sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар пүрэв гарагт цахимаар уулзжээ.
“COVID-19” цар тахал Хятад-Германы төлөөлөгчдийн харилцан айлчлал, хамтын ажиллагаанд нөлөөлсөн хэдий ч хоёр талын хамтын ажиллагаа цар тахлын улмаас зогсоогүй, зогсох ч үгүй бөгөөд цаашид улам бэхжинэ гэж Ли Көцян хэлсэн байна.
Манай улс Хятад-Германы харилцаанд өндөр ач холбогдол өгдөг хэмээн тэрбээр тэмдэглээд, хоёр улсын удирдагчид саяхан утсаар ярьсныг иш татжээ. Бид Герман улстай тэгш байдал, харилцан хүндэтгэсэн зарчимд тулгуурласан улс төр, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан яриа, зөвшилцлийг үргэлжлүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи зэрэг олон салбарын хамын ажиллагааг хөгжүүлж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаа гэж тэрбээр нэмж хэлжээ. Мөн Ли Көцян, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах Хятадын арга хэмжээнүүдийн талаар танилцуулаад, халдвартай тэмцэхэд гаргаж буй Германы хүчин чармайлт нааштай үр дүн үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн цаашид халдвартай тэмцэх туршлагаа харилцан солилцож, вакцин, эм гарган авах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
 
 
 
"Цар тахлын дараа эдийн засгийг сэргээхийн тулд Хятад, Герман олон талт хамтын ажиллагааг хамтран хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, хөнгөвчлөхийг дэмжих хэрэгтэй. Манай улс нээлттэй бодлогоо улам өргөжүүлж, гадаадын компаниудад бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна" гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хэлээд, харилцан нээлттэй байх бодлогыг өргөжүүлэхийг хоёр оронд уриалжээ.
 
 
 
Мөн Хятад улс Европын интеграцийг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд Европын Холбоо /ЕХ/ нэгдмэл байдлаар хөгжин цэцэглэж байгаад баяртай байдаг гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Хятад-Герман, Хятад-Европын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухалыг онцлон тэмдэглэжээ. Герман улс энэ оны хоёрдугаар хагаст ЕХ-г даргална гэдгийг тэрбээр дурдаад, тус улс Хятад-ЕХ-ны харилцааг хөгжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний хариуд А.Меркель, Герман, Хятад ойр дотно, өндөр түвшний харилцаа холбоог тогтоосоор ирсэн гэдгийг онцлон хэлээд, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авахад гаргасан Хятадын хүчин чармайлтыг сайшааж, хоёр орон вирустэй тэмцэх чиглэлд маш сайн хамтран ажиллаж байгааг тэмдэглэжээ.
 
 
 
“Хятад улс нээлттэй бодлогоо тууштайгаар өргөжүүлж байгааг манай улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Хятад улс гарган авсан вакцинуудаа дэлхий нийтэд түгээхийг зорьж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны вакцины судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажилагааг бэхжүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
 
 
Герман, Хятад олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх байр суурийг баримтлагчдын хувьд Дэлхийн худалдааны байгууллагатай холбоотой асуудлуудыг зохицуулах чиглэлд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна гэж А.Меркель нэмж хэлсэн байна.  Мөн манай улс ЕХ-г даргалах боломжийг ашиглан ЕХ-Хятадын өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулахад хамтран бэлтгэж, хэлэлцээнүүдийг үргэлжлүүлж, ЕХ-Хятадын хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийн хэлэлцээг түргэвчилж, Европ-Хятад-Африкийн цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, Герман-Хятад, Европ-Хятадын харилцаанд ихээхэн ахиц дэвшил гаргахын төлөө ажиллана гэж хэлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг