sonin.mn
МАХН-ын VIII Бага чуулганы хуралдаанаар 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох багц асуудлыг хэлэлцлээ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 21 аймаг, дүүргийн Бага чуулганы гишүүд хуралд цахимаар оролцов.
УИХ-ын сонгуульд МАХН Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсч “Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН” болж оролцохоор болжээ. Эвслийн талаарх ерөнхий асуудлыг МАХН-ын ЕНБД Б.Тулга  Бага чуулганы гишүүдэд танилцуулсан юм. Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намаас эвсэл байгуулж оролцох шийдвэрээ ирүүлж, МАХН-ын Бага чуулганы гишүүд дэмжсэнээр цаашид эвслийн удирдах зөвлөл Сонгуулийн ерөнхий хороотой албан ёсны уулзалт хийгээд явах юм.
 
Эвслийн талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Сонгуулийн тухай хуулиар гуравдугаар сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө өгөх ёстой. Энэ дагуу МАХН тодорхой улс төрийн хүчнүүдтэй хамтарч эвсэл байгуулах асуудлыг Бага чуулганаар хэлэлцлээ. МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсч “Та, бидний эвсэл” байгуулж тус бүрдээ хуралдаж шийдвэр гаргалаа. Иргэний зориг ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж шийдвэрээ ирүүлсэн. МАХН-ын Бага чуулганаар дэмжиж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, Удирдах зөвлөлөө баталлаа. Мөн намуудын нэр дэвшүүлэх тоо, квотыг хэлэлцэж тогтсон учраас эвслийн удирдах зөвлөл Сонгуулийн ерөнхий хороотой харилцаад явна. МАХН мөрийн хөтөлбөр дээр олон намтай хамтарч ажилласны үндсэн дээр Иргэний зориг ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намтай эвсэхээр боллоо. Дэмжиж орох намууд ч бий. Монгол хүн, айл өрх, шударга төр засгийг баялгаар нэрлэж Монголын гурван баялаг гэсэн нэртэй мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. Хувь хүн, айл өрх, төр засаг гэсэн гурван хэмжээст, монгол ахуй, хүсэл эрмэлзлэлийг шингээсэн” гэв.
 
 
Мөрийн хөтөлбөрийг МАХН-ын анхан шатны байгууллагуудын дунд өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцсэн бөгөөд эдийн засгийн үндэслэл, эрхүйн гаргалгаа, Үндсэн хуульд нийцсэн эсэхийг онлайн хэлбэрээр удаа дараа санал авчээ. Түүнчлэн намуудаас Ажлын хэсгүүд гарч ажилласан байна. Эвслийн мөрийн хөтөлбөрийн талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан “Улс оронд нүүрлээд байгаа нийгэм эдийн засгийн хямралыг шийдвэрлэхийн тулд төрийн эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоог цэгцлэх шаардлага бий болсон. Үүнийг шийдвэрлэхэд МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам эвсэж мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь нэгдүгээрт ард иргэдээ тавьж иргэний эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох юм. Хоёрдугаарт, нийгмийн үндэс болсон өрх гэрийг бүх талаар дэмжинэ. Гуравдугаарт, ард иргэд болоод өрх гэртээ үйлчлэх төр засгийн байгууллагын тогтолцоог сайжруулж зөвтгөх үндсэн гурван зорилгод тулгуурласан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.
 
 
 
 
Ард иргэдийн дотор залуучууд, хүүхдүүд, ахмад настнуудын эрх ашгийг хамгаалахыг бодитоор эрэмбэлснээрээ онцлогтой. Тэр дунд эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг дэмжих бодлогыг нарийвчлан тусгасан. Эрэгтэйчүүдийн онцлогийг гаргаж эрхзүйн талаас нь дэмжих олон талын шийдлийг олох гэж чармайсан. Өрх гэр бүл дунд өрх толгойлсон аав, ээжүүдийг дэмжих бодлогыг илүү тодорхой тусгалаа. Монгол хүнийг, Монголын ард түмнийг баялаг гэж үзсэн. Төр ард түмнээс үүсэлтэй. Бүх эрх мэдлийнх нь цор ганц үүсгэл нь ард түмэн.
 
 
 
Тиймээс төрийн байгууллагуудын тогтолцоог яаж зөвтгөвөл үндсэн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сайжрах вэ гэдэг гарц гаргалгааг эрэлхийллээ. Өөрөөр хэлбэл, төр ард түмэнд гүйцэтгэдэг тогтолцоог зөвтгөж өгвөл бүх зүйл зөв голдиролдоо орох болно гэдгийг ойлгомжтой, логик гаргалгаатай, эрхзүйн үндсийг тогтоох боломжтой гэдгийг МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдлийг олсон.  Үүний үр дүнд иргэн Монголын баялаг болж, иргэнийг бүрдүүлэгч өрх гэр тайван амгалан байж тэдэнд үйлчилдэг төр засаг найдвартай, хариуцлагатай, баталгаа­тай байх юм.
Эвслийн мөрийн хөтөлбөрийн үр дүнд Монголчууд эв нэгдэлтэй байхыг чармайж, эвтэй байхдаа хүчтэй гэдэг зорилгыг тэргүүн болгохын зэрэгцээ зарчмаасаа ухрахгүй байх учиртай. Бохир мөнгө, татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөн­гөж­сөн хүмүүст тооцох хариуцлагын зарчмаас ухрахгүй” гэсэн юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин