sonin.mn
Энхтайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд Д.ЗАГДЖАВТАЙ ярилцлаа.
 
-Хонконгийн жагсаал цуглаан коронавирусийн хорио цээрийн дэглэмийн энэ үед ч үргэлжилж, намжихгүй байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё?
 
-Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын ээлжит чуулганы хуралдаанаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай шийдвэрийг баталсан. Энэ нь олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татаж, олон улс орон БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлаа хамгаалах байр суурийг дэмжиж зарим орон шуугиан дэгдээгээд байна. Энэ шийдвэр нь үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тус, Хонконгийн урт хугацааны хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хамгаалах, иргэд оршин суугчдын эрх ашгийг баталгаажуулахад чиглэгдсэн шинжтэй харагдсан. БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас гаргасан шийдвэр нь тухайн хурлын бүрэн эрх, үүрэг хариуцлагын асуудал юм. Энэ шийдвэр цаг үеэ олсон зайлшгүй шаардлагатай тухайн улсын хууль ёсны зарчмын байр суурь, энд Хонконгийн онцгой бүсийн өөртөө засах тусгай эрх, Хонконгийн иргэд оршин суугчидын эрх хөндөгдөөгүй гэж харж байна.
 
-Хонконгийн асуудал анх юунаас үүдэлтэйгээр эхлэв?  БНХАУ Хонконгийн асуудалд хүний эрхийг зөрчсөн эсэх талаар таны байр суурь?
 
-Өнөөдөр Хонконгт Английн баталсан хууль эрх зүйн актууд үйлчилж, Английн иргэншилтэй иргэд оршин сууж, Английн хаант төрөөс томилогдсон төрийн албан хаагчид ажиллаж, бүх насаар нь Английн хатан хааны томилсон шүүгч нар шүүн таслах ажиллагааг явуулж байгааг БНХАУ өнөөдрийг хүртэл хөндөхгүй хүлээн зөвшөөрч ирсэн. Хонконгийн долоон сая гаруй хүн амын 98 хувийг хятад үндэстэн эзэлдэг.
БНХАУ-ын Засаг захиргааны энэ нэгжид 2019 онд Хонконгт “Ялтан шилжүүлэх журам”-ыг БНХАУ-ын Ардын их хурал шинэчлэн баталсантай холбогдуулан Хонконгийн сөрөг хүчний халхавч оролцоотойгоор Америк, Англи, барууны тусгай албад үймээн самуун, жагсаал цуглааныг зохион байгуулж эхэлсэн нь шударга ёсонд нийцэх үү. Уншигч та мэргэн оюундаа олгооно биз. Энд нэг зүйлийг хэлэхэд дэлхий дээр БНХАУ шиг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зарчим олон улсын гэрээ конвенц хууль дүрмийг ягштал мөрдөн хэрэгжүүлж байгаа улс орон цөөн.
 
 
 
Тухайлбал, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт өнөөдөр олон үндэстэн хоёрдогч, гуравдагч орны иргэншилтэй хүн ам олноор оршин сууж ажиллаж амьдардаг. Ер нь нэг улс хоёр систем гэдэг хөгжлийн цоо шинэ загвар хүн төрөлхтний түүхэнд хаана ч, хэзээ ч байгаагүй. Энэ нь БНХАУ, түүний төр нийгмийн тогтвортой оновчтой бүтэц зохион байгуулалт, багцалж хэлбэл Хятадын онцлогтой социализмын давуу тал юм.
 
 
 
Энэ нь дээд зэргийн зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн төлөвлөлт, зах зээлийн хосолмол бүтэц, нийгмийн баталгааны бат бэх бааз суурь, тогтвортой хөгжлийн урт хугацааны тууштай бодлогын хэрэгжилтийн явцад хэрэгжиж байгаа хөгжлийн онцгой загвар юм.
 
-Хонконгийн асуудалд гадны улс орнууд оролцож буйг та юу гэж үзэж байна вэ?
 
-БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн асуудал бол Хятадын дотоод хэрэг. Үүнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг олон улс орнууд уриалсан байгаатай манай улс санал нэгтэй байгаа юм.
 
 
 
Тухайлбал, БНХАУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх бөгөөд Хонконгийн нөхцөл байдал бол Хятадын дотоод хэрэг хэмээн ОХУ-ын тал үзэж байна гэсэн байр сууриа илэрхийлж, АНУ, Их Британи зэрэг орнууд Хонконгтой холбоотой асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оролдсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн нь зүйтэй юм.
 
 
 
Шууд хэлбэл Хонконг бол БНХАУ-ын засаг захиргааны нэг нэгж. Тэгэхээр тэдний дотоод хэргийн асуудал. Үүнд гадны ямар ч улс орон оролцох ёсгүй гэсэн зарчмын байр суурьтай байна. БНХАУ-ын Засгийн газар, Хонконгийн тусгай бүсийн удирдлагууд үүсээд байгаа асуудлыг нэн даруй шийдэх шаардпагатайг Хонконгийн өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна.
 
Д.ЗАЯА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин