sonin.mn
"ШИНЭ ЭВСЭЛ"-ээс нэр дэвшигчдийн "Тангараг өргөх" ёслол өнөөдөр боллоо. Тус эвсэл энэ удаагийн сонгуулийн 29 тойрогт 76 нэр дэвшигчээ сойж байгаа юм. Нэр дэвшигчдийн дотор 15 инженер, 16 эдийн засагч, 12 хуульч, эрхзүйч, улс төр судлаач, 8 эмч, багш байгаа бөгөөд боловсролын зэргээр нь авч үзвэл 2 профессор, 8 доктор, 28 магистер, 31 бакалавр, байгаа юм.
 
УИХ-ын гишүүн, "ШИНЭ ЭВСЭЛ"-ийн тэргүүн Ж.Батзандан энэ үеэр алдагдсан шударга ёсыг эргүүлэн олж авахын тулд шударга хүмүүсийг "ШИНЭ ЭВСЭЛ"-ээс сойж байгааг онцолсон. Мөн шинжлэх ухааны бодлого алдагдсан болон байгаль орчин, экологийн сүйрэл нүүрлэсэн он жилүүдийг залруулахын тулд эрдэмтэн судлаачдыг олноор нь нэр дэвшүүлж байгааг мэдэгдлээ.
 
Тэрбээр “Өмнийн говиос эхлээд Хөвсгөлийн тайга хүртэл, Дорнын говиос эхлээд арын сайхан хангай хүртэл уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны сүйрэл хэрээс хэтэрлээ. Сүүлийн 30 жилийн дотор 3000 гаруй булаг шанд ширгэсэн. “ШИНЭ ЭВСЭЛ” экологийн сүйрлийг зогсоох эх орондоо хайртай, байгаль орчныг хамгаалдаг мэргэжлийн холбоодын төлөөллийг нэр дэвшүүлж байна. Монголын байгаль сэргэх ёстой. Ногоон бодлого хэрэгжих ёстой. Түүнчлэн аж үйлдвэрийн хувьсгал хийж, олон ажлын байр бий болгож байж Монгол хөгжинө. Мянга мянган ажлын байрыг бий болгохоор зориг шулуудсан нэр дэвшигчдэдээ амжилт хүсье" гэсэн юм.
“Тангараг”-ийн гэрээнд “ШИНЭ нам, БНН, МҮАН, Үнэн ба Зөв намын “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс УИХ-ын дугаар тойрогт нэр дэвшигч би Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, Монголын ард түмний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглаж байна. Хэрэв миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдвол эх орон ард түмнийхээ эрх ашгаас урваж, Монгол Улсын хуулийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдож өргөсөн тангаргаасаа няцвал ёсзүйн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахыг андгайлан тангараглаж байна” гэж тусгажээ.