sonin.mn
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр.
 
Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай
 
Монгол Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна.
 
1. Монгол Улсын Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-рт зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ Сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.
Сонгуулийн Ерөн­хий хо­рооны дарга Ч.Содном­цэрэн “ …Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын  дурын асуудал биш, харин санал өгөх боломжийг хангах хууль эрх зүйн зохи­цуу­лалтыг заавал шийд­вэр­лэх үүрэгтэй. Тэгээд ч иргэдийнхээ Үнд­сэн хуулийн эрхийг хүндэт­гэж дээдэлсэн бол тэдний санал өгөх боломжтой тог­тол­цоогоор сонгуулийг явуу­лах хэрэгтэй байсан. Ер нь одоогийн Сонгуулийн хуулиар ч гадаадад байгаа иргэд санал өгөх боломжтой байгаа юм.
 
 
Монгол Улсын за­рим иргэд гадаадад ажил­лаж, сурч, амьдарч байгаа нь тэдний буруу биш ээ. Монголын төр иргэн бүрийнхээ төлөө, тэдний  ажиллах, амьдрах боломжийг тэгш хангасан бол иргэд маань гадаад руу яваад байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрх­лэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэхүйц орлого олдохгүй, амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа зэрэг бодит шалтгааны улмаас гадаадад байгаад нь тэдний эдлэх улс төрийн эрхийг нь хасч болохгүй билээ. 
 
 
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа бүх иргэд Мон­гол Улсын иргэд бөгөөд тэдний иргэний эрхийг хасаагүй. Тэд Мон­гол Улсдаа байгаа бүх иргэдийн адил Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулиар тогтоосон “Сон­гох, сонгогдох эрх”-ээ хэ­нээр ч заалгахгүй эдлэх ёстой билээ.  Гадаадад байгаа иргэдийн сон­гуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуу­лийг ноцтой зөрчиж байна.
Олон улсад хүний эр­хийг дээдлэх суурь зарч­мыг биелүүлэх, дагаж биелүүлэх хандлага шинэ дээд түвшинд оччих­сон байхад Монгол Ул­сын хууль тогтоох дээд байгууллага-Улсын Их Хурал иргэдийнхээ “Сонгох, соногдох” Үндсэн хуулийн эрхийг хассан заалттай хууль баталж байгаагаараа ардчилал, хүний эрхийг дээдлэн хүндлэх, сахин биелүүлэх зарчмаас ухарсан, ард иргэдийнхээ Үндсэн хуулийн эрхийг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж байна.
Монгол Улсын нийт иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх ёстой хуулийг нэг нам, улс төрийн хүчний явцуу эрх ашгийн үүднээс хэлэлцэж батлана гэдэг байж болшгүй асуудал мөн.
Монгол Улсын иргэдээ төрд төлөөлөх үүрэг хүлээж, төрийн хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа УИХ-ын ги­шүүд атлаа гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа 200 гаруй мянган иргэдийнхээ эсрэг, тэд­ний Үндсэн хуулийн халдашгүй эрхэд халдсан хууль гаргана гэдэг яаж ч зөвтгөж боломгүй зүйл.
Үүнийг засч залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, түүнийг зөрчсөн зөрчлийг арилгах үүрэг Цэцэд ногдож байна.
 
2. Улсын Их Хурал Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29-р зүйлийн  29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлд­сэн нь шүүхээр тог­тоогд­сон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн Үндсэн хуулийн “Сонгох, сон­гог­дох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн Хуу­лийн Цэцийн 2008 оны 5-р сарын 14-ний өдрийн 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулс­наараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүү­гийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Ул­сын Их Хурлын гишүү­нээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуу­лийн зөрчлийн шинжийг  агуулсан байна.”, “Монгол Улсын Их Хурлын Сон­гуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь … да­раахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх“ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг Улсын Их Хурал Үндсэн Хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуулинд зааж тогтоосон хүний “Сонгогдох эрх”-ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.
 
 
Улсын Их Хурал ийм заалттай хууль гаргаж байгаа нь улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөн, тодорхой зарим хүмүүсийг сонгуульд оруулах эрхийг нь хүчээр цуцлахын төлөө хийж байгаа улс төрийн тооцоо, иргэдийг бүх насаар нь яллаж байна гэсэн ард иргэдийн санал шүүмжлэл ч үнэний хувьтай юм байна гэж үзэхэд хүрч байна.
 
 
Авилга, албан тушаа­лын хэрэг ноцтой ч, иргэ­дийн амь бие, аюулгүй байдал, төрийн тусгаар байдалд нэн хор аюул учруулдаг хүн амь, хүчин, дээрэм, эх орноосоо урвах, төрийн нууцыг зад­руу­лах мэт олон хэргүүдийг авч үзээгүй, Мон­гол Улсыг саарал жагсаалтад оруулсан  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их мөнгө, валют, хар тамхины хэргүүдийг огт дурдахгүй, ганцхан “албан тушаалын” гэх хэргийг онцолж байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн, хүний эрх эрх чөлөөнд халдсан ийм  хууль гаргасан нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй, Монгол Улс нэгдэн орсон хүний эрхийн Олон улсын гэрээ, Конвенци, Хүний эрхийн түгээмэл Тунхаглал, тухайлбал, “Иргэний  болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ыг ч зөрчсөн байна.Энэ Пактад Монгол Улс 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, түүнийг 1974 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан. Одоогийн байд­лаар Пактыг 74 орон үзэглэж, 167 орон соёрхон баталсан байна. Энэхүү Пакт нь хүний амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, улсаа удирдахад шууд болон сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох, хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш байж хамгаалуулах, амьдран суух газраа чөлөөтэй сонгох зэрэг хүний  иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг багтаасан, хүний эрхийн суурь зарчмуудыг агуул­сан, дэлхийн хамтын нийгэмлэгийн удирдлага болгон биелүүлж ажилладаг баримт бичиг билээ. Улсын Их Хурал  нь Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, шинэч­лэн найруулж  Монгол Улсынхаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ сонгуульд санал өгүүлэхгүй хууль гаргаснаар Пактын 25-ын Б-д “…Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хү­сэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох…”, мөн Пактын 2 дугаар зүйлийн 2.1-д “…Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ  болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний  буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгавар­лахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй”, 2.2-т “…Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй бол энэхүү Пактад оролцогч улс бүр Үнд­сэн хуулийнхаа журам болон энэ Пактын заал­тад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй”гэсэн заалтуудыг шууд зөрчсөн байна.
Монгол Улсын Их Хур­лаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлан гаргасан Сонгуулийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.9-р заалтууд, Монгол Улсын Нэгдэн орсон олон улсын хүний эрхийн Конвенци, Пакт, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг тус тус зөрчиж байгаа тул,
 
1. Монгол Улсын гадаа­дад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой “Сонгох, сон­гогдох” эрхийг Сонгуу­лийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай;
2. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү.
 
Өргөдөл гаргасан:
 
Цэрэнхүүгийн Шаравдорж/Монгол Улсын Гавьяат хуульч
Иргэн Дамдиндоржийн Шонхоо.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин