ВАШИНГТОН. /ABC/. Цагаан ордон коронавирусний асуудал хариуцсан ажлын хэсгийг энэ сараас эхлэн үе шаттайгаар тараана гэж АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
 
 
 
Цагаан ордны өндөр албан тушаалтнуудын мэдээллийг иш татан “CNN” сувгийн уламжилсанаар, ажлын хэсгийг Дурсгалын өдрийн үеэс тарааж эхлэх ажээ. “Ажлын хэсгийг өөр бүлэг орлох эсэх нь тодорхойгүй байна. Дональд Трампын засаг захиргаа ажлын хэсгийг аажмаар тараах талаар хэлэлцэж байгааг дэд Ерөнхийлөгч Майк Пенс хүлээн зөвшөөрсөн” гэж “New York Times” сонинд мэдээлжээ.
 
 
 
“Муж улсын захирагчид мэргэжилтнүүдээс мэдээлэл авах шаардлагатай тул ажлын хэсгийн гишүүд захирагчид, аж үйлдвэрийн дарга нартай хийх уулзалтад оролцсон хэвээр байна” гэж нэгэн өндөр албан тушаалтны мэдээлснийг “CNN” суваг уламжилжээ. Мөн өөр нэгэн албан тушаалтан, Цагаан ордон эдийн засагт түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байна гэж “CNN” сувагт мэдээлжээ. Цар тахал дэгдсэн үед чухал үүрэг гүйцэтгэж буй доктор Дебора Биркс, Энтони Фаучи нар засаг захиргаанд зөвлөгөө өгсөн хэвээр байх ажээ.
Халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч АНУ-ын олон арван мужид хязгаарлалтуудыг сулруулж эхлээд байгаа юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д мягмар гаргийн байдлаар 1.1 сая хүн халдвар авч, 70 мянга гаруй хүн нас барсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг