sonin.mn
СИНГАПУР. /TASS/. Малайзын нийслэл хотын дээд шатны шүүх тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эхнэр Розме Мансурт үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж эхэллээ гэж The Star сонин мэдээлжээ. Түүнийг 187 сая ринггитийн /45.5 сая ам.доллар/ авлига авсан хэрэгт буруутгасан байна. 
Нажиб Разакийг Малайзын Засгийн газрыг тэргүүлж байх үед 69 настай эхнэр нь Саравак мужийн хэдэн зуун сургуульд гибрид болон дизель эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялуулсны хариуд “Jepak Holdings” компанийн удирдлагуудаас мөнгө авсан болохыг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд 2016 онд тогтоосон байна. Уг төсөл 1.2 тэрбум ринггит буюу 304.7 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Хэрэв гэм буруутай нь нотлогдвол Розме Мансурт 20 хүртэл жил хорих ял, мөн хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж магадгүй байна.
 
 
2018 оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд Нажиб ялагдсаны дараахан түүний гэр бүлийн хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгаж эхэлжээ. Сонгуулийн дүнг зарласнаас хэд хоногийн дараа Засгийн газрын тэргүүн асан гэр бүлийн хамт Малайзаас гарахыг оролдсон боловч нийслэл хотын нисэх онгоцны буудалд баривчлагдсан байна.
 
 
Малайзын дээд шүүх Нажибын хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-наас хэлэлцэж эхэлжээ. Түүнийг мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг долоон хэрэгт буруутгасан бөгөөд 20 хүртэл жил хорих ял болон ротанга хулсан саваагаар ташуурдуулах бие махбодын шийтгэл ногдуулж магадгүй байна. Үүнээс гадна, хохирлын хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль төлнө.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг