sonin.mn
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. Энэ удаагийн  зочноор  Баянгол дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг урьсан юм.
 
 
-Та Баянгол дүүргийн Засаг дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Дүүрэг удирдаж буй  цөөхөн эмэгтэй даргын нэг. АН УИХ-д цөөхөн суудал авсан амаргүй үед энэ албыг хашиж байгаа гээд яривал олон асуудал бий. Гэвч  анх энд  ирэхэд ямар айл  угтав, юуг нь анхаарч ажиллаж ирэв гэдгээс ярилцлагаа эхэлье?
 
-2012-2016 онд бид Баянгол дүүргээс УИХ, НИТХ-д багаараа сонгогдсон учраас дүүрэгтэйгээ ойр ажиллаж ирсэн. Дүүрэг маань нэлээд их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийж байсан үе. Бид “Шийдлийн баг”-ийн хамт олон бүтээн байгуулалтыг хөгжүүлсэн тул цаашид байшин барилга доторх менежмент хүний нөөц, төсөл хөтөлбөр гэсэн зөөлөн дэд бүтцэд анхаарлаа хандуулж ажиллахаар сэтгэл шулуудсан юм.
Улсын маань нийслэл бол Монгол Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлын бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэгч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогын төв. Харин Баянгол дүүрэг бол энэ төвийн хойморт орших бүрэлдэхүүн чухал хэсэг. Баянгол дүүрэг эдийн засаг, бизнесийн төвлөрөл, худалдаа, тээвэр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны зангилаа, хоёр ба гурав дах шатны боловсрол, эмнэлэг үйлчилгээний төвтэй хотын төвийн дүүрэг. Бид дүүргийн хөгжил төлөвшлийн эхэнд улс, нийслэлийн хөгжил төлөвшлийг ярих ёстой. Улаанбаатар хот маань олон улсын жишигт нийцсэн хот болно гэж олон жил ярьж байгаа боловч бодит байдалд бүрэн хэрэгжихгүй байна.
 
Иргэдийн хотдоо хандаж буй хандлага, оролцоо сул байна. Бид дэлхий нийтийн хөгжлийг их ярьдаг. Дэлхийн хөгжлийг  хүний хөгжлөөр хэмждэг болсон өнөө цагт бид байшин барилга л ярьж байна. Тиймээс бид дүүрэгтээ зөөлөн дэд бүтэц буюу хүний оролцоотой төсөл хөтөлбөрөөр зөв менежмент хийх нь хөгжлийн гол түлхүүр гэж үзсэн.  Тиймээс иргэддээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай чирэгдэлгүй хүргэхээр ханцуй шамдан орсон.
Бид дүүргээ хөгжүүлэхдээ нөөц бололцоо, давуу талаа ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоотой шийдэл, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг  оролцуулан хамтран ажилласнаар цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, үр ашиг, өрсөлдөх чадварыг бий болгох ач холбогдолтой болох юм.
 
 
-Иргэдийн хотдоо хандаж буй хандлага, оролцоо сул байна.
 
-Дүүрэг бол хот доторх нэгэн том айл.  Түүнийг   удирдахад ямар   зарчим  баримтлах нь  зохистой юм бол?
 
-Дүүргийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Нээлттэй засаглалтай Баянгол дүүрэг”, эрүүл чийрэг иргэнтэй, хүүхдэд ээлтэй дүүрэг гэсэн дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдэд зөв дадал зуршил олгох, иргэд ахмадуудаа эрүүл мэндийн зөв хэвшилтэй болгох, өглөө босоод байрныхаа гадаа гараад дасгал хөдөлгөөн хийдэг болгоход анхаарч байна. Бид XXI зуунд хүний хөгжилд  анхаарлаа хандуулж зөөлөн дэд бүтцийн аргаар дүүргээ удирдаж байна.
 
-Бусадтай харьцуулахад Баянгол дүүргийн онцлог, чадамж, эв нэгдэл, бүтээмж гээд яривал та юуг нь онцлох бол?
 
-Хүний зорилго, хүсэл мөрөөдлийг зогсоож чадах ганц л том хүчин зүйл байдаг. Тэр бол хүний эрүүл мэнд, бид иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж санаа тавихгүйгээр тэднийг аз жаргалтай амьдруулж чадахгүй. Тиймээс хамгийн чухал асуудал бол эрүүл мэндийн асуудал.
Засаг даргаар томилогдсоноос хойш дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч олон чухал өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадсан. Манай хамт олон 2012-2016 онд том, жижиг /ӨЭМТ/ нийлсэн 14 эмнэлэг шинээр барьж байгуулсныг  иргэд сайн мэдэж байгаа. Өнөөдөр эмнэлэг, лаборатори, эрүүл мэндийн төвүүдийг оношлогоо эмчилгээнд  шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, машин техникээр хангах ажлыг тасралтгүй хийж байна. Нэгдсэн эмнэлэгтээ мэс заслын тасагтай болж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаснаар дотоод, гадаадын том эмнэлгүүдэд очиж дурангийн хагалгаа хийлгэдэг байсан баянголчууд дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт уг мэс заслыг хийлгэх боломжтой болсон. Мөн шүдний шинэ төвтэй болсон. Энэ нь шүдний өвчлөлөөс үүдэлтэй элдэв хүндрэлийг эрт илрүүлэн, эмчлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна. Ингээд тоочоод байвал олон ажлыг хэлж болно.
 
Түүнчлэн эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд бид “Давсны хэрэглээг багасгах” дэд хөтөлбөр санаачлан цэцэрлэгүүдээс эхлүүллээ. Монгол Улсын хүн амын 83.2 хувь нь хоногт 11.1 грамм давс хэрэглэдэг тухай ДЭМБ-аас  судалгаа гаргасан байна. Манай дүүргийн 262 дугаар цэцэрлэг энэ санаачлагыг дэмжиж хоолныхоо орцоос давсыг зохистой хэрэглээнд хүртэл бууруулж чадсан. Хүүхэд бага балчраасаа давсны зөв хэрэглээтэй болсноор цусны даралт ихсэх, яс сийрэгжих болон зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлж чадна. Мөн бид хавдрын эсрэг довтолгоог эхлүүлэх гэж байна. Монгол Улс НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д 10 мянган хүн амд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бүүруулах” зорилго тавьсан. Төр, засгаас олон ажил санаачлан хийж байна. Бид ч гэсэн дүүрэгтээ хавдрыг хэрхэн бууруулах талаар санаа тавьж ажиллах ёстой. Энэ бол дан ганц төр, засаг ч юм уу хувь хүний асуудал биш. Хүний хүсэл мөрөөдөл зорилгыг зөвхөн эрүүл мэнд л зогсоож чаддаг. Тиймээс бид энэ асуудалд бүх сэтгэл зүрх, хүчээ шавхаж ажиллах ёстой
 
Тиймээс энэ довтолгоогор бид иргэдээ хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийнэ. Үүнийг ДЭМБ-аас дэмжиж хамтран ажиллахаар болж байна. Бид аяныхаа хүрээнд айл болгоноор орж, мэдээ мэдээлэл хүргэж, сургалт явуулна. Байр, хотхонуудын гадаа очиж иргэдэд мэдээлэл хүргэх болно. Нэгэнт хавдар туссаны дараа халаглаж суух биш урьдчилан сэргийлэхэд л анхаарах ёстой. Энэхүү аян маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
 
 
-Монголчуудын хамгийн том дутагдал хүнээ мартсан явдал.
 
 
-Өнөөдрийг хүртэл  нийслэлийн өнгө төрхийг бүрдүүлж, хөгжлийг тодорхойлоход   баянголчууд  ямар хувь нэмэр оруулж байна?
 
-2017 онд III, IV  хороололд ил задгай худалдаа их дэлгэрч иргэд явах газаргүй байсан. Үүнийг тодорхой хэмжээгээр зохицуулалт хийсэн. Үүний  дүнд бид “Байгаль эх” цогцолборыг  тохижуулж одоо тэнд иргэдийн очиж салхилж зугаалдаг газар боллоо.  Мөн 2018 онд  400 гаруй чингэлгийг  холдуулж гудамж талбайг  чөлөөлсөн.
Түүнчлэн дүүргийн хэмжээнд зөвшөөрөгдөх хэмжээнээс их утаа ялгаруулж буй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хязгаарласан. Энэ бас нэлээд үр дүнгээ өгсөн ажил болсон.
Баянгол дүүргийн I, III, IV хороонд байрлах цэцэрлэгт хүрээлэнг УБТЗ-ын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр засч, сайжруулан орчны тохижилтыг  хамтран хийх санал гаргасан. Гэтэл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун үзүүрийн хэсэг газрыг АТГ-ын ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглахаар 2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захирамж гаргасан байна.
 
2019 оны долдугаар сарын 9-ний  өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд энэ захирамжийг цуцлуулах тухай албан тоот хүргүүлсэн.
 
Мөн АТГ-ын дарга З.Дашдаваад албан бичиг хүргүүллээ. АТГ-аас татгалзах зүйлгүй гэсэн хариу ирсэн.
Манай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд тогтмол бүх нийтийн цэвэрлэгээ хийж ойр орчмоо цэвэрлэж дадсан. Энэ мэт бид нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна.
 
 
 
 
 
-Бид материаллаг зүйлд анхаарч барилга бариад тэнд амьдрах иргэдийн тав тух, хүний хөгжилд чиглэсэн ажлууд хийхгүй байна.
 
 
-Гэр хорооллын дахин төлөв­лөл­тийг хэрэгжүүлэхэд АН-ынхан эрх барьж, мөн хотыг удирдаж байсан. Танай дүүрэгт энэ ажил хэр эрчимтэй хэрэгжсэн бэ, үр дүнг нь та хэрхэн харж байна?
 
-1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжиж, Монгол Улсын иргэн дотооддоо чөлөөтэй шилжин суурьших эрх нь баталгаажснаар хот руу шилжих хөдөлгөөн эрчимжсэн. Энэ хугацаанд нийслэл төдийгүй улс орны хэмжээнд орон сууцжуулах төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжиж манай дүүрэгт үр өгөөжөө өгсөн. Дүүргийн Х  хороонд дахин төлөвлөлтөөр “Хөх сувд”  хотхоныг байгуулж   байна. Мөн  IV  хороонд дахин төлөвлөлтөөр  шинэ байрнууд барьж байна.
 
 -Нийслэл хотын өнөөгийн хөгжил  болон удирдлагын бодлого, шийдвэрийн талаарх таны бодлыг сонсоё?
 
-Манай дүүргийн хамгийн тулгамдсан асуудал нь  нэг өдөр л нүх ухаад хаана ч хамаагүй байшин, орон сууц барьж байна. Иргэдээс гомдол их ирдэг. Шуурхай баг очоод ажиллахад  том том барилгын ажил эхэлж, иргэдийн орц, гарцыг хаах, зогсоол олдохгүй байх, ухсан нүхэнд нь хүүхэд унасан тохиолдол ч гарсан. Бид тухайн барилгынханд шаардлага тавихаар Нийслэлээс зөвшөөрлөө авсан дүүрэгт хамаагүй гээд байдаг. Нийслэл дүүргийн нутаг дэвсгэрт барилга, орон сууц, оффисын зориулалттай байр барихдаа ядаж иргэдээсээ зөвшөөрөл, иргэдээс санал авмаар байна.
Баянгол дүүргийн удирдлагууд  жилдээ хоёр  удаа 23 хорооныхоо иргэдтэй  уулздаг. Нэг хороонд л гэхэд хоёр,  заримдаа 3-4  уулзалт хийдэг. Энэ удаа “Намрын нээлттэй өдөрлөг”-өөр 45 удаагийн уулзалтаар 9000 гаруй иргэнтэйгээ уулзсан юм. Иргэдээс хамгийн их ирдэг гомдол хүсэлт бол  гэнэт  ямар ч зохион байгуулалтгүй орон сууц, буудал, пабын зохион байгуулалтаар  байшин барилгууд барьдаг явдлыг  болиулах тухай байдаг. Жишээлбэл,  оффисын  зориулалтаар байшин барих зөвшөөрөлтэй гэсэн хэрнээ олон давхар  орон сууц барьж байна. Тиймээс нийслэл иргэдээ сонсч ажилламаар байна.
 
 
 
-Хотоо хөгжүүлэхийн тулд иргэдийнхээ саналыг сонсох хэрэгтэй.
 
 
-УИХ-ын гишүүн байсан, улстөрчийн хувиар улс орны, цаг үеийн, нийгмийнхээ  байдлыг анзаарч ажигладаг байх. Монголын өнөөгийн байдалд ямар  дүгнэлт хийж байна вэ?
 
-Монголчуудын хамгийн том дутагдал хүнээ мартсан явдал. Бид  материаллаг зүйлд хамаг анхаарлаа хандуулж гоё байшин барилга барихаас тэнд амьдрах хүний тав тух ч юм уу, хүний хөгжилд чиглэсэн ажлуудыг хийхгүй байна. Жишээлбэл, боловсрол гэхээрээ академик боловсролд хамаг анхаарлаа хандуулж, хүүхдийн амьдрах чадварыг орхигдуулдаг. Монгол хүүхдүүд дэлхийн хаана ч очсон сурах чадвар, оюуны хөгжлөөрөө гологддоггүй. Зөвхөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил, багийн ур чадвараараа голлогддог. Тиймээс би 2012 оноос эхлэн “Эх орон-36” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр 36 цагийн дотор хүүхдэд амьдрах ухаан, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа, аюултай нөхцөлд өөрийгөө болоод найз нөхдийгөө аврах гэсэн мэдлэг олгодог. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт 15 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна.
Бид цаашдаа хөгжлийн тухай ярихын тулд  хүний хөгжлөө эхлээд ярьж, тэндээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Монголын хөгжлийн гарц нь хүнээ хөгжүүлэх явдал юм.
 
-Та өмнө нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар түлхүү дуугарч байр сууриа илэрхийлдэг байсан. Тэгвэл Засаг дарга болоод иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад ямар менежмент хийсэн бэ?
 
-Бид зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх, хүний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Жайка, Дэлхийн зөн гэсэн олон улсын байгууллагаас дэмжлэг авч олон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Дүүргийн удирдлагууд  2016-2019 онд “Цахим Баянгол”,  иргэдээ сонсдог, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэдэг жишиг дүүрэг болохын төлөө зорилт тавин ажилласан. Үүний  дүнд  2017 онд “Иргэдэд үйлчлэх төв”-ийг нээж 1800-1222 тоот утас ажиллуулж эхэлсэн. Энэ утас нээгдсэнээр иргэн гэрээсээ, хаанаас ч гомдол санал хэлэх, эрх зүйн мэдээ мэдээлэл авах боломжтой болсон. Үүгээр  чзогсохгүй таны амьдарч буй орчинд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал тохиолдвол зургийг нь аваад цахимаар явуулахад бид тэр дор нь хариу өгч ажиллаж байна. Ингээд утсаар, цахимаар холбогддог боллоо. Тэгтэл газар дээр нь очиж шийдвэрлэх олон асуудал тулгарч байна. Үүнийг Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” хэмээх ажлын хэсгийг шинээр байгуулан ажиллууллаа. Үүний үр дүнд олон асуудлыг дүүргийн мэргэжилтнүүд очиж шийдэж байна. Ингэж уулзсанаар иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг сонсож, цаашид иргэдийнхээ амьдралын юун дээр анхаарах вэ гэдэг маш тодорхой гарч ирдэг. Биднийг зарим талаар иргэд маань шүүмжилдэг ч ирж уулзаж, үргэлж санал бодлоо хэлдэг бид түүнийг нь ажилдаа тусгаж ажилладагт талархлаа илэрхийлдэг.
 
 
 
 
-Би зөөлөн дэд бүтцээр зөв менежмент хийж дүүргээ удирдаж байна.
 
 
-Хоёрхон сарын дараа 2020 он гарах гэж байна. Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байсан, мөн Засаг даргаар үргэлжлүүлэн ажилласан хүний хувьд та дүүргийнхээ ирээдүйн хөгжил,  цаашид хийх ажлын төлөвлөгөөг юу гэж тодорхойлох бол?
 
-Иргэдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх гаргаад асуудал шийдэх гэхээр  тэр бүр санаснаар болохгүй байна. Дүүргийн Засаг дарга таван жилийн дараа, 10, 50 жилийн дараа дүүргийн хөгжил ямар хэмжээнд очих вэ гэдгээ тооцоолох боломжгүй байна. Дүүргийн хөгжил тухайн жилийн төсвийн хуваарилалтаас хамаардаг. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө тулгамдсан асуудлуудын таван  хувийг ч шийдэж чадахгүй байна.Нийслэлийн “Ерөнхий төлөвлөгөө”  гэж байдаг ч түүн шиг худал хуурмаг цаас үнэндээ алга. Нэг шөнө л хашаа хатгачихна, нэг шөнө л байрны суурь ухаад эхэлнэ. Цэцэрлэг, сургууль барих газаргүй, явган хүн явах замгүй байхад л орон сууцны зөвшөөрлүүд өгөөд байдаг. Иргэдийн гомдлын дагуу газар дээр нь очиж үзээд ажиллахаар хүн явах ямар ч боломжгүй, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай  байхгүй, иргэдийн санал хүсэлтийг огт авч хэлэлцдэггүй, хоёр давхар байшин байсан газарт 16 давхар байшин барих зөвшөөрөл авчихсан байх жишээтэй. Гэсэн ч бид боломждоо тулгуурлаж ажилладаггүй. Зорилгодоо тулгуурлан хичээж ажилладаг. Дээрээс нь олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж ирсний хүчинд нэлээд асуудлыг шийдвэрлэж чадсан. Цаашдаа ч сэтгэл байвал шийдэл олдоно гэсэн сэтгэлээр ажилласаар байх болно.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин