sonin.mn
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Шампейн нар өнөөдөр утсаар ярив.
Сайд нар дэлхий дахинаа "COVID-19" цар тахал дэгдэж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт төсөөлж байгаагүй сорилт авчирсныг, үүнийг даван туулахад хамтран ажиллахын чухлыг онцлов.
 
 
 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цаашид ийм өргөн цар хүрээтэй аюултай тулгарахад улс орнууд хамтран ажиллахад бэлэн байх ёстойг үйл явдал харуулж байна гэлээ. Тэрбээр ДЭМБ-ын ивээл дор Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн алба бий болгох санал дэвшүүлснээ танилцуулж, цар тахлын дараах дэлхий ертөнцөд эрүүл мэндийн аюулгүй байдлын итгэлцэл чухал болно гэв.
 
 
 
Канадын Гадаад хэргийн сайд цар тахлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгтэй санал нийлж байна гээд хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрбээр канадын тал эдийн засгаа сэргээх, олон улсын түвшинд хүнсний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэхэд анхаарч байгааг тэмдэглэв. Канад нь “COVID-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ихээхэн чармайлт тавьж, олон улсын арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.
Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цар тахлын дараах  үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор  өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцлаа.