-Капитал болдоггүй “ХУДАЛДАА”-нд хийсэн миний анализ
 
Би эдийн засагч биш, худалдааны эдийн засагч бүр биш. Гэхдээ их сургууль, академид заалгасан бага сага мэдлэг бий. Тэр нь ч үеэ өнгөрөөсөн. Гэлээ гээд эх орныхоо эдийн засгийг хөндлөнгөөс зүгээр хараад сууж чадахгүй, чадах ядахаараа үзэл бодлоо илэрхийлсээр байна. Гаргалгаа зааж өгөх гээд л хэрдээ ухнатаад байна. Энд бичсэнийг тэсэрч дэлбэрэлгүйгээр, анхааралтайгаар хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсье!
 
Ертөнц тэр чигээрээ худалдаа хийж байна. Худалдаагаар амьдарч амьсгалж байна. Хамгийн их худалдаачин улс үндэстэн гэж хүн амын дийлэнх нь лангуу чингэлэг, зах бараадаж ажиллаж орлого олдог Монголыг хэлэхгүй. Энэ тухай гэгээтэй ямар ч мэдээлэл байхгүй. Монгол бол худалдаачин улс үндэстэн биш. 
 
Тэгвэл хэн юм? Европт далайд гарцгүй эх хуурайд түгжигдсэн жижигхэн нэг улс бий. Нэр нь Люксембург! Ёстой гайхалтай. Монголоос хүн ам, газар нутаг, байгалийн баялаг, мал адгуус гэж ярьвал хаана нь ч хүрэхгүй. Гэтэл тэр улс “хамгийн” гэсэн үнэлгээтэй дэлхийд хошуучилжээ. Ийм үнэлгээнд яаж хүрэв ээ? Улсынх нь нийт хүн ам 626 мянга. Лав тал нь, эсвэл талаас илүү нь манайхан шиг зах дээр зогсож хэдэн биендээ бараа зардаггүй бололтой. Тийм зай талбай ч байдаггүй юм байна. 
 
Ганц тайлбар байна. Хийдэг худалдааных нь хэмжээ тэр улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) нь 4 дахин их. Дэлхийн Банк тийм судалгаа гаргаад иржээ. Экспорт, импортынх нь хэмжээ нийлээд үйлдвэрлэсэн ДНБ-ээсээ хол давжээ. Дараагийн байрт Сингапурыг нэрлэжээ. ДНБ-ээсээ гурав дахин давсан худалдаатай. Байгалийн баялаг,газар нутаг, мал адгуус гэж ярьвал манай хаана нь ч хүрэхгүй, бүр цэвэр усны ундрага ч байхгүй. Бас л дэлхийд хошуучилжээ.
 
Тэгвэл Дэлхийн Банкны мэдээлэлд манай улсыг ингэж бичсэн байна. Экспортын бараа үйлчилгээ нь ДНБ-ийхээ 58.66%, импортын бараа үйлчилгээ нь 64.23% гэжээ. Лав хөрш Оросоос давж байна. Аль ч үзүүлэлт нь. Оросын худалдаа ДНБ-дээ 51 хувь буюу тал нь, гэхдээ байр эзлүүлбэл Руанда, Шри-Ланка шиг л улс гэсэн байх юм. Тэгвэл худалдаа нойл заадаг, тун бага худалдаатай улс нь Пакистан гэнэ. ДНБ-ийх нь 22 хувь нь худалдааны нэр төрөл, орон зай. 
 
Монгол маань ийм лут үнэлгээтэй гэдэгт баярлахаасаа илүүтэй яг бодитой нь юу вэ гэдэгт монгол хүн бид л хариулт өгч чадна. Дэлхийн Банк бол бидний өгсөн мэдээллийг л авч дүгнэж байгаа. Гэхдээ нэг их олон тайлбаргүйгээр.
 
Манай экспорт бол ойлгомжтой. Бүх нэр төрлөөр нь задлах хэрэггүй. Урагшаа нүүрс машинаар гарч байна. Тавантолгой эх орныг маань тэжээж байна. Оюутолгой тэжээж эхлэх цаг нь болоогүй гэлцдэг. Ноолуурыг нь хятадууд бараг малчны хотноос нь ирээд авчихдаг. Ноолууран бүтээгдэхүүн гадагш гардаг. Өлөн гэдэс гардаг, гэсгээд цаашаа паг. Монголчууд нүүрсийг л экспорт гэж ойлгодог. Тэр нь угаагаагүй, боловсруулалт хийгээгүй, шороотойгоор хутгалдан гарч байгаа түүхий нүүрс. Хичнээн олон машин хил давна, төдийчинээ экспорт өснө. Тэр нь “58.66%” юм байна. 
 
Импорт бол бас ойлгомжтой. Хэдэн биендээ юм зардаг, зарсаар ханавал хануур нь гүйцсэн улсыг нэрлэ гэвэлМонголыг л нэрлэх байх. Ихэнхдээ урд хөршөөс хүний хэрэгцээний бүх барааг оруулж ирдэг, тэгэхдээ зөвхөн хэдэн биендээ зардаг (ихэнхи нь реимпорт буюу бөөний захаас авч дамжуулан өсгөж зарах), сүүлдээ зарагдахаа ч байчихсан, лав нийслэлээр дүүрэн барааны агуулхан лангуу алаглана, дэлгүүр, түц, чингэлэг ёстой доозоо хэтрүүлтэл овоороод ярайгаад байж байна. “Одоо боллоо!” гэдэг ганцхан үг л лангуучдад хэлэх үлдсэн. Мөн Оросоос оруулж ирж хэдэн биендээ зардаг бензинийг импортын том нэр төрөл гэдэг. Тэр их бензин хэрэглээд улс нь хүчирхэгжин босч ирдэг бол ёстой углуурга нь ханамаарсан. Байдаггүй. Нийслэлээр дүүрэн хувийн машин. Гарлага гэхээс орлогогүй, зүгээр л зугаацал. Машин жолоодож гудамж сэлгүүцэж, зам дээр хэрэлдэж, нервтэж зугаацах үзэгдэл. Монголчуудаас өөр ийм зүйлд баясаж зугаацдаг улс үндэстэн ховор байх. Лангуу дүүрэн бараа, Оросоос ирдэг шатахуун нь нийлээд нөгөө “64.23%” болж буй.
 
Улсын хөгжил, дэвшил гэж нэрлүүлээд байгаа хэмээн дээрхи хоёр процентыг олон монгол хүн итгэж сэтгэж явдаг бол би бүр эсрэгээр байна. Энэ бол хөгжил ерөөсөө биш. Турж үхэхгүй, хөл дүүжлэх унаатай, лангууны ард ажлын байртай, бензиний цонжууд ярайж байгаа чинь хөгжил биш.
 
Хөгжил гэж чи юу шаардаад байгаа юм гэвэл одоо тайлбар хийе. Худалдаачин ард түмнүүд ДНБ-ээсээ олон дахин давсан худалдаа хийж байнаа гэж дээр бичлээ. Тэдний хийдэг худалдаа нь миний энэ нийтлэлийн гарчигт бичээтэй буй капитал юм. Энгийнээр бол хүмүүнд зарагддаг юмс, эрэлттэй юмс. Гэхдээ нэмүү өртөг шингээстэй, тэр хэрээрээ чанартай ба үнэтэй. Люксембургчууд язганатал хөдөлмөрлөөд, 24 цагаар үйлдвэрийн суурь машинууд ажиллаад, бүтээгээд тэр нь тэр чигтээ капитал болоод буй биш, реэкспорт, онлайн худалдаа, мэдлэг тархи оюуны бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, банк, оффшор, бирж гээд бүгд орж байгаа. Бэлэн бараа зарахаас илүү экспортын үйлчилгээ нь голыг нь нугалж байна. Сингапурт энэ бүгд дээр далайн боомтын ачиж буулгах үйлчилгээ, хадгалалт нэмэгдэх байх. Экспорт, импортын бараа ба үйлчилгээ гэсэн байгаа шүү дээ.
 
Нэр бүхий хоёр жижиг улс дээр авч ярихдаа тэдний зардаг, борлуулдаг, гүйлгэдэг худалдааных нь бүх нэр төрөл тэр чигтээ мөнгө, орлого, ашиг болж буудаг учраас ДНБ нь арын эгнээнд гарчихсан, худалдаагаар капитал, хуримтлал хийж босгож болоод байгааг нь бүр зориудаар монголчууддаа санаа сэдэл өгөх гэж тэмдэглэж байна. 
 
Өөр нэг тайлбар байна. Дэлхийн Банк болон Үндэсний статистикийн хороо хоёр жил тутамд Монгол Улсын ядуурлын хувь хэмжээг судалж зарладаг. Хамгийн сүүлд буюу 2018 оны судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь нь сардаа 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэх ангилалд багтаж буй гэжээ. Энэхүү 28.4 хувь болох 904.9 мянган хүн дээр нэмэгдэх эмзэг бүлэг гэж бас байна. Нийт хүн амын 15 хувь. Өөрөөр хэлбэл хүн амын маань 15 хувь ядууралд өртөхөд өнөө маргаашгүй бэлэн зэхээтэй явж байдаг юм байна. Хэрэв тэр 15 хувь нь ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь хэмжээ хүн амынхаа 43 хувь болчих магадлалтай. Миний хувьд “аймшиг”-ийн тоо л яваад байх шиг. Аюул тун ойрхон байна гэсэн үг.
 
Одоо би энэ ядуурал (бас аюул гэчихлээ) гэгчийг нөгөө худалдаатайгаа холбож тайлбарлая. Манай улсын хувьд эмзэг, ядуу хүмүүсийг ядуурлаас гаргахад манай нөгөө “58.66%” ба “64.23%” гэх хоёр процент үйлчлэхгүй юм бол бид энэ хоёр тоогоор яах юм, харж баясах хэрэг байна уу гэх асуултад уншигчид хариул даа.Иргэдийг ядуурлаас маш амархан гаргах, тэгээд тэр нь улсын ба иргэдийн санд капитал болж хуримтлагдахгүй юм бол манайхны энэ худалдаа ямар хэрэгтэй юм бэ? Ядаж ядууралд өртүүлэхгүй гэсэн баталгаа ч болж чадахгүй худалдаа хийж байдаг юм байна, бид чинь. Монгол төгрөг юугаар баталгааждаг юм бэ? Эрээнээс авчирч хэдэн биендээ зардаг (дамжуулан зарах буюу реимпорт) жижиг сажиг бараа, хүнсний худалдааны орлогоор баталгааждаг юм бол, үүнийг чинь гадаад худалдаа гэж хээвнэг нэрлэхэд ичиж үхмээр бус уу? Монголын худалдааг Люксембург, Сингапурынхтай харьцуулах нь ямар ч авцалдаагүй юм байна. Манай худалдаа бол ердөө Африк маягийн худалдаа гэх ангилалд орно. Лав экспортоор нь тэгж жишиж болно. Африк тив бол талбайн хэмжээгээрээ тивүүд дотроо хоёрт, нийт 55 улс орныг нэгтгэн оршин байна, тивийн нийт хүн ам нь 1.3 тэрбум. Харьцуулбаас Ази тивийн Энэтхэгийн хүн амтай тэнцэнэ. XIX зууны II хагасаас эхлэн Африкийг Европын улс орнууд колоничилсон. Их Британи, Франц, Португал, Бельги, Испани гээд колоничлогчдыг нэрлэдэг. Ингэж колоничлосноор Африкийн эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага төлөвшжээ. Ердөө л ашигт малтмал экспортлогч тив. Халуун тив маань байгалийн нөөц баялаг, ялангуяа алт, үнэт чулуу (алмаз), нефть, байгалийн хий, өнгөт металл, бусад гээд жагсаж өгнө, барагдахгүй. Төв ба Дорнод Африкт нь жилийн турш бороо шавшина, чийглэг учраас хөдөө аж ахуй хөгжсөн. Бусад хэсэгт нь ашигт малтмал олборлоно. Улс төр нь ямагт тогтворгүй, авилгад идэгдсэн, байгальтайгаа зүй бус харьцсанаас уул уурхай нь ард түмэндээ нэмэргүй, гэхдээ олборлоод экспортлоод байдаг, өлсгөлөн гуйранчлал, өвчин тахал, байгалийн гамшиг байнга нүүрлээстэй бүхэл бүтэн тив байж байна. Байгалийн баялаг нь Африкт капитал биш, харин аранга, дарамт болчихсон.
 
Манай экспорт, импортын байдлыг ажваас африкийн ядуу буурай орнуудын мөрөөр мөшгиж явах шиг санагддаг. Гэхдээ гэгээтэй үйлс зөндөө байгааг харлуулах санаа надад байхгүй. Явж явж африк шиг болчихов оо гэсэн сануулгаа л хэлж байна.
 
Энэ хүргээд өөрийнхөө нийтлэлийг дуусгаж байна. Одоо https://zen.yandex.ru/ сайтаас “Что продает Монголия?” гэх өгүүллийг товчлон хөрвүүлье. Оросууд маань ингэж боддог дүгнэдэг юм байна гээд ойлгочих. Ажилгүй, залхуу, залхаг монголчуудыг л цаагуураа гөвшөөд тавьчихсан шиг. Дүгнэлт нь гуравхан сая монголд алтан боломж байна, тэд ашиглаж чадахгүй байна!
 
Газар зүйн хосгүй байршилтай, хоёр том аварга биетийн дунд шахагдан орших Монголд хөгжлийн гайхамшигт хэтийн төлөв бий. Нэг талаасаа Орос, Хятад гэх дэлхийн хоёр аугаа гүрний дунд оршин буй Монголын хувьд бүрэн бие даасан бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Нөгөө талаасаа Монголын хийсэн бүтээснийг шингээх асар том зах зээл хоёр талд нь байна гэдэг Монголын хувьд хөгжлийн аугаа их боломж ямагт нээлттэй байнаа гэсэн үг. Монголын эдийн засгийн бодит байдал ийм байна: Дэлхийн дундажтай харьцуулахад эдийн засаг нь өндөр хурдаар хөгжиж байна. ДНБ нь 2000 оноос хойш жилд дунджаар 7-9 хувьтай. Гэтэл гуравхан сая хүнтэй хэрнээ эдийн засаг нь бас хүчтэй хөгжиж өгдөггүй. 
 
 
Яг одоо бол Монголын эдийн засаг ашигт малтмалаас бүрдэж байгаа ба түүнээсээ нэн хамааралтай байна. Ашигт малтмалаа экспортолж, нэмэрт нь ажлаа байраа буй болгодог. Экспорт нь тэнцүү биш, 90 хувь нь Хятад руу, монголчууд хятадад дургүй нь бүхэнд ил хэрнээ тэр бодлоготой нь харшлаад Хятад руу л экспортлоод байдаг. Логикоор бодож үзэх юм бол экспорт нь Орос руу гармаар санж. Гэхдээ Орост ашигт малтмал хахаастай бий, хэрэгцээ нь ч одоо нэг их биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Оросын чиглэлд Монгол нь хувцас хунар, мах, мал аж ахуйн өөр юу ч юм түүхий эдээрээ биш бүтээгдэхүүн экспортолж байна. Гэм нь тэр нь нийт экспортдоо туйлын бага зай эзэлнэ. 
 
Монголын нийт экспорт 7 тэрбум ам.доллар, энэ нь энэ гуравхан сая хүн амтай улсад тун муугүй үзүүлэлт. Экспортын түүхий эд нь аажмаар хөгжиж, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулахад аажмаар нөлөөлж байна. Монголын “Топ 5” экспортын нэр төрөл нь:
 
1. 39% - чулуун нүүрс (2.8 тэрбум доллар)
2. 29% - зэсийн хүдэр (2 тэрбум доллар)
3. 05.5% - түүхий нефть(390 сая доллар)
4. 4.9% - төмрийн хүдэр (340 сая доллар)
5. 4% - малын ноос ноолуур (280 сая доллар) гэжээ.