нэг удаа тохиодог. Иймд бид хохирлоо сэргээж чадна. Малын хулгай  монгол түмний хувьд яг зудтай адил. Тиймээс хатуу тэмцэх ёстой. Малчин та бүхний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, орлогыг чинь багасгаж, жигшил дургүйцлийг төрүүлж байгаа үзэгдэл учраас З.Дорж гуай үүнтэй тэмцэж ирсэн. Цаашид ч бид тэмцэх болно гэж ярьж байгаа энэ чуулганы зорилго маш зөв юм. Ингэж байгалийн бус хүний бий болгосон зудыг арилгах хэрэгтэй. Мэдээж энд хуулиа чангатгах хэрэгтэй. Нэг хурга хулгайлсан ч гэсэн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Нөгөөтэйгүүр, хулгай хийгээд байгаа хүмүүсийг ажилтай болгомоор байна. Хөдөө  хөгжил байхгүй, ажлын байргүй  орлогогүй учраас хүмүүс хулгай хийж байна. Иймд хөдөөд хөгжил заавал байх ёстой. Үүний тулд хуулиа чангатгая, хөдөөдөө хөгжил авчиръя.
 
Малын тухай ярихад малчны тухай ярихаас аргагүй. Бид ХХ зууны сүүлч XXI зууны эхэнд Монгол Улсынхаа хөгжлийн загварыг гаргахдаа эхний шатанд 1992 оны Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн зарчмын дагуу ажиллаж, амьдарч ирсэн. Одоо малчин хүнээ төр, засгийн хамгаалалтад авах цаг иржээ. Малчдын тухай эрдэмтэн мэргэд хэлэхдээ “Монголын нэвтэрхий толь”. Цаг агаарын,  уул усны, үүх түүхийн, аман зохиолын, ажилч хичээнгүй байхын нэвтэрхий толь. Тиймээс малчин хүн  дээлтэй судар” гэсэн нь бий. Энд дээлтэй судрууд сууж байна, бид та бүхнээс суралцах зүйл их бий.
 
Малчин хүнийг төрийн хамгаалалтад авъя гэж юу гэсэн үг вэ гэж та бүхэн асуух байх. Хөгжлийг хөдөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг иржээ. Улсын төв, улсын чанартай хотууд тухайлбал, Чойбалсан, Чингис хаан, Эрдэнэт, Дархан, Хар хорин, Улиастай, Ховд, Чойрт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг  дахин боловсруулах төрөлжсөн үйлдвэрүүд байгуулах цаг ирсэн. Дархан, Улаанбаатарт төвлөрөл үүсгэх биш, дээр нэрлэсэн хөгжлийн тулгуур  хотуудад  хөгжлийг аваачъя. АНУ-д улаан буудайг улс нь зах зээлийн үнээр худалдаж авдаг. Японд Засгийн газар нь цагаан будааг нь зах зээлийн үнээр худалдаад авчихдаг. БНХАУ-д татварын, дэд бүтцийн, үйлдвэр хөгжүүлэх зээлийн бодлогоор  төрөлжсөн үйлдвэр байгуулдаг. Ийм туршлагыг судлан хөрөнгө оруулалтаа хийж хөгжлийг хөдөөд аваачъя гэсэн зорилтыг та бүхэндээ хэлье. Бид хөдөө орон нутгаар чадлын хэрээр  явж, Шинэ Дээд хуулийн төсөлтэйгөө та бүхэнтэй  олон дахин уулзаж байсан. Малчид хэлдэг, хүүхдүүд зургаан наснаас сургуульд сурахад хэцүү байна. Ээж нь хүүхдээ дагаад сумын төв явахаас аргагүй, гэрийн эзэн үлдэж малаа хараад үлддэг. Гэр бүлийн харилцаа эвдэрч байна үүнийг шийдэх арга байна уу гэдэг. Үүнийг судлаад үзэхэд дэлхийд шийдсэн байна. Яаж шийдэх вэ гэвэл эхний хоёр жилд гэртээ сурах бололцоо олгодог. Сургалтын хөтөлбөрийг ээжид нь өгчихдөг. Улиралд нэг удаа аймаг, сумаас ирж шалгалт авна. “Багш ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, цалин урамшуулал олгож гэр бүлийг бүтэн байлгах боломжтой. Мөн бэлчээрийг хувьчлахын оронд дундын өмч хэвээр үлдээж, өвөлжөөг нь өмчлөх, хувьчлах ажлыг хийх хэрэгтэй. Өвөлжөөг хувьчилж байгаа тохиолдолд “Байшинтай өвөлжөө” хөтөлбөр хэрэгжүүлж, тавтай тохьтой амьдрах цаг иржээ. Баян-Өлгийд казах ард түмэн байшинд амьдардаг, тэгэхээр энэ боломжтой. Өөрсдөө тав тухтай амьдарч, хүүхдээ ийм орчинд сургах хэрэгтэй. Үүний тулд өвөлжөөгөө байшинтай болгоё. 30 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээл өгч малчдаа дэмжье гэсэн саналыг та бүхэндээ танилцуулъя. Хөдөө явж байхад банкны өрөнд баригдлаа, банкны мал хариулаад байна уу, өөрийнхөө малыг хариулж байна уу, мэдэхээ байлаа гэж ярих хүн олон байна. Малчны зээл, оюутны сургалтын төлбөр гээд дааж давшгүй ачаа үүрч байна.
 
Дэлхий нийтэд хүн сайхан амьдрах асуудал чухлаар тавигдаж байна. Гэтэл бид амьд явах эрхтэй гэж яриад сурчихаж. Амьд явах эрх гэдэг нь үхчихээгүй бол болоо гэдэг утгыг агуулж  байна. Амьд явах наад захын эрх, амьдарсан шиг амьдрах эрхийн тухай ярих  хэрэгтэй. Бид сургуультай, цэцэрлэгтэй, ажилтай, орлоготой, эмчилгээтэй, орон сууцтай амьдрах ёстой.
 
Ялангуяа, бидний тусгаар тогтнолыг, өвөрмөц дүр төрхийг,  соёлыг хадгалж яваа малчид сайхан амьдрах хэрэгтэй. Үүний тулд өрөнд баригдсан байдлаас гарах ёстой. Малчид мөрийтэй тоглох гэж архи уух гэж зээл аваагүй. Өдөр тумын ажлаа амжуулах, хүүхдээ сургах, эмчилгээ хийлгэх гэж та бүхэн зээл авдаг. Тэгвэл төр, засаг хүний амьдрахтай холбоотой, тэр шаардлагуудтай холбоотой бүхнийг өгөх ёстой, хэрэгжүүлэх ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга нэг удаа амласан, тэрийгээ хэрэгжүүлэх байх. Би тэтгэврийн, оюутны, эмчилгээний төлбөрийн зээлийг хүчингүй болгоё гэсэн саналыг та бүхэнд тавьж байна. Та бүхний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэж чадах юм бол бид хөгжлийг хөдөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна. Энэ зорилгын төлөө хамтдаа тэмцье. Малчид та бүхэндээ амжилт хүсье.
 
 
Эх суралж: "Зууны мэдээ" сонин