sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний тархалтын улмаас авч хэрэгжүүлж буй эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх шаардлагатай. Энэ арга хэмжээг ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд цуцалвал халдвар дахин дэгдэх аюултай гэж Америкчуудын дийлэнх нь үзэж байна. Энэ тухай “Associated Press” агентлаг болон Чикаго их сургуулийн дэргэдэх олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
 
Судалгаанд оролцогчдын 80 хувь нь онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх хориг тавьсныг зөв гэж үзэж байгаа бол 11 хувь нь үүнийг эсэргүүцжээ. Харин 9 хувь нь төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
 
Түүнчлэн цар тахлын үеэр шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудыг хаалттай хэвээр байлгахыг судалгаанд оролцогчдын 76 хувь нь дэмжиж байгаа бол 10 болон түүнээс дээш хүн оролцсон арга хэмжээ явуулахыг хориглож байгааг 80 хувь нь дэмжсэн байна. 
Эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд цуцлахыг судалгаанд оролцогчдын 56 хувь нь аюултай гэж үзсэн бол 16 хувь нь эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгыг нийгмийн сүлжээгээр эсвэл утсаар 1100 орчим хүнийг хамруулан явуулсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг