sonin.mn
Шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ой тохиож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлах үйл явцад тэрбээр Гавьяат хуульч Б.Чимидийн хамт гар бие оролцон зүтгэсэн байдаг. Анхдугаар Үндсэн хуулийн эх баригчаар тухайн үед хоёр хүн ажилласан бөгөөд Б.Чимид, Д.Лүндээжанцан хэмээн тэмдэглэн үлдсэн нь бий. Түүнээс хойш 19 жилийн дараа Үндсэн хуулиа я хоёр дахиа шинэчлэн батлахад эхийг баригчаар нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн ажилласан юм
 
-Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуулиа шинэчлэн баталлаа. Анхны хуулийг боловсруулан, батлалцаж явсан хүний хувьд энэ удаагийн өврчлөлтийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ардчилсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг уламжилж чадсан эсэхэд та ямар хариулт өгөх вэ?
 
-1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл. Монголын нийгмийн сонгож авсан зам. Тусгаар тогтносон бүрэн эрх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг болсон. Харин өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиа орвонгоор нь эргүүлж шинэчлэх бус болохгүй зүйлд тодотгол хийгээд цааш авч явах тухай л ойлголт. Тийм ч учраас Монголын ард түмний хүсэл зориг, тэдний захиалгын үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж ойлгож болно. 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийн төвлөрсөн илэрхийлэл.
Улсын Бага хурлаар гурван удаа, Ардын Их хурлаар 70 гаруй хоног хэлэлцэж байж 430-аад депутатын оролцоотойгоор баталсан ард түмний зөвшилцлийн баримт бичиг. Б.Чимид багш бол Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй бичигч буюу эх зохиогч нь юм. Анх Ардын Их хурлаар хэлэлцэх үед Б.Чимид багшийнхаа хамт Үндсэн хуулийн эхийг баригчаар ажиллах түүхэн хувь тохиол надад тохиосон. Энэ удаад ч Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг хөндөхгүйгээр, улам баяжуулж зохих нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд хийхийн төлөө олон эрдэмтэн судлаач, Үндсэн хууль тогтоогчидтой хамтран ажиллах завшаан тохиолоо.
 
 
Саяын шинэчилсэн хууль өмнөхөө тодотгосон төдийгүй болохгүй болсныг нь засч залруулсан улс төрийн зөвшилцлийн том баримт бичиг болсон гэж би хувьдаа дүгнэж байгаа. Ард түмэн төргүй байж болохгүй. Төргүй улс гэж хаана ч алга. Харин төр нь ямар байх юм гэдэг чухал. Ард түмэн төртэйгөө нийгмийн гэрээ байгуулж, дотроо зохион байгуулалтад ороод хэсэг бүлгээрээ удирдуулдаг буюу төрөө өөрсдөө зохион байгуулдаг. Төр гэдэг зохион байгуулагдсан ард түмэн. Эрх мэдлийн уг сурвалж нь ард түмэн байдаг.
 
 
Тэгэхээр ард түмэн эрх мэдлээ ямар төрд өгөх вэ гэдэг асуудал бий. Энэ тухайд 1991-1992 онд Монголын ард түмэн парламентын засаглалтай төрөөр удирдуулъя гэж сонголт хийсэн. Ингэснээр Монгол Улс Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчтэй, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ буюу парламенттай, түүнээсээ Засгийн газраа уламжилж байгуулдаг. Орон нутгийн өөрөө удирдах ёстой, хараат бус шүүхтэйгээр төрийн эрх мэдлээ хуваарилж байгуулсан юм. Үүнээс хойших 28 жилийн хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн тухайд нийгмийн хөгжпийг дагаад зарим согог үүссэн.
Төрийн машин гацаагүй, зогсолтгүй ажиллаж байж улс орноо хөгжүүлэх ёстой. Гэтэл нэг дороо хий эргээд, явж чадахгүйд хүрсэн учраас ард түмэн сайн төртэй байхыг хүсч байна. Ерөөсөө сайн төртэй байх эрэл хайгуулыг дэлхий даяар хийсээр л байгаа шүү дээ. Манай улсын хувьд гайгүй сайн төрийг сонгож авсан боловч дотор нь хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд согог байгаа учраас ард түмний хүсэн хүлээсэн төр болж чадахгүй байна. Тэгэхээр ард түмний хүсэл санаанд төрөө нийцүүлэх үүднээс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнээс Үндсэн хуулиа, хүний эрх, эрх чөлөөг тунхаглалаа гээд бүх зүйл сайн сайхан болчихдог юм биш. Гагцхүү сайн хууль гаргаж, түүнийг амьдралд хэрэгжүүлсэн цагт хүний эрх, эрх чөлөөг хангах юм. Үүнийг хангах механизм буюу хүрд, араа нь хоорондоо харшилдаад байсныг засах чиглэлээр бид сая дорвитой өөрчлөлт хийсэн.
 
-Дорвитой гэж тодорхойлсны хамгийн том үндэслэл нь юү вэ. “Үндсэн хуулиас үүдэлтэй” гэх тодотголтойгоор шүүмжилж ирсэн олон асуудал бий. Эдгээрийг шийдэх чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд цаашид хэр ахиц гарах бол?
 
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дорвитой гэж ам бардам хэлнэ. Төсвийн болон байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын асуудлаар, УИХ-ын хариуцлага, сахилга баттай холбоотой чухал өөрчлөлтийг хийсэн. Цаашлаад олон жилийн турш шүүмжилсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг хязгаарласан. Чуулганы үргэлжлэх хугацааг уртасгаж, хууль батлах ирцийг өндөрсгөлөө. Улс төрийн намын асуудлаар түүхэн заалтыг оруулсан. Сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулахгүй гэж заасан нь энэ хууль цаашдаа тогтвортой үйлчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
 
 
Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ-ыг тараах механизмыг суулгаж өглөө. Энэ бол Засгийн газар УИХ хоёрын хувьд маш чухал заалт. Түүнчлэн шүүх эрх мэдэлтэй холбоотой оруулсан заалт нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд чухал түлхэц болно. 1992 оноос хойш буюу олон жилийн турш ярьсан хот, тосгоны эрх зүйн байдалтай холбоотой заалтыг Үндсэн хуульдаа оруулж чадсан.
 
 
Өөрөөр хэлбэл, төвлөрлийг сааруулах, орон нутаг эзэнтэй байх, орон нутагт өөрийн удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүллээ. Энэ бүгдийг органик хуулиар мөрдөөд явахад Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоон дүнгээр 28 хувийн өөрчлөлт гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөдрийн түвшний дараагийн арван жилийг харсан эрэлт, хэрэгцээ, захиалгын хэмжээнд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Өнөөдөр ба ирээдүйн арав, хорин жилийг харсан дорвитой өөрчлөлтийг хийсэн гэж дүгнэнэ.
 
-Үндсэн хуульд оруулсан зүйл, заалт бүр чухал байж таарна. Түүнээс хамгийн чухал нь гэвэл та ямар заалтыг нэрлэх вэ?
 
-Парламентын засаглал талдаа том алхам хийсэн. Дэлхий дээр Ерөнхийлөгчийн болон парламентын, холимог гэсэн засаглалын гурван хувилбар бий. Манай улс парламентын сонгодог засаглал руу орж чадаагүй байсан. Энэ тухайд том алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, парламентын сонгодог засаглалын нэг онцлог нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг. Энэ зохицуулалтыг бид Үндсэн хуульдаа тусгаж чадлаа. Кабинетаа өөрөө бүрдүүлээд хариуцлагаа хүлээдэг болж байна. Түүнчлэн сонгодог засаглалын нэг онцлог нь Ерөнхий сайд УИХ-ыг тараах эрхийг хэлдэг. Энэ заалтыг аваагүй. Тиймээс ‘‘хагас дутуу өөрчлөлт" гэж шүүмжлээд байгаа юм. Угтаа тийм биш. Нэг ёсондоо энэ бол Монголын онцлог, загвар. Ерөнхий сайдад хэт их эрх мэдлийг төвлөрүүлж болохгүй. Учир нь, Монгол Улс ганц танхимтай, цөөхөн гишүүнтэй парламенттай. Ийм тохиолдолд Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцох гэхээр парламентаа тараах гээд шантаажлаад барьцаалаад байвал болохгүй шүү дээ. Ийм учраас үндэсний аюулгүй байдлын эрх ашиг талаасаа дээрх заалтыг аваагүй. УИХ бол Монголын ард түмний сонголт байтал шантаажинд ороод тараагаад байж болохгүй биз дээ. Үүнийг л монгол загвар, Монголын онцлог гээд байгаа юм. “Хагас дутуу” өөрчлөлт гэж шүүмжпээд байгаагийн нэг шалтгаан нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар тусгах байсан гээд байгаа юм. Энэ тухайд ч Монголын онцлог бий. Тухайлбал, ганц танхимтай парламенттай учраас Ерөнхийлөгчийн хориг тавих эрх байх учиртай. Өөрөөр хэлбэл, үнэхээр алдаатай буюу үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэрийг УИХ-аас гаргачихвал түүнд хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарласан. Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгодог байхаар Үндсэн хуульдаа зааж өглөө. Энэ бол улс төрийн намдаа барьцаалагдахгүй байхаас сэргийлсэн нөхцөл. Парламентад хяналт тавих, тэнцвэржүүлэх үүрэг Ерөнхийлөгчид байх ёстой юм. Заавал бусдын адилаар, яг энэ улс шиг гэж дуурайх шаардлагагүй. Монгол Улс Үндсэн хуулийн тухайд дэлхий нийтийнхтэй ижил түвшинд байгаа.
 
-Үндсэн хуультай холбоотойгоор хамгийн их ярьж, шүүмжилдэг сэдэв нь 2000 онд оруулсан ч “дордуулсан” гэх долоон өөрчлөлт. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ тухайд хэр ахиц гарсан бэ?
 
-1999 онд анх нэмэлт, өөрчлөлт оруулаад Цэцэд унасан байдаг. Ингээд 2000 онд ямар ч үг, үсгийн засваргүйгээр өөрчилсөн. Үүнийг би муу өөрчлөлт гэж үздэггүй. Гэхдээ засах зүйл байсан. Тухайн үеийн өөрчлөлтийг хийгээгүй бол улс төрийн нам сонгууль хийх шаардлагагүй шахуу болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа мэддэг болчихсон байв. Тиймээс үүнийг сонгууль хийсэн намтай нь холбож байж үүссэн гацааг арилгаж чадсан. Үүгээрээ дэвшилтэт өөрчлөлт болсон гэж хэлнэ. Үүний нөгөө талд хууль батлах ирцийг хэтэрхий багасгасан, “Давхар дээл’’-ийг хязгааргүй тавьсан. Энэ мэтээс үүдээд 2000 оны өөрчлөлтийг “дордуулсан" гэх тодотгол дагах болсон. Энэ мэтийг бид засахаас аргагүй болсон юм. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр зургааг нь авч үзсэн. Нэгийг нь орхисон. Учир нь, улс төрийн намын бүлэг бүрээс УИХ-д нэг дэд дарга байна гэж заасан байдаг. Үүнийг бид дордуулсан заалт гэж үзээгүй. Аль ч улсын Үндсэн хууль болон бусад хуульд олон намын тогтолцоотой үед намын бүлэг байгуулах эрхтэй байдаг. Одоогоор манай улсад наймаас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулах бөгөөд УИХ-д нэг дэд дарга байна гэж заасан. Үүнийг сөрөг үр дагаваргүй заалт гэж үзсэн учраас хөндөөгүй. Үлдсэн зургааг нь тодорхой хэмжээнд авч үзээд засч сайжруулсан. Дээр дурдсанчлан “Давхар дээл”-ийг бүрэн тайлж чадаагүй ч УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэж заасан. Хууль батлах босго 19 гишүүн байсныг 39 болгон нэмэгдүүлсэн гэх зэргээр бүгдийг нь ямар нэг хэмжээнд авч үзсэн. 
 
-Байгалийн баялаг ард түмний өмч байна гэх чухал заалтыг Үндсэн хуульдаа тусгасан. Үүний илрэл нь ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ажил гэж ойлгож болох уу? 
 
-Тэгж ойлгож болно. Байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд оногдож байх заалтыг оруулсны нэг илрэл нь зорилтот бүлэг буюу ахмадуудад чиглэсэн арга хэмжээ мөн. Үүнийг халамжийн бодлого гэхээсээ байгалийн баялгийг ард түмэнд хүртээх талаас нь харах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” ажлыг бүхий л хүч, хөдөлмөрөө эх орондоо зориулсан ахмадуудаасаа эхэлж байгаа нь буруу зүйл биш.
 
-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Амьдралд хэрэгжүүлээд эхлэхээр 2000 оных шиг сөрөг реакц хэр их гарах бол. Хэр урт настай өөрчлөлт болсон та хэлэх вэ?
 
-Үндсэн хуулиа өөрчлөх үйл явцыг Монголын ард түмэн харж байсан. Одоо хамгийн чухал дагалдан гарах хуулиудаа чанартай батлах явдал. Ард түмний бодож хүссэнээс гадна Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийнхөө гол үзэл санаа болон 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлж гаргах асуудал маш чухал. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиа өөрчлөхдөө “Органик буюу дагалдан гарах хуулиудыг сайн гаргаж зохицуулж болно” гэж найдсан боловч харамсалтай нь тухайн үеийн улс төрийн намууд нь гуйвуулаад хүсдэггүй байсан учраас хэрэгжүүлж чаддаггүй байсан. Тийм ч учраас Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийхээс аргагүй байдалд хүрсэн. Одоо гагцхүү дагаж гарах хуулиудаа чанартай гаргаж байж үр дүнд хүрнэ гэдгийг онцгойлон хэлье. Хэрвээ муу хийх юмуу хуулиа дагаж мөрдөхгүй бол буруугаа Үндсэн хууль руу чихдэг өмнөх дутагдал хэвээр үлдэх сөрөг талтай. Тэгэхээр дагаж гарах гол хуулиудыг батлах учраас энэ хаврын чуулган маш ачаалалтай болж таарна. Цаашлаад сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ уламжилж аваад үлдсэн хуулиудаа сайн гарах хэрэгтэй. 2016-2020 онд ажилласан энэ УИХ түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үүргээ ирэх жилүүдэд нэр төртэйгөөр үргэлжлүүлж дуусгах хэрэгтэй. Шинэ бүрэлдэх УИХ Үндсэн хуульт ёсондоо үнэнч байж, хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж чадахгүй бол хэврэг парламент болно. Хууль эрх зүйн шинэ орчинд ажиллах учраас үүрэг, хариуцлага өндөрсөнө. Тийм учраас шинээр бүрэлдэх парламентын өмнө эрх зүйн томоохон шинэчлэл хийх түүхэн үүрэг ногдоно. Эцсийн эцэст Үндсэн хуульд гурван зорилго л бий. Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, Монгол Улсаа урагш хөгжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх. Үүний тулд л төр ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр үүний төлөө ажилладаг төрийг боловсронгуй болгоё, хяналт тэнцлийг нь хангая л гэж байгаа юм. Эрх мэдэл нь тэнцвэртэй, хариуцлагаа ч тооцож чаддаг механизмыг хангачихвал аяндаа хүний эрх, эрх чөлөө хангагдана. Улмаар сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэх юм. Миний хувьд ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Ийм хууль гарсан учраас гарцаагүй хариуцлагатай Засгийн газар, УИХ байгуулагдана гэж бодож байна.
 
-Монгол Улс 19жилийн дараа Үндсэн хуулиа шинэчлзн баталсан түүхэн он болж өнгөрлөө. Энэ нэмэлт, өөрчлөлтийг практикт хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь дагалдах хуулиудыг чанартай батлан гаргах явдал. Таны хувьд энэ ажлын хэсгийг даргалан ажиллаж байгаа. Дагалдах хуулиудыг боловсруулах ажил ямар шатандаа явна вэ?
 
-Тодхон санаж байна, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг баталсан. Үүний дагуу эхний ээлжид хэд хэдэн хуулийг яаралтай батлан гаргах үүрэг тухайн үеийн Улсын Бага хуралд ногдож байлаа. Тэр үед би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байлаа. Улсын Бага хурлаас батлан гаргасан хуулиудын 70-80 хувийг манай байнгын хорооноос боловсруулж байв. Ийм цаг үе өнөөдөр давхцаж байна. Одоогоор нэр зааж оруулсан 45 хууль, тогтоомж байна. Бусад гэдэгтэйгээ нийлээд 100 гаруй хуулийг эргэж харж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага үүссэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрдөх хуулиудын талаар УИХ-аас тогтоол гаргасан. Энэ нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай юм. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх хуваарийг хавсралтаар баталлаа.
 
-Энэ парламентын бүрэн эрх дуусахад ганцхан чуулганы хугацаа үлдээд байна. Үүнээс өмнө яаралтай батлан гаргах шаардлагатай хэр олон хууль байна вэ?
 
-УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагажуулах чиглэлд томоохон өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар батлахаас аргагүй. Учир нь, Хянан шалгах түр хороо байгуулах, хууль батлах босго тогтоох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Ард нийтийн санал  асуулга  явуулахтай холбоотойгоор зургаан хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаа юм. Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тухайхуулийншинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар мөн батална. Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөрдөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулна. Цаашлаад Улс төрийн намтай холбоотойгоор Улс төрийн намын тухай болон санхүүжилтийн тухай хуулийг 2020 ондоо багтааж гаргана, энэ нь шинэ хууль байх юм. Эдгээр өөрчлөлтийг 2021 он хүртэл ээлж дараатайгаар хийхээр ажиллаж байна. Мөн шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх чиглэлд томоохон өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд ШЕЗ-ийг хэрхэн байгуулахаас гадна Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг шинээр гаргана. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн.байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн нутгийн удирдлагатай холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Үүний хүрээнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчилж боловсруулна. Мөн Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг тогтоох хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хууль бий. Эдгээр хуулийг эхний хагас жилд ярих учиртай юм. Үүнээс харахад 2020, 2021 он Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэх жил байх нь.
 
-Олон жил ярьсны эцэст Үндсэн хуулиа өөрчилсний ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
 
-Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн гол ач холбогдол нь монголчууд суурь хууль буюу нийгмийн гэрээ болсон хуульдаа үнэхээр санаа тавьдаг юм байна гэдгийг олж харлаа. Нэг хэсэг нь Үндсэн хуулийг дордуулж, бүр халдаж болохгүй гэж байхад нөгөө нь Үндсэн хуулийг орвонгоор нь эргүүлэх, дорвитой өөрчилж, засаглалын хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй ч гэж байлаа. Энэ хооронд хүмүүс эргэцүүлж бодсон байх. Манай Үндсэн хууль бол сайн хууль. Нийгмийн хөгжлийн жам ёсыг дагаад зарим нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой шүү гэдгийг ухаарсан хэдэн жил өнгөрлөө. Үүний дүнд Үндсэн хуулиа бүрэн дүүрэн биш ч ойлгох гэж хичээсэн он цаг байлаа. Нөгөө талаар бид Үндсэн хуулиа өөрсдөө судлах ёстой юм байна, утга санааг нь сайн мэдэх ёстой юм байна гэдгийг дээр дооргүй ухаарлаа. Тийм учраас цаашдаа Үндсэн хуулийн боловсролыг дээшлүүлж, ач холбогдлыг нь олон нийтэд таниулахад их ажил хийх шаардлагатай. Үндсэн хууль боловсруулан, батлах гэдэг үнэхээр ярвигтай ажил. Цөөхөн хэдхэн нэмэлт, өөрчлөлт хийхэд ямар их цаг хугацаа зарцуулдгийг та бид харлаа. Тэгвэл нийгмийн нэг тогтолцоо нөгөөд шилжиж байсан тэр үед бид ахар богино хугацаанд Үндсэн хуулиа баталж чадсан. Энэ ажлыг хийхэд гар, бие оролцсон бүх хүнд, тэдний ар гэрийнхэнд төдийгүй  Ардын их хурлын депутатууд, Улсын Бага хурлын гишүүд, үе үеийн Тамгын газрынханд, бидний ард ажилласан эрдэмтэн мэргэддээ Үндсэн хуулийн өдрийн мэндийг дэвшүүлье. Үндсэн хууль батлалцсан хүмүүсээс нэг хэсэг нь бурхны оронд очсон. Тэдний ар гэрийнхэнд ч мөн мэнд дэвшүүлье.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин